1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өдгөөгөөс 110 жилийн тэртээ нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үед соёлын том хувьсгал байлаа.
Ийнхүү Монгол Улсад анхны тогтмол хэвлэл Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу нийслэл хүрээнд байсан оросын хэвлэлийн газрыг түшиглэн гарчээ.
Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг гэж нэрийдсэн энэ хэвлэл эхлээд 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад тараагдаж, цөөн хэдийг нь худалдаалдаг байжээ.
Энэ сониныг Судар бичгийн хүрээлэнг анх байгуулж, түүх, угсаатны зүйн тухай эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Буриад Монголын номын их хүн Жамсраны Цэвээн эрхлэн гаргаж байв.

“Шинэ толь” сэтгүүлийн эхний дугаарууд “Эрдэм сурахад эрхэмлэх дэвтэр” нэрээр шинжлэх ухааны сэтгүүл хэлбэрээр гарч байсан бол дөрөв дэх дугаараасаа улс орны нийгэм, улс төрийн амьдралыг тусгасан сонин болсон байна.

Сэтгэгдэл0