sonin.mn
Соёлын дэд сайд М.Батбаяр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фернандо Лугрис, II нарийн бичгийн дарга Гонзала Кастилло нарыг энэ сарын 7-нд хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар талууд Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярын хүрээнд санал солилцов.   
 
Уулзалтын эхэнд Уругвайн Элчин сайд Фернандо хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярын мэндийг хүргээд талуудын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. 
 
Хоёр улсын хувьд адил төстэй олон хүчин зүйл нэгтгэж байдаг учир  Монгол, Уругвай улсын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэх, талуудын хамтын ажиллагааг соёлын салбарт хөгжүүлж, тэр дундаа дүрслэх урлаг, уран зураг, хөгжим зэрэг салбарт хэлхээ холбоог нэмэгдүүлэх боломжтой гэдгийг цохон тэмдэглэв.
 
Мөн Монгол Улс Соёлын өвийн хадгалалт хамгаалал, биет бус өвийн хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг. Энэ хүрээнд Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас соёлын биет ба биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулахад дэмжиж, хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
 
Соёлын дэд сайд М.Батбаяр Уругвайн Элчин сайдтай дээрх асуудлаар санал нэгтэй байгаагаа илэрхийлж, Соёлын яаманд биечлэн хүрэлцэн ирж соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Уругвайн нэрт зураач Алфредо Гхиерра болон Матиас Гандуглигийн уран бүтээлийг дурсгал болгон гардуулан өгч байгаад талархал илэрхийллээ.   Соёлын дэд сайд М.Батбаяр Уругвайн Элчин сайд Фернандо Лугрисийг “Чингис хаан” музейд зочлохыг урив.