sonin.mn
ҮБХИС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн сонсогч С.Жавхлантөгсийг энэ  удаагийн дугаартаа онцоллоо. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “2023 оны шилдэг сонсогч”-оор шалгарч Монгол цэргийн өдөр төрийн тэргүүнээс шагналаа гардсан билээ. 
 
Юуны өмнө “2023 оны шилдэг сонсогч”-оор шалгарсанд тань баяр хүргэе. 
 
-Маш их баярлалаа. 
 
Нарийн шүүлтүүрээр шигшигдэж, чамгүй шалгуурыг давж байж эл шагналын эзэн болсон нь гарцаагүй. Тэгэхээр өөрийнхөө амжилтаас манай уншигчидтай хуваалцаач? 
 
-Зургаан улирал дараалан буюу 1-3 дугаар курс төгстлөө 3,7-гоос дээш голч дүнтэй суралцсан, эрдэм шинжилгээний ажил, илтгэл, мэтгэлцээн зэрэгт идэвхтэй оролцдог, бие даасан бүтээл гаргасан зэрэг үзүүлэлтээр энэхүү шагналын эзэн болсон.
 
Бие даасан бүтээлийн тухайд тодруулбал, бид Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр суралцаж байгаа болохоор “Байлдааны дүрэм”-ийг маш сайн судалж, түүнд заагдсан бүх тодорхойлолтуудыг цээжлэх шаардлагатай байдаг.
 
Эдгээр тодорхойлолтууд нь “Байлдааны дүрэм”-д агуулгын хувьд бүлэг, бүлгээр номын өөр өөр хуудсанд хэвлэгдсэн байдаг. Тухайлбал, эхний тодорхойлолт 100 дугаар хуудсанд байхад дараагийнх нь 57 дугаар хуудсанд байх жишээтэй. Энэ нь уншиж, тогтоож, цээжлэхэд жаахан төвөгтэй санагдсан учир бүх тодорхойлолтуудыг дэс дараалсан байдлаар эмхэтгэсэн юм. Үүнийг багш нар маань нэлээд сайшааж, надад урам өгсөн.  
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас шагнал гардах агшны сэтгэгдэл ямар байв?  
 
-Хамгийн түрүүнд аав ээждээ муугүй суралцаж яваагаа батлан харуулж, миний төлөө санаагаа чилээхгүй байж болох тэр итгэлийг өгч чадлаа гэж бодогдсон. Дараа нь асар их хариуцлага оногдож байгааг мэдэрч, алдах эрхгүй боллоо гэдгээ ухамсарласан. Миний хувьд дунд сургуульд байхдаа тийм ч олигтой сурлагатай хүүхэд байгаагүй, алтан дундаж л байв. Хичээл номоо давтахаас илүүтэйгээр PC тоглоомын газарт ихэнх цагаа өнгөрөөдөг, нэлээд сахилгагүй, ээж аавынхаа чихийг хааяахан халууцуулчихдаг хүүхэд байсан учраас хамгийн түрүүнд нээрээ би ямар хүн болж төлөвшиж яваагаа аав ээждээ харуулж чадлаа гэж бодогдсон хэрэг. Харин хариуцлагын тухайд асар их юм бодогдсон шүү. 
 
Тухайлбал... 
 
-ҮБХИС хэмээх нэрийг гаргаж, төрийн тэргүүний нэрэмжит “Шилдэг” гэх тодотголтой шагналыг хүртчихээд шилдэг байж чадахгүй бол ичгэвтэр шүү дээ. Тэгэхээр бүх талаар зөв үлгэр дуурайлтай, зөв хүн байхын тулд алхам тутамдаа хичээх ёстой. Наад зах нь сургууль дотроо болоод олон нийтийн газар биеэ хэрхэн авч явах, доод оны дүү нартаа яаж үлгэрлэх, улсын шалгалтуудаа ямар дүнтэй өгөх, шалгалтын комиссынхонд ийм учраас л “Шилдэг сонсогч” шагналыг хүртсэн юм байна гэдгийг харуулахгүй л юм бол тэр хүмүүсийн сэтгэл гонсойно, цаашлаад томилогдож очсон анги, салбартаа үргэлж манлайлагч байх ёстой, сургуулийнхаа удирдлага, хамт олон, багш нарынхаа итгэлийг даах  нуруутай байх учиртай гээд л асар олон бодол толгойд эргэлдсэн дээ. 
 
Цэргийн сургуулийн сонсогч болсон сонголтынхоо тухайд яриа дэлгээч. Ер нь цэргийнхэн удам дагах нь олонтоо шүү дээ... 
 
-Миний өвөө Батаагийн Лувсанням гэж химийн цэргийн мэргэжилтэй, дэд хурандаа хүн байв. Өвөөгийн минь аав ч мөн дэд хурандаа болтлоо алба хашсан цэргийн хүн байсан юм билээ. Харин манай аав ахлагчийн албанд цөөхөн жил ажиллаад өөрийн хүсэлтээр энгийн салбарт шилжсэн хүн.
 
Тэгэхээр би яалт ч үгүй удам дагаж эл замналыг сонгосон байгаа биз. Тэр тусмаа цэргийн хүн болох урам зориг, хүсэл сонирхлыг хамгийн ихээр өдөөсөн хүн бол миний өвөө. Өвөөгийн минь энгэр дүүрэн одон медальтай, цэмцийсэн дүрэмт хувцас гэрт нь их л хүндтэй байр эзэлдэг сэн. Өвөө эмээ дээрээ өссөнийг ч хэлэх үү, өнөөх хувцас нь нүднээ үргэлж ил.
 
Түүнийг нь харах бүрийдээ өвөө шигээ мундаг цэргийн хүн болж ийм гоё хувцас өмсөх юм сан гэж дандаа бодно, өвөө минь ч өөгшүүлнэ. Ингэж л багаасаа цэргийн хүн болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн дээ. Тэгээд 3 дугаар ангид байхдаа “Тэмүүжин-Өрлөг” бүрэн дунд сургууль байгуулагдсаныг мэдээд тус сургуульд шилжин суралцах сонирхолтой байгаагаа аав ээждээ хэлэхэд миний хүсэл сонирхлыг маш сайхан дэмжсэн. Ингээд л 7 дугаар ангиасаа тус сургуульд шилжин суралцаж, цэргийн хүн болох шангаа татсан. Уг сургуулийн 4 дэх төгсөлт буюу 2019 оны төгсөгч. Урьд нь нийслэлийн 104 дүгээр сургуульд суралцдаг байсан юм.   
 
Аргагүй багаасаа энэ салбарыг сонгожээ. Одоо эргээд харахад сонголт нь хэр мэргэн санагдаж байна вэ?  
 
-Үнэхээр сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл би сонголтоо маш зөв хийсэн. “Тэмүүжин Өрлөг”-т элсээд л би өөрийгөө бага багаар өөрчилж эхэлсэн гэх үү дээ.
 
Ах захаа хүндлэх, аливаад тууштай, тэвчээр хатуужилтай байх, цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх гэх зэргээр их олон зүйлд суралцаж, өнөөдрийн түвшинд хүрэх сууриа тавьсан. Тэгвэл цэргийн сургуулийн сонсогч болсноор өөрийгөө илүү таньсан. Яагаад гэхээр тус сургуульд бүх зүйл хэмжээ хязгаар, дүрэм журам, дэг жаягт захирагддаг.
 
Өөрөөр хэлбэл, энгийн амьдрал дунд дур зоргоороо байхаас тэс ондоо. Эрх ямба ярихаасаа илүүтэйгээр үүрэг хариуцлагын тухай илүүтэй хөндөгдөнө. Утсаар ярих, интернэтэд орох, гадуур чөлөөтэй явах гэх мэтээс эхлээд эрхээ хязгаарлуулна, командад захирагдана. Тэгвэл энэ мэт шаардлагыг би хэрхэн хүлээн авч, ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдгээс л өөрийгөө таниад эхэлнэ гэсэн үг. Цаашлаад нөхөрлөлийн үнэ цэн, амьдралын утга учир, хүн байхын мөн чанар гээд бишгүй зүйлийг ухаарсан. Ингээд бодохоор манай сургууль бас давхар амьдралын их сургууль юм уу даа.  
 
Ингэхэд үлгэр дуурайлал авдаг цэргийн дарга нараа дурдаач гэвэл та хэнийг онцлох вэ? 
 
-Бахархан хүндэтгэж, үлгэр дуурайл авдаг хүн гэвэл Л.Онцгойбаяр генералыг онцолно. Тэр хүний биеэ авч яваа байдал, цэгц шударга харилцаа зэргээс цэргийн дарга хүн, эр хүн ийм л байдаг байх даа гэж эрхгүй бодогддог юм. Тиймдээ ч хамгийн залуудаа генерал цол хүртсэн байх. Мөн “Тэмүүжин-Өрлөг” бүрэн дунд сургуулийн цэргийн албаны ахлах офицер Б.Энхбаяр ахмадаас хүний мөс, хэзээд нэг л зангаараа байдаг эрхэм чанарыг олж хардаг. Биднээс болж удирдлагууддаа шүүмжлүүлэх, бидний өмнөөс хариуцлага үүрэх үе зөндөө л байсан. Тэр хэзээ ч чамаас, та нараас болж би цалингаа хасууллаа, шийтгүүллээ гэж шалчигнадаггүй. Ямар ч хариуцлагыг үүрсэн шиг үүрч чаддаг. Сайшаал магтаал хүртсэн байлаа ч түүндээ саагьдаггүй, бодь хүн. Тиймээс “Тэмүүжин-Өрлөг”-ийн сурагч байхаасаа энэ хүнээс үлгэрлэж, суралцаж ирсэн.  
 
Тэгвэл Жавхлантөгс өөрөө ямар зарчмыг баримталдаг вэ? 
 
-Хариуцлагатай, итгэл даах чадалтай эр хүн байхыг алхам тутамдаа эрхэмлэдэг. Хэн нэгэн дарга, багш нар маань надад ямар нэгэн ажил даалгахад түүнийг нь хамгийн богино хугацаанд, чинээнд нь тултал чанартай гүйцэтгэхийг хичээдэг. Учир нь тэр хүн надад итгэсэндээ үүрэг өгч, ажил даалгаж байна шүү дээ. Бас аливаад авхаалж самбаатай, гавшгайч байхыг эрмэлздэг. Хаана ч явсан би цэргийн сургуулийн сонсогч гэдгээрээ бахархаж харц дээгүүр явахаас гадна нийгэмд эерэг хандлага, зөв манлайллыг түүчээлэх нь бидний үүрэг. Жавхлантөгс гэхээс илүү ҮБХИС, цаашлаад батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэр эн тэргүүнд тавигдаж, олон нийтийн газар бид биеэ хэрхэн авч яваагаас, харилцаа хандлага ямар байгаагаас энэ салбарыг дүгнэдэг учраас би хэн байх вэ гэдгээ бодох ёстой. Энэ бол энгийн атлаа асар том хариуцлага. Түүнчлэн хүнд хариу нэхэхгүйгээр туслахыг зарчмаа болгодог. Нэг багшдаа, даргадаа тусалчхаад  хариуд нь чөлөө нэхээд зогсож байж болохгүй л дээ.    
 
Зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлөөс тань хуваалцвал...  
 
-Мэдээж сургуулиа төгсөөд аль нэгэн ангид томилогдоно. Хаана ч очсон хариуцсан ажлаа ягштал биелүүлдэг, үлгэр жишээч алба хаагч байх ёстой. Сонсогч болон офицер байх ялгаатай. Тиймээс хамгийн ойрын зорилго салааны чадварлаг захирагч байх. Цаашлаад дараа дараагийн шатны сургуульд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх.
 
Намайг нэгдүгээр курс төгссөний дараа надад Орос руу сургуульд явах санал ирсэн ч би тухайн үед татгалзсан юм. Орост сурсан, Монголд сурсан ялгаагүй. Яах вэ, хойно сурсан хүүхдүүд хэлтэй л болдог, тэрнээс жагсаалч дүрэмч байдлаа алдчихаад ирдэг талаар сонссон. Тиймээс татгалзсан хэрэг.
 
Харин академийн түвшний боловсролоо гадаадад тэр тусмаа Америк, Германд ч юм уу эзэмших зорилготой байгаа. Мэдээж үргэлжлүүлээд Зэвсэгт хүчний чадварлаг боловсон хүчнүүдийн нэг байж, өөрийнхөө чадах, хүрэх хэмжээнд хүрнэ. Зорилготой байгаад түүндээ хүрээд л байвал магадгүй генерал болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. 
 
Тэгэлгүй яах вэ, магад би хожим генерал Жавхлантөгстэй ярилцахыг хүсэж байна... 
 
-Баярлалаа. Ерөөлөөр болог ээ. Тэр үед илүү сайн ярилцлага өгнө өө.  
 
Тэгээрэй. Ингэхэд Жавхлантөгс хоногийн 24 цагийг хэрхэн удирдаж байна вэ? 
  
-Хичээл, бие даалт, диплом бичих, англи хэлний мэдлэгээ ахиулах гэх мэтэд л ихэнх цагаа зарцуулж байна. Миний хувьд “Мотобуудлагын рот говь талын нөхцөлд хориглох байлдааны онцлог” сэдвээр дипломоо бичиж байгаа. Англи хэлний мэдлэгээ ахиулахын тулд чөлөөт цагаараа голцуу хадмал орчуулгатай кино үзэж, шинэ үгүүдийг нь бичиж аваад цээжилдэг. Энэ арга нэлээд үр дүнтэй санагдсан. Мөн өрхийн тэргүүн, аав болоод амжсан хүний хувьд гэр бүлдээ цаг гаргах ёстой шүү дээ. 
 
Гэр бүлээ танилцуулж болох уу?   
 
-Эхнэрийг маань Б.Дэлгэрмаа гэдэг, ҮБХИС-ийн АБС-ийн Эдийн засаг, менежментийн тэнхимийн 4 дүгээр курсийн оюутан. Бид 2 дугаар курст байхдаа аав, ээж болсон. Аав болж байгаа тухай мэдээг анх сонсоод сандарч балмагдах, баярлаж хөөрөх зэрэгцсэн шүү. Тийм гэхийн аргагүй их л сонин мэдрэмж төрж билээ. Тэндээс бас л хариуцлага гэдэг зүйлийг илүүтэй ухамсарласан.   
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Сурлагын амжилт хүсье. 
 
 
Хошууч Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин