sonin.mn
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага 12 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо. 
         Энэхүү хамтарсан сургалт, дадлага нь Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын байгуулсан хэлэлцээрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд цэргийн инженерүүдийг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, мэдлэг ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 2014 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байна.
 
       “Зам-2022” хамтарсан сургалт, дадлагын нээлтийн ёслолд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого стратеги, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа М.Батболд, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн инженерийн дарга, дэд хурандаа Г.Мөнхбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар, Япон Улсын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ирики Ёохэй, сургалтын багийн ахлагч хошууч Такахара Хироказү нараар ахлуулсан хоёр орны инженерийн цэргийн алба хаагчид оролцлоо.
 
      Нээлтийн арга хэмжээнд бригадын генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Зам” хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдгийг онцлоод Монгол Улсын инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-д инженерийн цэргийн рот оролцуулах бэлтгэл ажилд энэхүү хамтарсан сургалт том дэмжлэг үзүүлж буйг ч онцоллоо. 
 
         Харин Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки “Монгол Улсын инженерийн цэргүүдийг суралцах чадвар маш өндөр. Өмнөх жилүүдэд япон сургагч багш нарын заавар, зөвлөмжөөр сургалт явагддаг байсан бол энэ жилээс монгол цэргүүд өөрсдөө бие даан удирдан явуулна. Манай сургагч багш нар зөвхөн зөвлөх үүрэгтэй оролцоно. Энэ нь монгол цэргүүдийг суралцах чадвар сайн, гүйцэтгэл өндөр, дасан зохицох онцгой авьяастай гэдгийг батлан харуулж байгаа хэрэг юм” хэмээн сургалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүссэн юм.
 
         Энэ удаагийн сургалт 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 20 гаруй хоногийн хугацаатай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийг түшиглэн  авто замын далан, ус зайлуулах байгууламж барих бөгөөд дадлагаар АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн зарим техник, тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулж, ашиглах юм. 
 
         Монгол Улс, Япон Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын офицер, ахлагч нарын авто зам, авто замын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг боловсруулах, барих чадвар дадлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор ийнхүү 8 дахь жилдээ 12 дахь сургалт, дадлагыг хамтран зохион байгуулж эхэллээ.
Арга хэмжээний төгсгөлд Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалтай танилцсан юм.
 
Ахлах дэслэгч Д.БОЛОР