sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд” хэмээн зарласан байдаг билээ.
 
Энэхүү өдрийг угтаж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудын алба хаагчид мод тарих аяныг өрнүүлж эхлээд байна. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний хэмжээнд таван Мод үржүүлгийн төв байгуулагдаж, анги байгууллагынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх цаашлаад аймаг орон нутагтаа цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг багасгах, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалахад бодит хувь нэмрээ оруулсаар байна. 
 
Зэвсэгт хүчний 120, 326 дугаар Мод үржүүлгийн төвүүдийн тариалалт, үрсжүүлэлт, тохижилтын ажилтай 5 дугаар сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч Ч.Цогтжаргал танилцаж, мод тарихын зэрэгцээ байгаль эх орноо хайрлан хамгаалахад идэвх санаачилгатай ажиллаж байгаа бүрэлдэхүүнд талархал дэвшүүлсэн юм. 
 
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Мод үржүүлгийн төв нь 2022 онд байгуулагдсан бөгөөд энэ жилээс талбайгаа нэмэгдүүлж, өвлийн нөхцөлд ажиллах боломжтой болгон тохижуулан мод, бутыг үрээр болон тайраадсаар үрслүүлэн тарьж байна.
 
Тухайлбал, үрээр буйлс, хайлаас, шар хуайс, тайраадсаар цагаан, хүрэн бургас, улиас зэргийг үрслүүлэн тариалж, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад нийлүүлж байгаа ажээ. Энэ талаар Хуурай замын цэргийн командлалын Экологийн албаны дарга ахлах дэслэгч Ц.Болдсайхан “Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Мод үржүүлгийн төвд үрээр 20 мянга гаруй, тайраадсаар 60 гаруй мянган ургац, суулгац бий. Төвийн бүрэлдэхүүн өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн идэвх зүтгэл, өндөр ачаалалтайгаар ажиллаж байгааг тодотгох ёстой. Манай төвийнхөн суулгацаас гадна зуны улиралд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудын гадна тохижилтын ажилд дэмжлэг үзүүлэхээр  6 нэр төрлийн цэцэгсийг үрсжүүлэн тариалсан” гэсэн юм.
 
Гэрэл зургийг О.МӨНХБАТ