sonin.mn

 

Энэ удаагийн "Ярилцах цаг" буландаа зөвлөх дизайнер О.Туяацэцэгийг урьж ярилцлаа. Тэрбээр интерьер дизайнер мэргэжлээр 18 дахь жилдээ ажиллаж буй нэгэн.
 
 
-Хүмүүс байр захиалахдаа гаднах материал, өнгө төрх, орчны тохижолтыг нь анхаараад доторх тохижолтыг нь хийсэн материалыг төдийлөн тоодоггүй. Гэвч мэргэжлийн хүмүүс энэ талаар огт өөр бодолтой байдаг юм билээ. Энэ талаар яриагаа эхлэх үү, хоёулаа?
 
-Үнэн. Хүмүүс барилгын гаднах өнгө үзэмж, байршилд нь анхаараад дотор нь хийгдэж буй засвар, заслын материалыг анзаардаггүй. Зүй нь заслын материал нь ямар байна вэ, бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үү, тухайн компани заслынхаа ажилд яг ямар материал ашиглаж байгаа гэдэг дээр захиалагчид хяналт тавьдаггүй.
 
 
Барилгын компаниуд шууд урдаас орж ирсэн барилгын материалыг ашигладаг. Паркетан шал, хулдаас, обой, будаг ихэнх нь л хятадынх байдаг. Гэтэл тухайн байранд хүн орж амьдарсан тохиолдолд халуун, хүйтэн харших гэх ч юм уу элдэв асуудал дагуулдаг.
 
 
Эхнээсээ л хайнга орчихоод эцэст нь бөөн бухимдал болдог. Ийм тохиолдолд стандартад нийцээгүй заслын материалаас химийн элемэнт маш ихээр ялгардаг. Энэ нь эргээд хүмүүсийн амьдрап, эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлж эхэлдэг.
 
 
Мэдээж сайн сайн барилгын материал оруулж ирдэг барилгын компаниуд бий л дээ. Гэвч нийтийн эзэмшлийн орон сууцан дээр үнэтэй, чанартай материал хэрэглэдэг нь хуруу дарам цөөн.
 
 
Байхгүй ч гэж болно доо. Ний нуугүй хэлэхэд орон сууцны үнийг бууруулна гэж ярих тусам энэ эрсдэл ихэсдэг. Товчхондоо компаниуд хэмнэлтийг дотоод заслаасаа гаргадаг нь хатуу боловч үнэн.
 
 
-Манайхан өөрсдөө гэртээ засвар хийсэн ч халаасандаа захирагдаад хямд хужаа бараа бүтээгдэхүүн сонгодог. Ийм их эрсдэл дагуулдгийг нь мэддэггүйн харгай байх л даа? 
 
-Нөлөөлж л байгаа. Түүнээс гадна үнэтэй чанартай барилгын материал оруулж ирж буй компаниуд ч бүтээгдэхүүнийхээ давуу талыг төдийлөн сайн мэддэггүй. Хэрэглэгч, худалдан авагчиддаа тайлбарлах нь бүү хэл өөрсдөө ч учрыг нь олдоггүй гэсэн үг л дээ.
 
 
Дор хаяж л таниулах үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахгүй байгаа биз дээ, Монголд. Герман барилгын материалаар жишээлээд яръя л даа. Жоби гээд барилгын материалын дэлгүүрийн оруулж ирдэг замаск байдаг юм. Нэг уут нь 27 мянган төгрөг.
 
 
Уутандаа 15-16 кг байдаг юм. Харин хятад замаск 25-30 кг-тай ч ямар ч цавуулаггүй. Гэхдээ 4-6 мянган төгрөгийн үнэтэй. Хятадын нэг уут замаскаар маш цөөн квадратыг "явна". Харин 27 мянган төгрөгөөр авсан замаск маань дүүргэлт сайтай, хужаа замаскийг гурав дөрвийг нийлүүлж байж хийх зайны квм-ыг "явдаг".
 
 
Дээр нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй. Дараа дараачийн хийх ажилд хялбар товчхондоо сайн үр дагавартай байдаг юм. Өөрөөр хэлбэл олон дахин хийх шаардлагагүй тэр хэрээр цаг хугацаанд хэмнэлттэй гэх мэтчилэн зүйл бий.
 
 
Би өөрөө дизайнер болоод ч тэр үү, Улаанбаатар хотод хийгдэж байгаа зүйлд их анхааралтай ханддаг. Юуг ямар материалаар хийж байна вэ, хийсний дараа ямар болж байна вэ гэдгийг хувь хүний талаасаа байнга дүгнэж явдаг.
 
 
Сүүлийн үед ихэвчлэн чанартай гүйцэтгэлийг хийлгэх сонирхол бас ч гэж байдаг болж. Гэхдээ гадагш дотогш явж юмыг таньж мэдсэн хүмүүсийн хүрээнд л тэр шүү дээ. Материалаа таньж мэдээгүй хүмүүс ихэнхдээ алдаж, үр зардал гаргасныхаа дараа бид нарт ханддаг.
 
 
Энийг яах вэ, тэрийг яаж засах вэ гэж ханддаг л юм. Тэгж нэг хүний ажлыг үнэгүйдүүлчихээд өчнөөн мөнгө зарчихаад дахиад тэр ажлыг эхнээс нь эхэлнэ гэдэг хэцүү. Тухайн хүний мөнгө зарагдчихсан учраас бид аль болохоор л мөнгийг нь хэмнэх тал дээр анхаардаг.
 
 
Нөгөөтэйгүүр Монгол Улсын маань эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Хүмүүс тэр болгон барилгын засварт хүссэнээ хийгээд байх чадамжгүй. Тодорхой хугацаанд нэг удаа л хөрөнгө оруулж юм хийдэг. Зарим хүн дөрөв таван жил хуримтлуулдаг.
 
 
Гэсэн атлаа энэ тал дээр ямар ч мэдлэггүй байдаг болохоор алдаад байгаа юм. Хүн биеэ өвдөхөөр эмчид очоод үзүүлчихдэг. Хууль зүйн асуудал боллоо гэхэд өмгөөлөгчөөс зөвлөгөө авчихдаг.
 
 
Тэгсэн атлаа жинхэнэ өөрийнхөө мөнгөөр хийх гэж байгаа, товчхондоо амьдралдаа хөрөнгө оруулалт хийх гэж байгаа мөртлөө барилгын зөвлөх байгууллагуудад ханддаггүй. Дур мэдээд л найз нөхдийнхөө танил талаар хийлгэчихдэг.
 
 
Тэр хүмүүс юу хийж байсан нь падгүй. Өөрийнхөө гүйцэтгэх гэж байгаа юманд ач холбогдол өгдөггүй, хүний хийсэн юман дээр л ач холбогдол өгөөд л энийг ингээд хийчихсэн бол надад болно гээд л хийлгэчихдэг. Энэнээс үүдэлтэй асуудал үүсдэг.
 
 
Мэдээж хот төлөвлөлт, хотын нягтаршил их байгаа тохиолдолд багахан зайд ч болов ажил явуулчих байшин босгоод авахыг хүсэлгүй л яахав. Ний нуугүй хэлэхэд нийслэлийн тохижолт маш эрээвэр хураавар байна шүү дээ.
 
 
Энд тэндээс цуглуулж авчираад овоолчихсон аятай ямар ч стандартгүй. Мэргэжлийн хүмүүсийн хувьд мэдээж, Монгол Улсын иргэн, эх орондоо амьдарч байгаа, бидний хийж бүтээсэн зүйл эх орондоо үлдэх учраас эх оронч сэтгэлээр ажиллахыг л хичээдэг.
 
 
-Төсөвлөж зурсан зургийн дагуу гэхээсээ дур зоргоороо, хэн чадалтай /мөнгөтэй, танил тал ихтэй/ нь байшин барилга барина гэх зарчмаар яваад удсан шүү дээ?
 
-Хувь хүний хувьд хотын захиргаа барилгын интерьер дизайны мэргэжлийн хүмүүстэй нягт холбоотой ажилламаар санагддаг юм. Хэрвээ энэ хүмүүс хамт холбоотой ажиллаж чадвал хотын маань өнгө үзэмж, булан тохой, зай талбай бүх юм өөр өнцгөөс гараад ирнэ.
 
