sonin.mn
Дэлхийн аваргын дэд байрын шагналт “Moon dance” бүжгийн хамтлагийнхан амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цэргийн алба хаагчдын талаар нэгэн эерэг давлагаа явуулав. Тэд Өвөрхангай аймагт томилолтоор ажиллахдаа “Энэ уулын тоо өнөөдрийн он, сар, өдрөөрөө байх юм. Өдөр болгон сольдог хэрэг үү. Цэргүүдээрээ бахархаж байна” гэсэн нь олны дэмжлэгийг ихэд авч, он, сарыг нь сольж байсан түрүүч, байлдагч нарын сайхан дурсамжаар булагдсан байв.
 
Өдөр бүр солигддог “Цорцой” буюу цэргийнхний хэлж заншсанаар “Соёмбот” хайрхны он, сар, өдрийг 4 дүгээр сарын 3-ны энэ өдөр Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч О.Бат-Эрдэнэ, Б.Отгондолгор нар хуваарийн дагуу өглөө эртлэн босоод солчхоод иржээ.
 
Тэдний хувьд цэргийн албанд татагдан ирснээс хойш 6 дахь удаагаа сольсон бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдын хамгийн дуртай үүрэгт ажлын нэг нь энэ гэнэ. Гимнастик, дасгал сургалт болдог, нөгөө талаар хайрхан дээр өглөөний ургах нарыг угтдаг нь сэтгэл санаа өргөхөөс эхлээд олон талын ач холбогдолтой байна. Хамгийн гол нь баруун аймаг болон нийслэлийг зорьж яваа тээвэрчдэд замч болж, он сар, өдрийг нь “сануулдаг” байна. Өнөө өглөөний “Соёмбот” хайрхныг өдрийг сольсон байлдагчийн нэг О.Бат-Эрдэнэ нь Архангай аймгийн Ихтамир сумынх. Дөрвөн хүүтэй айлын дундах нь. Аав Д.Одгэрэл, ээж О.Өрнөхжаргал нь нутагтаа малаа маллан амьдран сууж, том ах нь БНСУ-д ажиллаж, хоёр бага дүү нь сумынхаа сургуульд суралцдаг байна. 
 
Тэрээр 2017-2020 онд Техник Технологийн Политехник коллежийг хоол зүйч мэргэжлээр төгсөж, “Чингисийн хүрээ” амралтын газар тогоочоор ажиллаж байгаад цэргийн албанд хүсэл мөрөөдлөөрөө иржээ. Зураг зурах авьяастай. Сурагч, оюутан байхдаа уран зургаараа олон уралдаан тэмцээнд оролцож явсан авьяаслаг байлдагч маань цэргийн алба хаангаа солонгос, англи хэл суралцаж яваа гэнэ. “Нэг нэгнээсээ” гэсэн зарчмаар танкийн тусгай хорооныхон цэргийн сургалт бэлтгэлийн бус цагаар нэгэндээ хичээл явуулдаг ба үүний нэг нь хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх зорилтот ажил ажээ. Харин түүний нөгөөх байлдагч Б.Отгондолгор нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумынх. “Монгол цэргийн өдөр”-өөр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа уншигдсан “Тэнгэрт байгаа аавдаа" шүлгийн эзэн. Шүлэг, яруу найрагт дуртай тэрээр цэрэгт ирээд “эр цэрэг болох, аав шигээ эр хүн байх” тухай өгүүлэмжээр шүлэг тэрлэсэн нь Өвөрхангай аймагтаа тэргүүлж, мэргэжлийн жүжигчид тайзнаа уншин сонордуулсан нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээсэн билээ.
 
Байлдагч Б.Отгондолгорын зорилго офицер болох бөгөөд эхний ээлжид ангидаа цэргийн гэрээт алба хаагчаар улирахаар төлөвлөжээ. Цэргийн албанаас авсан хүмүүжил, төлөвшил нь түүнийг энэ зам руу хөтөлж байгааг онцолж, он, сар солихдоо тэдний онжавууд үргэлж дуртай байдаг, өрлөг хийхэд ердөө 5-хан минут л болдог гэж байв. 
 
 
Ташрамд онцлоход, “Соёмбот” хайрхны он, сар, өдрийг 1988 оноос хойш өдөр бүр тасралтгүй сольж байгаа бөгөөд 2020 онд тоо бичигдэх зайг төмрөөр зангидаж, өрлөг хийхэд илүү хялбар болгосон байна. Он солилогдоход салаагаараа, өдөр тутамдаа хоёр хугацаат цэргийн алба хаагч хуваарийн дагуу сольж, тээвэрчдэд замч хийсээр байгаа нь энэ билээ. 
 
Ахмад Д.БОЛОР
Эх сурвалж: "Соёмбо" сонин