sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Иллинойс муж улсын Чикаго хотын “Highland” паркт долоодугаар сарын 4-ний өдрийн парадын үеэр гал нээсэн этгээдийг цагдаагийн ажилтнууд баривчилжээ.
 
Гэмт этгээдийг гал нээх үеэр зургаан хүн амиа алдаж, 31 хүн шархадсан бөгөөд амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж холбогдох албаны төлөөлөгчид даваа гарагт мэдээлсэн байна.
 
Цагдаа нар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд гэмт этгээд болох 22 настай Роберт И Кримог баривчилжээ. АНУ-д энэ он гарсаар галт зэвсэг ашиглан олон хүний амь насанд хүрсэн 308 хэрэг гарсан гэж “Gun Violence Archive” байгууллага мэдээлжээ.
 
Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсгийн хяналтыг чангатгах хуулинд гарын үсэг зурсан юм. Буффало хотод зэвсэглэсэн этгээд 10 хүний аминд хүрсэн хэрэг гарснаас хэдхэн долоо хоногийн дараа АНУ-ын хууль тогтоогчид зэвсэгт хяналт тавих хуулийг төслийг баталсан билээ.
 
АНУ-ыг өндөр орлоготой бусад орнуудтай харьцуулахад галт зэвсгээр хүний аминд хүрэх гэмт хэрэг их гардаг. Тухайлбал, 2019 онд Америкт галт зэвсэгт өртсөний улмаас амиа алдсан хүний тоо 100 мянган хүн тутамд 4.12 байсан бол Канадад энэ үзүүлэлт 0.5 байжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг