sonin.mn
"Нарантуул" Олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Албаны эх сурвалжийн мэдээллээр энэ сард багтаж хэргийг эцэслэн шалгаж, дараагийн шатны байгууллагад шилжүүлэх юм гэнэ.
 
Гал гарсан даруйд хохирлын хэмжээг тогтоох ажил өрнөж, өнөөдрийг болтол шатсан захын туурийг аврагч нар ухаж байгаа. Ямартай ч эрүүгийн хэрэг үүсгэгдсэн болохоор шийдэгдэх байх. Харин галын дүгнэлт хэрхэн гарах нь тодорхой бус байна.
 
Шинжилгээний дүнгүүд гарсан ч галын эцсийн дүгнэлт тодорхой болтол эл хэрэг сунжирна гэсэн үг. "Нарантуул" зах шатсан нь гадны нөлөөтэй гэх нэгэн байхад галын аюулгүй байдлыг хангаагүйгээс ингэж хохирол амссан гэх хэсэг ч бий. Олны дунд таамаг мэт дүрэлзсэн эл галын шалтгааныг албаныхан тогтоох байх.
 
Галын шалтгаан ч яах вэ тодорхой боллоо гэхэд түрээслэгчдийн хохирлыг хэн барагдуулах вэ. "Нарантуул"-ын босс гэх УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн амласнаар бол гурван сарын дотор түрээслэгчид гомдолгүй болох юм гэнэ лээ. Гэтэл бодит байдал дээр гал гарснаас хойш сар гаруй хугацаа өнгөрчихлөө.
 
Гал гарах үеэр зарим иргэдийн хадгалсан бэлэн мөнгө шатаж, хохирол дагуулсан. Тэгвэл галд шатсан мөнгөн тэмдэгтийг сольж олгох ажлыг Монголбанктай хэлэлцэж тохирсон мэдээлэл ч байна. Хэлж ирдэггүй, хийсч ирсэн галын аюулд түрээслэгчид төдийгүй захын дотоод ажилчин өртсөн байдаг.
 
53 настай О гэгч галд өртөн амиа алдсан. Хүний амь настай холбоотой хэрэг учраас 201301022504 тоот дугаартай хавтаст хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. Түүнчлэн эл хэрэгт долоон хүнийг сэжигтнээр татаж байв.
 
Мөн 16 хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцаалт авч, гал гарч байсныг харсан болон "Нарантуул" Олон улсын худалдааны төвийн удирдлага менежөр, зохион байгуулагч, ажилчид зэрэг гэрчүүдийг байцаах зэрэг мөрдөн байцаалтын шаардлагатай ажиллагаануудыг цаг алдалгүй шуурхай явуулж өдгөө хэрэг шалгах хугацаа эцсийн шатандаа оржээ.
 
 
Б.Чанцал
 
Эх сурвалж: