sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ сарнаа газардагч төхөөрөмжөө Кагошима муж дахь сансар судлалын төвд хэвлэлийнхэнд танилцууллаа. Энэхүү төхөөрөмжийг Сарыг судлах ухаалаг газардагч /SLIM/ гэж нэрлэжээ.
 
“JAXA” уг төслийн хүрээнд Саран дээр газардах технологийг туршиж, чулуулгуудыг нь судлах ажээ. Энэхүү төхөөрөмж нь ойролцоогоор 2.4 метр өндөр, 200 орчим кг жинтэй байна.
 
Уг аппарат нь Сарны тогоонууд болон гадаргуугийнх нь бусад онцлогийг тодорхойлоход туслах дүрс таних технологийг ашиглах аж. “JAXA”-гийн мэргэжилтнүүд төхөөрөмжөө буулгахаар төлөвлөж буй цэгээс зуун метрийн дотор газардуулахыг зорьж байна.
 
 
“SLIM” газардагчийг “H2A” пуужингаар тавдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байжээ. Гэвч Японы шинэ “H3” пуужинг хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон тул наймдугаар сар хүртэл хойшлуулаад байгаа бөгөөд түүнээс цааш ч хойшилж магадгүй байна.
 
Өдгөө дэлхийн гурван улс л Саран дээр сансрын хөлгөө амжилттай газардуулаад байгаа билээ. “SLIM”-ийн цуглуулсан мэдээллийг сансрын нисгэгчдийг Сар луу дахин илгээх зорилготой АНУ-ын “Artemis” хөтөлбөрт ашиглахаар төлөвлөж байна. “SLIM” төслийн багийн менежер Сакай Шиничиро энэхүү даалгаврыг томоохон сорилт хэмээн тодорхойлоод, төсөл сүүлийн шатандаа орж байгаа бөгөөд төхөөрөмжөө амжилттай газардуулахын тулд манай баг бүрэлдэхүүн шаргуу ажиллаж байна хэмээн ярьжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг