sonin.mn
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дүрслэх урлаг” буландаа  зураач, барималч Д.Дорждэрэмийг онцолж байна. Тэрбээр саяхан өөрийн долоо дахь удаагийн  үзэсгэлэнгээ толилуулсан юм.  
 
МИНИЙ ХЭЛ БОЛ УРАН БҮТЭЭЛ МИНЬ
 
-Би ДУДС-ийн Уран зургийн ангийг 2005 онд төгссөн. Тухайн үед намайг илэрхийлж байсан ганц зүйл нь цаас, харандаа байлаа. Уран бүтээл хэмээх  ойлголтыг анх 25 насандаа мэдэрснээр миний хэл уран бүтээл минь болсон. Би үгээр бус бүтээлээрээ өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг.
 
Уран бүтээлч бүрт өөрийн  сахилга бат, дүрэм  бий. Аливаа бүтээлийн сэдэл санаа асар жижигхэн энгийн зүйлээс ургаж гаргах нь түгээмэл. Мөн ер бусын тохиолдол ч байна.  Дүрслэх урлаг ямар нэгэн тайлбаргүйгээр шууд уншигддаг онцлогтой. Дүрслэл нь өөрийн хэм хэмжээ, хэмнэл, цаг хугацааг агуулдаг.
 
Тиймээс үгээр тайлбарлах амаргүй. Магадгүй үг  мөхөс газар дүрслэл амилдаг байх. “Орон зай дахь өгөгдөл” бол миний  бие даасан долоо дахь үзэсгэлэн. Мөн 10 жилийн хөдөлмөрийн үр дүн. Нийт 18 бүтээл багтсан. Заалны багтаамждаа тааруулаад зарим бүтээлээ дэлгэж чадсангүй. Үзэсгэлэнг маань  үзэж байгаа хүмүүс амар амгаланг мэдэрлээ гэж хэлж байсан. Мөн би үзэсгэлэнгийнхээ хөгжмийг өөрөө бичсэн. Цогц ертөнцийг хөгжмөөр хүргэхийг зорьсон юм.
 
“ДҮРСЛЭХ УРЛАГ СЭТГЭЛГЭЭ ТАЛ РУУ ХӨГЖИЖ БАЙНА”  
 
-Анх уран бүтээл хийж эхлэхдээ бахархах мэдрэмж авдаг байлаа. Харин одоо аливаад уужуу ханддаг насан дээрээ иржээ. 10 жилийн өмнөх өөрийгөө одоо үетэй харьцуулахад их өөрчлөгдсөн. Туршлага болон аливааг сэтгэх цар хүрээ маань тэлсэн байх. Харин зан чанар, төлөвшил бол өөрчлөгдөөүй.
 
Би өөрийгөө сайн уран бүтээлч болсон гэж боддоггүй. Энэ насандаа ч амжихгүй  байх. Сайн гэсэн ойлголт руу дөхөх л болов уу. Орчин үед  дүрслэх урлаг сэтгэлгээ тал руу хөгжиж байна.
 
Шууд танихад хялбар бус дүрслэлүүд бий болсоор. Учир нь дүрслэл хувьсах төлөвтэй санагддаг. Олон талаар баяжиж, хөгжсөөр. Үзэсгэлэнгийн бүтээл бүр харилцан адилгүй хугацааг шаардсан. Зарим бүтээл 10 минутад "төрсөн" байхад  10 жилийн хугацаа зарцуулсан нь ч байна.  Би борооны дараах мөөг шиг олон бүтээл хийхийг зорьдоггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам бүтээсэн бүхэн шүүгддэг. Мөн уран бүтээл туурвих цаг  өөр өөр байдаг. Байгалийн гэрлээс хамаарч хийгддэг бүтээл гэхэд  тухайн нөхцөлд нь тааруулж урлана. Уран бүтээлч хүн өөрийгөө бүтээлдээ  шингээдэг мэт санагддаг юм.
 
 
 
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин