sonin.mn
2008-2009 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжих бүтэц зохион байгуулалтын арга хэмжээ авсан. Зургаан настай бяцхан иргэд сургуулийн сурагч болсон түүх эхэлсэн. Гэтэл хөдөөгийн багачуул нэн ялангуяа 6-8 настай бяцхан иргэд Зкм-ээс цааш зайнаас сургуульдаа очиж буцаж байна.
 
Манай орны 336 сумын баг айл өрх сургуулиудын байршил тухайн газар орны байрлалаас хамааралтай өөр өөр. Сумдын сургууль малчин өрхийнхөө бүх хүүхдүүдийг дотуур байранд хамааруулахад байр савны хүрэлцээгүй байдаг. Ховд аймгийн Булган сум 10000 гаруй хүн амтай. баруун хязгаарын том суурин.
 
12 жилийн 2 сургуультай, 2460 орчим суралцагчтай. Сургууль тус бүр 120-200 хүүхдийн дотуур байртай ч малчин, тариаланч айлын хүүхдүүд байранд хамрагдах боломжгүй байдаг Мэдээж сургуулийнхаа дэргэд байранд байх боломжгүй хүүхдүүд хичээл сургуульруугаа гүйх болдог.
 
Судалгаанаас үзэхэд сургуулийн сурагчийн ихэнх нь 3-6км-ээс хичээлдээ явганаар ирж буцдаг байна. Хавар намрын дулааны улиралд явган, нүцгэн, унаатай ,унаагүй сургуульдаа яваад байж болно гэж үзье. Харин өвлийн хүйтний улиралд 6 настай бяцхан иргэд явганаар хичээлдээ явна гэвэл хэцүү.
 
Нүд, ам балбасан цасан шуурга, халтиргаа гулгаа, газар хамгаалалт, айл өрхийн торон хашаа гээд тэдний явах замд саад бэрхшээл мундахгүй. Манайд суманд хүн, малруу дайрдаг зэрлэг эзэнгүй нохой ч байдаг. Хөдөөд амьдралын баталгаажих түвшингээс доогуур зөвхөн хүнсний талоноор идэж уухаа залгадаг, хэд хэдэн хүүхэд нь сургуульд явдаг айл өрхүүд ч цөөнгүй.
 
Энэ бүгдээс ургуулан бодоход бага ангийн балчир иргэд сургуульдаа очих буцахад унааны ямар нэгэн туслалцаа дэмжлэг зайлшгүй болж байгааг нийгмийн захиалга гэж үзүүштэй. Төр энэ захиалгыг мэдэрч Улаанбаатар хотын хүүхдүүдийн унааг зхоицуулсан. Харин хөдөөгөө яах вэ гэдэг асуулт хүлээлттэй байгаа.
 
Өнөө маргаашдаа хөдөөгийн бүх сум, суурины хүүхдүүдийг тусгай үйлчилгээний унаатай болгох боломж хараахан байхгүй болов уу. Хөдөө аймаг сумдын сургуулийн хүүхдүүдийг бүгдийг нь биш юмаа гэхэд 6,7 настай,болж өгвөл бага ангийн сурагчдад зориулсан унаатай болох боломж бий. Ямар боломжууд байж болохыг санал болгоё.
 
 
1. Хувь хүмүүс зарим эцэг эхчүүд автобус, жижиг оврын машин унаатай болжээ. Сум баг ,сургуулийн захиргаа эдгээр хүмүүсийн санаачлагыг өрнүүлж сурагчдад үйлчлэх гарц байж болно.
 
2. Багийн ИНХ, засаг даргатай хамтран сум баг хөгжүүлэх сангийн тухайн багт оногдох хэсгээс бага боловч мөнгө гаргаж сурагчдын үйлчилгээнд зориулж болох
3. Буяны байгуулгуудын санал санаачлагыг өрнүүлэх.
 
4. Сум орон нутгийн орлогын зохих хувийг бүр тодруулбал давсан орлогоос хүүхдийн төлөө үйлчилгээнд авч болно.
5. 6-р сарын 1, мартын 8-н, 9-р сарын 1-ний хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр,өгөх өдөр зэрэг томоохон арга хэмжээнүүдийн үеэр хүүхдийн төлөө төрөл бүрийн арга хэмжээ аян өрнүүлж хуримтлал бий болгох 
 
6. Сум багуудын өрх айлуудыг аравт, хорьт, тавьтын системийн хэсгийн зохион байгуулалтанд оруулж сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ унаагаар үйлчлэх боломжуудыг эрж хайх ажлуудыг зохион байгуулж эхэлвэл амьдрал өөрөө баян тул ахиц дэвшил гарах нигуртай.
 
 
Ахмад багш, сэтгүүлч Х.Санак
 
Эх сурвалж: “Ховдын мэдээ” сонин