sonin.mn
"Ярилцах цаг" буландаа эерэг сэтгэлгээ судлаач, орчуулагч Хадныхан овогт Ц.Донзойг урьж ярилцлаа.
 
 
-Аль нутгийн хүн билээ, та?
 
-Би Баянхонгор аймгийн уугуул, Улаанбаатар хотын суугуул. Зоо техникч мэргэжилтэй, эерэг сэтгэлгээ судлаач, орчуулагч, Хадныхан, хэцүү нэртийн Донзой гэдэг хүн дээ.
 
 
-Хэдийнээс эерэг сэтгэлгээг сонирхож судалж эхлэв ээ?
 
-2000 оноос... Гэхдээ эерэг сэтгэлгээ өөдрөг үзэл бодлоор хичээллэх болсон маань 1999 оноос эхлэлтэй. Ний нуугүй хэлэхэд тодорхой шалтгаан, шаардлага гарсан хэрэг. Тэгээд 2001 оноос эерэг сэтгэлгээ, өөдрөг үзлийн тухай ном бичиж, орчуулж, хамт олон байгууллагын урилгаар лекд уншаад л явж байна.
 
 
-Нууц биш бол эерэг сэтгэлгээ рүү хөтлөх болсон шалтгаанаа сонирхуулахгүй юу?
 
-Шалтгаан бол тодорхой ш дээ. Би чинь зоотехникч учраас амьдралынхаа хэв шинжийг маш муу зохион байгуулж байсан юм билээ. Өглөө гараад л орой ирдэг. Өдөржингөө хоосон явна. Өлсөж байгаад бөөнөөр нь хамаагүй их иддэг.
 
 
Замбараагүй, хөдөөний болхидуу маягийн хүн байж байгаад л өвчилсөн. Их хүнд өвдсөн. Нэг сэргээд харсан чинь эхнэр маань дэргэд, өвдөг нь чичирчихсэн зогсож байсан. Тэр үед л би амьд гардаг л юм бол ах дүү, хамаатан садан, эхнэр гэр бүлийнхнээ зовоож лай удахгүй.
 
 
Ямар ч байсан эрүүл болж хөл дээрээ босно гэж өөртөө тангараг өргөсөн. Тэгээд 1999 онд Шири шири амьдрах ухааны Саранцэцэг багшийн бясалгалд гурав, дээд курст нь дөрөв дахин суугаад л, энэ рүү орох хэрэгтэй юм байна даа гэж бодсон.
 
 
Бас хоолны дэглэм ч барьсан. Одоо 14 хоногт нэг удаа махан хоол идэж, долоо хоногийн нэг дэх өдөр болгон мацаг барьж, хажуугаар нь бясалгалаа хийдэг. 2007 он хүртэл ингэж хичээсний үр дүнд эрүүлжсэн.
 
 
Ялангуяа толгой тархи, ухаан бодол маань эрүүлжсэн. Юмыг сүүдэртэй талаас нь хардаг, бусдыг шүүмжлэх дуртай нэгэн байсан бол өдгөө сүүдэртэй зүйлийг ч гэсэн гэрэл гэгээтэй талаас нь олж харахыг хүсдэг болсон.
 
 
-Яагаад?
 
-Эерэг сэтгэлгээ, өөдрөг үзэл бодлоор хичээллэж амьдарна гэдэг хүнд зайлшгүй байх ёстой, зүйрлэвээс алт мэт чанар байгаа юм. Эерэг сэтгэлгээ, өөдрөг үзлээр амьдарна гэдэг байгалийн жамын дагуу амьдарч байна гэсэн үг.
 
 
Би байгалийн жамын дагуу амьдрахгүй эсрэг амьдраад яах вэ. Мэдээж хүнд эерэг сэтгэлгээ өөдрөг үзэл бодол, сөрөг сэтгэлгээ аль аль нь л байдаг. Гагцхүү 100 хувь байлаа гэж бодоход хэдэн хувьд нь эерэг сэтгэлгээ, хичнээн хувьд нь сөрөг сэтгэлгээ гаргаж байна вэ гэдгээс их зүйл шалтгаална.
 