 
Орон сууцны доогуур байрладаг, нэг давхарын үйлчилгээний төвүүд гэхэд л цагаан толгойн 35-н үсэг дараалаад өрчихсөн аятай л харагдаж байгаа биз дээ. Зүй нь орчин тойрны тохижолт дээр хязгаарлалт тавимаар байгаа юм.
 
 
Сонирхуулаад ярихад Хятадад үзэсгэлэн үзэж, материал сонгоод явж байхад санаа авмаар юм их таардаг. Шанхайд явж байхад орон сууцны маш өндөр барилга баригдаж байсан.
 
 
Байшингийнхаа гадна талд пайзан дээр хятадаар юм биччихсэн байхаар нь цуг явсан өвөр монголоосоо юу гэж бичснийг асуусан чинь, хотын даргын захирамж гарсан юм байна. Энд барилгын ажил эхлэх гэж буйтай уялдуулаад бүх айлуудыг цонхон дээрээ цэцэг тарь гэсэн байна гэсэн.
 
 
Тухайн үедээ нэг их анзаараагүй хэрэгжихгүй биз дээ гэж бодоод л өнгөрсөн. Тэгээд Харбин руу явж гурав дөрөв хоноод ирсэн чинь Шанхай цэцгэнд умбачихсан байсан. Айлууд бүгдээрээ тагтан дээрээ цэцэг тарьчихсан байсан.
 
 
Нэг талаараа хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлөх ч нөгөөтэйгүүр иргэдийн эрүүл мэндэд тустай. Барилгын ажил явагдах үед асар их тоосжилт үүсдэг учраас бодлогоор цэцэг тарих захирамж гаргачихсан байх жишээний.
 
 
Амьд ургамал тоос шингээж агаар цэвэршүүлдгээрээ "алдар"-тай шүү дээ. Айл болгон цэцэг тариад эхлэхээр тэр хавиар явж өнгөрсөн хүн барилга барьж буйг анзаардаггүй юм билээ. Өнгө өнгийн цэцэг харж баясаад л өнгөрдөг.
 
 
Би яагаад бид ч гэсэн ингэж болохгүй гэж бодсон шүү. Өнөөдөр нийслэлийн маань цэцэрлэгжилт үнэхээр ядмаг. Тохижолтын цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хэдхэн хүн л хийх ёстой гэж боддог. Бүр хиймэл зүлэг дэвсээд л орхичихсон байгаа биз дээ.
 
 
Амьд зүлэг тарихаар хүмүүс гишгэлээд талхалчихдаг гэх байх. Тэр зүлгэн дундаа шигтгээ маягаар цэцгийн мандал байрлуулчихвал хэн ч гишгэхгүй шүү дээ.  Дэлбээгээ нээж буй цэцгийг хуга гишгээд өнгөрөх хүн гарна гэдэгт би л лав итгэхгүй. Урд явж байхад цэцгийн мандал их байдаг. Тэрийг нь хүмүүс байнга арчилж байдаг. Гэхдээ цэцэрлэгч, эсвэл хот тохижолтынхон биш шүү.
 
 
-Тэгээд хэн арчилна гэж?
 
-Ойр тойрны зам дагуу байрлалтай аж ахуйн нэгж байгууллагууд хариуцдаг. Орчин гоё байх нь тухайн хүмүүсийн бизнест эерэг нөлөө үзүүлдэг учраас арчлах л ёстой. Манайд бол тэгдэггүй. Дэлгүүр байлаа гэж бодоход шатаар өгсөөд орсон хэсэг л эзнийх, зам дээр байгаа дэлгүүр рүү орж байгаа орчин бол огт хамаагүй байдаг.
 
 
Хэрвээ орчин тойрных нь тохижилтыг тухайн хавийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хариуцуулаад хамгийн сайн ажилласан газруудад нь төр засгийн зүгээс явуулж буй арга хэмжээндээ хамруулаад, бизнесийг нь дэмждэг, хөнгөлттэй зээлд хамруулдаг ч юм уу.
 
 
Ингэвэл хот тохижолтынхны ачаалал багасна. Хоёрт, тэр хавийн газар сайхан тохижолттой, нэг дизайнтай болоод ирэхээр үйлчлүүлэгчдийн тоо олширч бизнест нь эерэг нөлөө үзүүлэх сайн талтай.
 
 
Дээр хэлсэндээ, зүлгээ тойруулаад цэцэг тарьчихвал ямар ч хүнд гишгэх сэдэл төрөхгүй гэж. Бас хэтэрхий өндөр өнгө үзэмжгүй хайс барих мөнгө хэмнэгдэнэ. Одоо тарихад цаг нь оройтоогүй шүү дээ.
 
 
-Түүнээс гадна бид хятадаас чанаргүй барилгын материал оруулж ирдэг ч тэд өөрсдөө их айхтар бодлоготой байдаг гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?
 
-Хятадад "Нипион тайнт" эмульсний том үйлдвэр байдаг. Тэр үйлдвэрийн талаар сонирхсон чинь энэ үйлдвэрийн будаг хүний эрүүл ямар ч муу нөлөөгүй, маш өндөр технологийн түвшинд хийгдсэн бүтээгдэхүүнээрээ алдартай юм билээ.
 
 
Тиймдээ ч тус үйлдвэрийн будаг, бүтээгдэхүүнээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн хоолны газар, мэдээж хувийн эрүүл мэнддээ анхаарал тавьдаг иргэд нь ашигладаг. Эмнэлэг, сургуулийн тухайд улсаас стандарт тогтоогоод тодорхой хэмжээний хөнгөлттэй үнээр нийлүүлдэг байх жишээний.
 
 
Гэтэл манай сургууль, цэцэрлэгүүд Эрээнээс л барилгын материалаа оруулж ирээд засвар хийдэг. Асар их хортой. Хийж байгаа хүндээ төдийгүй хожим нь орж суух хүүхдүүдийн эрүүл мэндэд урт хугацааны туршид хохирол учруулдаг. Хүмүүс хямд гээд л арвыг авчихдаг.
 
 
Гэтэл тэрүүнтэй тэнцэх үнээр чанартай ганц эмульс авах боломж байгаа шүү дээ. Ялангуяа эмнэлэг, СӨХ гэхчлэн эмзэг байгууллагууд ийм материалаар юм хийгээд зогсож буйг харах үнэхээр харамсалтай байдаг.
 
 
Өнөөдөр бидний монголчууд хятадууд хэзээ ч өөрсдөө хэрэглэдэггүй юмыг оруулж ирчихээд ард иргэдийнхээ эрүүл мэндээр наадаад л сууж байдаг. Мэдээж, сургууль цэцэрлэгийн дотоод засал, засварыг хийхэд ямар нэг байдлаар тендер зарлагддаг л байх.
 
 
Уг нь тендер зарлахдаа л цензураа тавьчихвал амархан шийдчих асуудал. Заавал ийм материал стандартын бүтээгдэхүүн ашиглана гэдэг ч юм уу... Ер нь аливаа ажил чанаргүй болж байна гэдэг чинь чанаргүй материалаас л болдог юм шүү дээ.
 
 
-Асуудлыг ард иргэдээс илүү холбогдох мэргэжлийн байгууллагууд анхаарал авах ёстой санагдчихлаа?
 
-Ард иргэд ч гэсэн анхаарах ёстой. Сонирхуулахад, урд орон сууцны барилгууд баригддаг. Дотоод засал нь хийгдэхээс өмнө захиалсан иргэд нь өөрсдөө дотоод заслынхаа материалыг сонгож үздэг.
 
 
Тухайн баригдсан барилгын доод давхарт үзэсгэлэн шиг юм гарчихсан байдаг. Бүх импортлогч, экспортлогч компаниуд бараа бүтээгдэхүүнээ дэлгээд тавьчихсан. Ширээ болгоны буланд нэг зөвлөх дизайнер сууж байдаг.
 
 
Дизайнер нь хүмүүст тайлбарлаад өгчихдөг. Нөгө талд нь сертификатууд өрчихсөн. Тэрэн дээр нь чанарын үзүүлэлтийг нь заачихсан. Нөгөө талд интерьер хийдэг компаниуд нь байрлаж байдаг. Бас загварын байраа үзүүлнэ.
 
 
Тэр байранд нь орохоор хэмжигч багаж барьчихсан энэ өрөөнд хэрэглэсэн эмульснээс тэдэн хувийн химийн элемэнт ялгарч байна, Халууны нөхцөлд хэдэн хувь болж өснө. Энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэхчилэн зөвлөд зогсож байдаг.
 
 
Бүр обой, паркетэн шал гээд тухайн өрөөг засч чимэглэхэд орсон бүх материалын чанарыг шалгаад харуулчихдаг юм билээ. Тэр дундаас хүмүүс сонголтоо хийдэг. Тэр ч бүү хэл танайх энэ байранд орохоор танайд жирэмсэн хүн байх уу, 0-5 нас, 70-аас дээш насныхан амьдрах уу гэж асууж байсан.
 
 
Бүр насны ангиллаар судалгаа авч байсан. Яагаад гэвэл дээрх насныхан химийн элемэнтэд их мэдрэг байдаг юм байна л даа. Хятадад хүмүүс тийм л зарчим баримталдаг юм билээ. Гэтэл манайхан хүүхдийнхээ өрөөний ханыг халтар болчихвол угаана гээд хулдаасан обой наагаад л сууж байдаг.
 
 
Хулдаасан обойноос юу ялгарч, хүүхдийнх нь уушгинд өвлийн утаанаас дутахгүй хохирол учруулж буйг ер анзаардаггүй. Манайд барилгын материалын үзэсгэлэн гарсан ч яаж борлуулах вэ гэдгээ л ярихаас үр дүн, дараа нь үүсч болзошгүй хор хохирлын талаар дурсдаг ч үгүй.
 
 
Сайн муугийн ялгаа ямар байдгийг харьцуулсан байдлаар танилцуулаад өгөх тухай ойлголт бүр байхгүй шүү дээ. Барилгын үзэсгэлэн байгуулахдаа гүйцэтгэгч компаниудыг ч давхар оролцуулах ёстой. Тэр дундаас хүмүүс сонголтоо хийх боломжтой болно.
 
 
Манайд архитектур талаас нь зөвлөх хүн байдаг ч дизайн талаас нь барилгын материал, гүйцэтгэлийн талаас нь зөвлөгөө өгөх ганц ч компани байдаггүй. Яагаад гэвэл иймэрхүү зөвөлгөөнд цаг хугацаа их ордог болохоор төвөгшөөдөг.
 
 
Дээр нь хүмүүс энэний үнэ цэнийг ойлгодоггүй. 120-130 сая төгрөгөөр дотор засалгүй байр авчихна. 3040 сая төгрөгөөр заслаа хийлгэхдээ хийсвэрээр хямд хийлгэх юм бодож, чанаргүй материалын үнийг л толгойдоо бодоод байхаас чанар, эрүүл ахуйг огт бодохгүйгээр хямд хийлгэхийг л чухалчилдаг.
 
 
Эрээн дээр очоод харж байхад том барилгад ашиглах уу гэж л асуудаг. Тийм гэхээр дэлгүүрийн худалдагч нь хамгийн хямдханыг нь л санал болгодог. Тэр ч бүү хэл танай монголчууд хямдханыг л авдаг гээд сууж байгаа юм чинь.
 
 
Замаск нь цавууллаггүй, ганц удаа ус алдахад л хөвсийгөөд гараад ирдэг паркет байна шүү дээ. Хятад обой бол үнэндээ. чимээгүй алуурчин л гэсэн үг. Хулдаасан төрлийн обойноос гарч байгаа үнэр ямар байдаг билээ. Микроскопоор харахад тэндээс нарийн тоосонцор бударч байгаа юм шиг л харагддаг.
 
 
Манайхан мэдэхгүй утааж арчина гээд л аваад байдаг. Гэтэл наана нь оросын цаасан обой хямдхан л байж байдаг. Өнгө үзэмж чанарын хувьд тааруухан байж болох ч эрүүл мэндэд ямар ч хоргүй.
 
 
Гэтэл тиймийг нь сонгохгүй, химийн найрлага ихтэй, сайжруулсан хольцтойг нь л сонгоод байдаг. Эх хүн эмэгтэй хүн, мэдээж мэргэжлийн хүний хувьд хулдаасан обой эрүүл мэндэд таарамжгүй гэж л зөвлөх байна.
 
 
-Тэр багажнаас чинь мэргэжлийн хяналтынханд нэгийг авчирч өгөх юмсан. Үнэ ханш нь ямар байдаг юм бол?
 
-Мэргэжлийн хяналтад барилгын нарийн мэргэжилтэй хүн байдаггүй юм байна л гэж би дүгнэсэн шүү. Хэрвээ мэргэжлийн хүн байдаг бол Улаанбаатар хотод ийм харамсалтай үзэгдэл газар авчихаад байхад дуугүй суухгүй байлгүй дээ.
 
 
Аягүйдвэл өөрөө ч мэдэхгүй хулдаасан обой наасан өрөөнд, хужаа эмульсээр таазаа будчихаад л сууж байгаа. Би өөрөө ч харшилтай болчихсон. Тийм орчинд ороод ирэхээр найтаалгаад л нулимс гараад их мэдрэг. Би 18 жил энэ ажлыг хийлээ.
 
 
Өөр газар бол зүв зүгээр. Барилга заслын ажил хийж байгаа хүмүүсийн олонх нь хүнд хэлбэрийн харшилтай байдаг юм. Ихэнх эмэгтэй хүн, нөхөн үржихүйн насныхан л байгааг харахаар үнэхээр харамсдаг. Хэн ч тэдний эрүүл мэндэд санаа зовдоггүй.
 
 
Ийм муу материалаар яах гэж ажил хийж байгаа юм бэ, сайн материал авчирч өг гэж шаардаач гэхээр, энүүгээр хий, хийхгүй бол яв гэдэг л гэх юм билээ. Тийм том барилгын хамгийн гол ажлыг засал чимэглэлчид нугалж, алдаа оноог ажлаараа дарж хийдэг ч эрүүл мэндээрээ яаж хохирч буй нь барилгын компаниудад даанч нэг хамаагүй.
 
 
Уг нь хил гааль, мэргэжлийн хяналтынхнаа сургалтанд хамруулж асуудлыг шийдэж болох гарц байгаа л юм. Ядаж л хилээр чанаргүй барилгын материал оруулж ирүүлэлгүй хорьчих хэрэгтэй.
 
 
Тэгвэл хятадууд хямд бараа нь борлогдохоо болиод ирэхээр хүссэн хүсээгүй манай стандартад нийцсэн бүтээгдэхүүнээ нийлүүлээд эхлэнэ. Нэг ширхэг бүтээгдэхүүний хямд үнээс болж юу алдаж буйгаа хаа хаанаа анзаарч асуудлыг шийдэх цаг аль хэдийнэ болчихсон.
 
 
Түүнээс гадна гаднаас чанартай бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа компаниудаа олонд таниулах хэрэгтэй. Монголд барилгын чанартай материал орж ирэхгүй байгаа гэвэл худлаа. Гэвч оруулж ирдгийг нь зөвхөн интерьер хүмүүс л мэддэг.
 
 
Мэргэжлийн бус хүмүүст хэлэхээр үнэтэй гээд татгалздаг. Үнэтэй юмны цаана цаг хугацаа, эрүүл мэнд гээд асар олон зүйл байгааг тооцоолохгүй байгаа нь харамсалтай санагддаг. Яадаг юм бэ, Телевизээр өдөр шөнөгүй солонгос сериал гаргаад л байдаг.
 
 
Эсвэл ийм юм зарна, тэдэн төгрөгөөр хямдарлаа гэж рекламдаж байхын оронд, та гэртээ засвар хийх гэж байна уу гээд барилгын материалын танин мэдэхүйн нэвтрүүлэг хийж, мэдээлэл өгч яагаад болохгүй гэж...
 
 
З.Урансүх
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин