sonin.mn
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлж буй. Энэ хүрээнд Налайх дүүргийн гуравдугаар хороонд 100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо. Ингэснээр гуравдугаар хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байна.
 
Нийслэлийн 317 дугаар цэцэрлэг болж үйл ажиллагаа явуулах тус барилга нь хоёр давхраас бүрдэнэ. Давхар бүрд байрлах бүлгийн өрөөнүүдээс гадна хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, угаалга, индүүдлэгийн өрөө, гал тогоо, хүнс ногооны өрөө, душ, биеийн тамир хөгжлийн танхим, заах аргын танхимтай юм. Цэцэрлэгийн гадна, дотор камержуулалт, тоглоомын талбай, явган хүний зам, авто зогсоолын ажлыг бүрэн дуусгаж, ашиглагчид хүлээлгэн өгсөн бөгөөд үргэлжлүүлэн ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.
 
Барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Цац-Орхон” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.