 
Би ч гэсэн сөрөг сэтгэлгээтэй. Гэхдээ жинлээд үзвэл эерэг сэтгэлгээ нь 60 хувьтай байгаа байх гэж боддог шүү. Үлдэж буй 40 хувь нь сөрөг сэтгэлгээ байна. Би уурлана Хүнд муу үг хэлчихээд дараа нь гэмшинэ. Хүний зуршил гэж бий.
 
 
Зуршил маань биднийг ямар нэгэн үйл явдал руу тэмүүлүүлж, бурантаглаад аваад явчихдаг. Чухам муу зуршил руугаа явж байна уу эсвэл эерэг рүү нь үү гэдгээс их зүйл шалтгаална. Би боддог юм, муу зуршил гэдэг ирээдүйн бив битүү хаалттай хаалга.
 
 
Сайн зуршил гэдэг маш нээлттэй дардан зам руу дагуулдаг. Би энэ талаар их судалж орчуулдаг. Нэг үгээр хэлбэл номын өвчтэй болсон хүн дээ. Ном намайг "хүн" болгосон. Би эерэг сэтгэлгээ, өөдрөг үэлээр хичээллэж байхдаа Ого Мандино гэдэг агуу хүнтэй интернэтээр танилцсан.
 
 
Тэр хүний "Дэлхийн агуу их амжилт", "Дэлхийн агуу их худалдаачин", "Дэлхийн агуу их нууц", "Дэлхийн агуу их нууц", "Шилдэг амьдралын түлхүүр" гэсэн таван цуврал номыг орчуулсан. Өөрөөр хэлбэл "дэлхийн агуу их худалдаачин" гэдэг номыг анх уншсан.
 
 
Тэр ном л намайг хүн болгосон. Түүнээс үндэслээд би ном руу, тодруулбал, эерэг үзэл, хувь хүний өсөлт хөгжлийн тухай ямар л ном байна вэ. Тэр рүү шунган орсон. Хоёр гурван хүний зохиолыг дагнан орчуулсан.
 
 
-Яагаад хоёр гуравхан хүний бүтээлийг онцлох болов?
 
-Тэр хүмүүс маш гайхалтай. Дэлхийн хүн зонд өөрсдийнхөө үзэл бодол, мэргэн сургаалиа хайрладаг. Их энгийн хэн дуртай нь аваад хэрэглэчих боломжтой учраас онцолсон хэрэг.
 
 
Ого Мандино, Жейм Рон, АНУ-ын бизнесийн философийн шилдэг төлөөлөгч, дэлхийн эерэг сэтгэлгээний эцэг гэгддэг Норман, Винсент, Пилл гурвын зураг манай гэрт, миний комьпютерийн дээр өлгөөтэй байдаг. Өглөө босоод л хардаг юм.
 
 
Заримдаа залхуурах шинж ордог байлгүй, өглөө босоод харахаар л намайг шавдуулдаг. Донзой чи залхуурч болохгүй шүү, чи өөрийгөө настай болсон гэж битгий бодоорой.
 
 
Дандаа идэр залуугаараа сэтгээрэй гэсэн юм л хэлээд байх шиг санагддаг. Би ч боломж л олдвол бусадтай уулзаж, сайн сайхныг ярихсан, нулимсаа гоожтол инээх юмсан гэж бодон онголзсон хүн байна даа.
 
 
-Таны яриаг сонсож суугаад бодлоо л доо. Яг энэ чиглэлээр Монголынхоо уламжлалыг судалж үзэв үү. Үг, сэтгэлийн хүчийг бидний өвөг дээдэс аль эрт мэдээд амны билгээр ашдын билэг гэж ярьдаг байсан байна шүү дээ?
 
-Би хүмүүсийг маш их ажиглаж явдаг. Хүнтэй яаж харьцаж байгааг их ажигладаг юм. Өөрөө өөдрөг сэтгэлгээг судалдаг учраас тухайн хүн юунд урамшиж, ямар зүйлд гутаж гуниж байна вэ гэдгийг бодож үздэг. Заримдаа гудамжаар явж байхдаа дасгал хийнэ.
 
 
Зөрж буй улсуудыг хараад байхад зарим нь хөмсгөө зангидсан, уурлаж уцаарлан ядарсан шинжтэй, зарим нь хөгжилтэй байгааг нь мэдэрдэг. Хүмүүс рүү хараад инээгээд алхаад байхаар хүмүүс гайхаж харна. Таньдаг хүн юм болов уу гэж эргэлзэнэ. Заримдаа харц тулгардаг.
 
 
Зөрж өнгөрөөд эргээд харахаар харц мөргөлдөх ч тохиолдол бий. Эргээд харахаар нь би инээж нүдээ ирмэдэг. Хүнтэй яаж харьцаж байна вэ, тэрнийгээ л эргүүлж авдаг. Хэрвээ би хүн рүү муухай харц чулуудаж муу үг хэлбэл тэр хүнээс муу л үг сонсоно.
 
 
Амьдралын жишээ ч бий шүү дээ. Өөрөөр хэлбэл, би чамд маш гоё нэг энерги өгнө. Тэр энергиэ чамаас хоёр дахин үржүүлээд авчихдаг. Үнэхээр ашигтай бизнес. Эерэг сэтгэлгээний бизнес гэж хэлж болно. Хүн болгон энэ тухай боддог ч амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэхээ төдийлөн сайн мэддэггүй.
 
 
Би “Та чин сэтгэлээсээ инээмсэглэ" гэж ном бичсэн юм. Номон дээр маань миний зээ хүү, дэлхий ертөнц дүүрэн дэврүүн сайхан инээнэ гэж бичсэн. Би энэ номыг хүмүүс инээмсэглэх, инээхийн ач холбогдлыг мэдээсэй гэсэндээ бичсэн юм. Хүн болгон л инээх ашигтай гэдэг. Ингэхэд чи, яг ямар ашигтайг нь мэдэх үү?
 
 
-Залуужуулдаг бодис ялгардаг гэсэн байх аа?
 
-Тодорхой мэддэггүй л байхгүй юу. Уурлаж уцаарлах хортой л гэдэг. Яг ямар хортойг нь бас л нарийн мэдэхгүй. Тиймээс би номон дээрээ инээхийн ач тусыг физилогийн талаас нь өгүүлсэн юм. Яагаад гэвэд би зоотехникч мэргэжилтэй хүн. Биднийг сургуульд сурч байхад физилоги маш сайн үзсэн.
 
 
Би хүмүүстэй уулзаж учрахдаа асуудаг юм. Чиний нүүрэнд хэдэн булчин байдаг вэ гэж... Хүний нүүрэнд 80 булчин байдаг. Тэрнээс хөмсөг зангидахад төдийд 66 булчин нь аймшигтай ихээр агшдаг. Булчин агшихаар судас нарийсна. Дотуур нь гүйх цусны хэмжээ багасна.
 
 
Тархи руу очиж буй судасны цусны хэмжээ багасахаар хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг. Тэгээд л хүний тархи толгой өвдөж бүр хүндэрвэл тархинд цус харвадаг. Үлдсэн 14 булчин нь хүнийг маш гоё инээхээр аймшигтай агшсан 66 булчинг сулруулаад эхэлдэг.
 
 
Тэр хэрээр судасны хэмжээ өргөсөж тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ ихэсч хүн тайвширдаг. Инээх, уцаарлахын учир энэ шүү дээ. Нөгөө нэг нууц нь хүн инээхээр индаксин гэдэг бодис ялгардаг. Нүүрэндээ ямар нэг будаг шунх түрхэх шаардлагагүйгээр нүүрийг толийлгож өгдөг ач тустай бодис байгаа юм.
 
 
Бас хүүхдүүд, томчууд яаж инээдэг вэ гэдэг их сонин судалгаа байдаг юм билээ. Тухайлбал, зургаа хүртэлх насны хүүхэд өдөрт 300 удаа, 45 хүртэлх насныхан 14 удаа инээдэг бол 50-аас дээш насны хөгшчүүд өдөрт дөрөвхөн удаа инээдэг гэж байгаа юм.
 
 
Эндээс инээмсэглэд ямар чухал болох нь харагдаж байгаа биз. Инээмсэглэл гэдэг өөдрөг үзэл бодлын гол түнш нь. Би захиалгаар олон газар очиж лекц уншдаг. Нэг удаагийн лекц 90 минут орчим л болдог.
 
 
Тэр хугацаанд би өөрийнхөө бүхий л сайн сайхан энергийг өгдөг. Ганцаараа, 40-50 хүнд лекц уншлаа гэхэд 100-200 энергийг тэр улсуудаас авчихдаг. Бизнесийн ухаанаар бодвол маш ашигтай бизнес. Тийм ч учраас би энэ рүү шунган орсон хэрэг.
 
 
-Өдөр болгон л өөр өөр хүмүүстэй уулзах нь миний мэргэжлийн онцлог. Ажаад байхад хүмүүс их гутрангуй, бухимдангуй байх болсон юм билээ. Гэхдээ өнөөдөр тантай уулзсаных, өнөөгийн нийгмийг хэрхэн харж, дүгнэдэг вэ гэж асуумаар санагдчихлаа?
 
-Хүмүүс бидэнд стресс маш их ирж байгаа. Тэрнийг л бид даван туулах учиртай. Угаасаа хүрээлэн байгаа орчны нөлөөлөл их чухал л даа. Хүмүүс бидний аз жаргалтай амьдрах эсэхэд хүрээлэн байгаа орчны нөлөөлөл их.
 
 
Энэнээс болоод бид нарын аз жаргалтай байх эсэхээ шийдэх хүмүүсийн бүр тодруулбал, таван хүн тутмын дөрөв нь өртөөд яваад байдаг. Өөрийнхөө аз жаргалыг зохион бүтээх, аз жаргалтайгаар харьцах учраа олж чаддаггүй.
 
 
Зөвхөн нэг хүн нь л олоод байдаг гэсэн үг. Мэдээжийн хэрэг тухайн хүний санхүүгийн боломж, ахуй амьдралын боломж, хүрээлэн буй боломж ч тэр, уруудаж доройтох зүйл рүү түлхээд байгаа хэрэг л дээ.
 
 
-Тэгэхээр бид юунд анхаарал хандуулах ёстой юм бэ. Уг нь бүгдээрээ л аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа шүү дээ?
 
-Улс орон хөгжинө, хөгжүүлнэ гэж их ярьдаг. Үнэхээр ула орноо хөгжүүлье гэвэл хүнээ л хөгжүүлэх ёстой. Мэдээж маш их хугацаа орно л доо. Гэхдээ л хүнээ хөгжүүлэх тал дээр олон нийтээрээ сайн ажиллах хэрэгтэй байгаа юм.
 
 
Төр засгаас ч их анхаарах хэрэгтэй. Хүмүүсийг сургах, төлөвшүүлэх ёстой. Бид ихэвчлэн хүүхэд, залуус руу хандаад байдаг. Бидний үеийнхэн үлдчихдэг. Хэрэг болгож ажаарай.
 
 
Социализмын үед ажиллаж амьдарч байсан бидний үеийнхэн, өмнөхөө санагалзаж сайхан байснаа дурсаад энэ нийгэм биднийг тоохгүй байна гэж ярьдаг. Хамгийн их шүүмжилдэг улс нь яг миний үе тэнгийн донзойтонгууд байдаг.
 
 
Би үүний эсрэг байдаг. Залуусыг юм хийхгүй, уншихгүй байна гэж шүүмжлээд л байдаг. Би санал нийлдэггүй. Залуус өдөр болгон өөрсдийгөө хөгжүүлэх зүйл хийж байна. Яахав, номонд жаахан хойрго ханддаг болсон үе бий.
 
 
Гэхдээ сүүлийн үед байдал өөрчлөгдөж байгааг анзаарах л хэрэгтэй шүү дээ. Ер нь нийгэм, хүрээлэн байгаа орчны эвгүй байдал хүмүүс рүү их дайрч байна. Дашрамд сонирхуулаад нэг үлгэр хэлье. Аав, хүү хоёр илжгээ хөтлөөд зах руу явжээ.
 
 
Тэгсэн замд зөрсөн улс, ээ энэ хоёр тэнэг илжгээ хөтлөөд өөрсдөө явган явж байдаг гэж байна гэнэ. Тэгэхээр нь хүү нь илжгээ унаад аав нь хөтлөөд явж. Тэгсэн идэр залуу энэ хүү илжгээ унаад муу эцэнхий өвгөн хөтлөөд явж байдаг, ямар гутамшигтай юм бэ гэж.
 
 
Тэгээд аав нь илжгээ унаж, хүү нь хөтлөөд явж. Хүмүүс, энэ хөгшин хаашаа янзын увайгүй амьтан бэ, хүүгээ явган явуулаад өөрөө илжиг уначихсан гэж. Бүр барахаа байгаад өнөө хоёр чинь сундалдаад явж л дээ.
 
 
Гэтэл хүмүүс, энэ муу эцэнхий илжгэн дээр эцэг хүү хоёр сундалдаад явж байх юм. Ямар харгис улс вэ гэж шаагиж. Эцэг, хүү хоёр гайхаад зах руу орохдоо илжгээ өргөөд орж. Хүмүүс мэл гайхаж... Хүрээлэн байгаа орчны нөлөөлөл ийм л хүчтэй байдаг.
 
 
Хүний сэтгэл санаанд асар хүчтэй нөлөө үзүүлдэг. 20 дугаар зуунд стресс бага байсан бол 21 дүгээр зуунд ихэссэн. Стресс налгар тайван хүмүүс рүү их дайрч байна. Энэ нь эргээд бүх өвчний эх үүсвэр болж, нас баралтын хэмжээг ихэсгэж байна.
 
 
Аймшигтай хэрэг шүү. Би чухам энэнээс л өөрийгөө болон бусдыг хэлтрүүлэх гэж эерэг сэтгэлгээ, өөдрөг үзэл бодлоор хичээллэж, бас бусдыг сургах гэж чармайж явна. Дахин хэлье. Хамгийн гол нь хүнээ л хөгжүүлэх ёстой. Хүний хөгжил гэдэг маш чухал зүйл.
 
 
-Хүний хөгжил гэхээр хүмүүс арай л өөрөөр хараад байх шиг. Аав, ээжүүд хүүхдээ хөгжүүлэх гэж хар нялхаас нь гадаад хэлний сургалттай цэцэрлэгт өгч байна. Энэ зөв үү?
 
-Хөгжүүлж байна гэж хэлж болно л доо. Гэхдээ буруу хөгжүүлээд байгаа юм. Хүүхдүүд эхлээд монгол хэлээ сурах хэрэгтэй шүү дээ. Монгол хэлээ мэдэхгүй байж англи хэл сураад явчихдаг. Англиар сайн ярьж сурна. Монголоор чадахгүй. Саяхан нэг бүсгүй над дээр ирлээ.
 
 
Ургамлын талаар ном орчуулж өгөөч гэж. Залуучуудад хандаач гэсэн, залуучуудын монгол хэл мохоо байна гэсэн. Тэгэхээр эхлээд монгол хэлээ сургах хэрэгтэй гэдгийг хаа хаанаа анхаарах ёстой.
 
 
Би зургаан настай хүүхдийг сургуульд оруулдгийг дэмждэггүй. Маш их ачаалал өгдөг. Яахав, сод хүүхдүүд бий л дээ. Гэхдээ 100 дотор хоёр гурав л байдаг. Үлдэж буй 97 нь ядраад байгаа юм.
 
 
З.Урансүх 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”