sonin.mn
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас “Офицер, ахлагч нарын манлайллын жил”-тэй уялдуулан бие бүрэлдэхүүндээ цэргийн албаны болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагвыг урьж  “Хүн байхын учир, эр хүн танд хэлэх миний үг” сэдвийн хүрээнд чөлөөт уулзалт ярилцлагыг зохион байгуулав. 
 
May be an image of 6 people, people standing and military uniform
Хөдөлмөрийн баатар уулзалтынхаа эхэнд “Цэргийнхэн гэхээр төр л санагддаг, эх орны хүү гэхээр ард түмний хөвгүүд л бодогддог. Эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж яваа золбоо хийморь салбарын залуустай уулзаж байгаадаа баяртай байна. Ариун жагсаалынх нь цэрэг болох хувь надад тохиогоогүй ч байлдагчаас хошууч генерал хүртэлх дүрийг бүтээж, ард түмэндээ энэ албыг сурталчилсандаа талархаж явдаг билээ” хэмээгээд аав, ээжийгээ хайрлах, ханиа халамжлах, үр хүүхдүүдээ энэрэх, хамт олноо хүндэтгэх зарчмын тухай өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын сургамж дээр үндэслэн өгүүлэв.
 
“Би эхээс тавуулаа. Дөрвөн настай байхдаа ааваасаа өнчирч, ижий минь нялх хүүхдүүд тэврээд үлдсэн ч аав хэмээх даллага биднийг энэ амьдралд дахин түшсэн хувьтай. Пүрэвдорж гэж агуу аавтай учирсандаа талархаад баршгүй. Ёстой нөгөө гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөж, бид ч нас биед хүрээд аавыгаа дэргэдээсээ огтхон ч явуулаагүй. Ээж минь ч ялгаагүй, миний шүтэж ирсэн ганц бурхан.
 
Би хэдий бурхангүй үзэлтэн хэдий ч аав, ээжийнхээ тухай ярихаараа тэднийг амьд бурхан байсныг ойлгодог юм. П.Цэрэндагвын төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн энэ сайхан алдрын эхлэлийг тэд л тавьсан юм” гээд аав хүний хайр үр хүүхдүүдийнх нь  хүмүүжлийн гол толь байдгийг санаж, зөв эр хүн байх талаар жишээ татан ярилаа. Үргэлжлүүлэн ханийн халамжийн тухай өгүүлсэн бөгөөд “Миний амьдралдаа хамгийн их баярлаж явдаг зүйлийн нэг нь ханьтайгаа учирсандаа. Өнөөдөр хоёр биеэ 20 болгон үржүүлж, зээнцрээ үзсэн буурлууд болсон байна.
 
May be an image of 9 people and people standing
Миний хань ёстой нэг хүний дээд хүн гэмээр эмэгтэй. Би залууст хэлдэг. Та эр хүн л юм бол өрх гэрээ өнгөтэй, өөдтэй авч явах, айлын охиныг аз жаргалтай амьдруулах нь зөвхөн таниас шалтгаална шүү гэж. Эр хүн ачаа үүрэх гэж төрсөн болохоос биш айлын охиныг гэртээ авчраад “Амьдрал тэгш” гээд барьцаад сууж таарахгүй. Боловсрол хэдий чухал ч хүмүүжил түүнээс ч илүү үнэ цэнтэй. Мэндбаяр бид хоёр гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүү.
 
Хүүгээ нас биед хүрэхэд нь нэг л зүйл хэлсэн, гуйсан. “Аав ээж хоёрыгоо нэг л айлын босго давуулаарай” гээд. Энэ нь ханьдаа үнэнч явахыг онцлон захиж хэлсэн аавын үүрэг. Миний хүү Дугаржав гээд мундаг хурандаагийн охинтой амьдралаа холбосон. Одоо сайхан амьдарч яваа” гээд эр хүнд эрэмбэ, хүндлэл, тэвчих, энэрэх олон чанар байх ёстойг тодотгов.
 
Түүний дараа хамт олонсог байх, нөхдийгөө хүндэтгэх тухай онцолж, цэргийн алба хэдий захирах захирагдах ёсны хатуу зарчимтай ч хүн хоорондын харилцаа заавал зэрэгцэж явах ёстой. Энэ хорвоод сайн, муу хүн гэж байхгүй. Олон их, дээд сургуульд суралцсанаараа бусдаас дээгүүр хүн болчихгүй. Хүн гэдэг статусаараа энэ хорвоод бүгд ижилхэн. Гудамжинд ядруу яваа Батаа, даргын албан тушаалтай Дорж хоёр яг адилхан эр хүн байхгүй юу. Эр хүн өөрийн үүрэг хариуцлагаа ойлгож чадвал амьдрал аяндаа тэгшрээд явчихна гээд яруу найрагч До.Болдхуягийн “Тусгаар тогтнол” шүлгээр сургалтаа өндөрлүүлэв. 
 
...Алтан соёмбо, хөх халзтай улаан далбаа
Арга ядарсан ч тусгаар тогтнолтой би баян хүн
Ээлж дараатай орчлонгийн жам ямар боловч  
Эцсээ хүртэл тусгаар тогтнолдоо би эзэн хүн хэмээн сэтгэлийн гүнээс цээж тэнэгэр, омог бардам уншихад нь цэргийнхэн алга ташсаар л байлаа.
 
May be an image of 6 people, people standing and military uniform
 
Ахмад Д.БОЛОР
Эх сурвалж: "Соёмбо" сонин