Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлөөс санаачлан цэргийн алба хаагчдын ёс зүйн дүрмийг боловсруулан гаргахаар болжээ. Тиймээс тус зөвлөлийн гишүүн гавьяат багш, философич, доктор, профессор Б.Галиндэвтэй ёс зүй, ёс суртахууны талаар ярилцлаа.
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлөөс цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг боловсруулах гэж байна. Энэ тухай ярилцлагаа эхэлье...
-Хуучин бидний үед офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм гэж байсан. Одоо бол бараг мартагдсан зүйл төдий. Үүнийг сэргээе, шинэчилж дахин гаргая гэсэн санааг манай хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич, профессор С.Нарангэрэл гаргасан юм. Ингээд ажил хэрэг болгохоор бид зорьж байна. Ямар ч байсан дүрмээ шинэчлээд төслийг нь боловсруулна. Тэгээд нийт цэргийн алба хаагчид уг төсөлтэй танилцаад өөрийн санал бодлоо “Соёмбо" сониноор дамжуулан илэрхийлж болно. Өөрөөр хэлбэл, ёс зүйн дүрмийн шинэчлэлтэй холбогдсон өргөн хэлэлцүүлэг өрнүүлье гэж бодож байна. Дүрэм төслийн хэмжээнд боловсруулагдаад гарахаар та бүхэн ч энэ талаар нэгтгэл, ангиудын цэргийн алба хаагчдаас ярилцлага авч болох юм.
Төрийн хууль, тогтоомжуудыг мөрдөхөөс гадна цэргийн албаны тухай хууль, дүрмүүд гээд цэрэг хүнд мөрдөж баримтлах олон хууль дүрэм байна. Ийм байхад ёс суртахууны талаар ярих зай байна уу гэж хүмүүс асууж байна. Ганц хууль дүрмээр хүний бүх асуудлыг зохицуулна гэж хэзээ ч байхгүй. Тэр хүн анги, байгууллагын хашаанаас гараад хэн бэ гэдэг чинь их чухал. Тиймээс л бид ёс зүй, ёс суртахуун чухал гэж яриад байна. Цэргийн дарга нар ч энэ талаар бодох хэрэгтэй. Хэдий цэрэг ч гэсэн тэр хүнийг айлын ах, дүү, аав, ээжийн хүү гэж бодож ёс зүйн талаас нь сургаж, төлөвшүүлж баймаар байна.
Би цэргийн албыг эрчүүдийг тэсвэр хатуужил, үг сонсдог чадвар, тушаал биелүүлдэг гүйцэтгэгч чанар суулгадаг, хөдөлмөрч шинж чанарыг олгодог, эр хүнийг ирээдүйд эцэг хүн болоход нь нөлөөлж чаддаг тийм алба байгаасай гэж хүсдэг.
Тэр дундаа ёс зүйтэй иргэн хүн болгон төлөвшүүлэх нь одоогийн нийгэмд маш чухал болоод байна. Зэвсэгт хүчинд тийм боломж нь, нэр хүнд нь, сүр нь, тогтолцоо нь байна гэж хардаг.
Одоо цагт нийгэм даяараа ёс зүй, ёс суртахуун гэж их ярих болжээ. Тэгэхээр та философич хүний хувьд энэ тухай тайлбарлахгүй юу?
-Энэ бол эртний уламжлалтай философи ойлголт. Ёс зүй гэдэг нь ёс суртахууныг судалдаг философийн салбар ухаан. Ёс суртахуун гэдэг нь хүмүүс бидний зан үйлдлийн хэв маяг түүний төрхийг хэлдэг. Тийм болохоор ялангуяа монголд ёс суртахууныг олон талаас нь ухаж ойлгож, ярилцах хэрэгцээ шаардлагатай байна. Манай улсын хүн амын дийлэнх нь залуу хүмүүс байгаа нь ч уг асуудалтай холбоотой. Тэгэхээр бидний байгуулах гэж зорьж байгаа ардчилсан хэмээх нийгэмд залуу үеийнхэн маань төдийлөн дасан зохицоогүй байна. Тэд зан заншил, түүний хэм хэмжээг эзэмших цаг хугацаа болоогүй, хүний амьдралын туршлага багатай байдгаас ёс суртахууны алдаа гаргах нь элбэг. Залуу хүн бүрийн эн тэргүүний асуудал нийгэмдээ дасах, бүтээлч иргэн болох ёстой байдаг. Тэгж байж улс хөгжинө. Ерөөс ардчилсан нийгмийн нэгэн онцлог нь бид өөрсдийнхөө зан үйлдлийг өөрөө сонгох эрхтэйд байдаг.
Тухайлбал ямар зан үйлдэл сонгох боломжтой вэ?
-Монгол Улсын иргэд Үндсэн хуульд зааснаар 18 эрхтэй, хуулийн болоод журамт 8 үүрэгтэй. Энэ нь юуг хэлж байгаа вэ гэхээр иргэд ямар нэгэн гаднын шахалтгүйгээр ямар нэгэн намын үзэл сурталгүйгээр өөрсдийн зан үйлдлийг сонгох эрхтэй болсон. Хүнд буян эсвэл нүгэл үйлдэх нь миний дурын хэрэг болсон. Тэгээд ирэхээр яахын аргагүй хүний дотоод гэгээрэл, оюуны чадавх энэ нийгэмд зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.
Ахмад үеийнхэн “...Бидний үед хүмүүс ёс суртахуунтай байсан” гэж их ярьдаг. Үүнийг бид нэг талаас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь тухайн нийгэмд бид дур зоргоороо авирлах боломжгүй байлаа.Намын үзэл суртал, номлолын дагуу бид үйлдлээ хийх шаардлагатай байсан. Энэ нь явсаар хүмүүсийг хариуцлагаас бултдаг, бусдыг өөрийн хийсэн үйлдэлд буруутгах дадал зуршилтай болгосон.
Ерөөс ёс суртахуун гэдгийг бид энгийнээр сайн дураараа хүлээж авч байгаа дүрэм, үйлдэл гэж ойлгох хэрэгтэй. Би зүгээр л тэрбум мод тарих хөдөлгөөнд оролцъё, Туул голын захад очоод хэсэг газар цэвэрлэчихье гээд үйлдлээ сонгож байгаа маань ёс суртахуун юм. Тиймээс ёс суртахуун гэдэг нь хүнээс өөрийнхөө хийж буй үйлдлийг эргэцүүлж бодох оюун ухааны сэхээрлийг байнга шаардаж байдаг. Сайн үйлдэл хийж дадсан, муу үйлдэл хийж дадсан уу гэдгээ хүн өөртэйгөө ярьж тунгаан бодож байх нь чухал. Тэгэхээр монголчууд бид ардчилсан нийгмийн ёс суртахуун гэдгийг ойлгоогүй, энэ талын мэдлэг гэгээрлээрээ балчирдаад байна.
Таны бодлоор ардчилсан нийгэм гэж юу вэ?
-Амиа бодогчдын, өрсөлдөгчдийн нийгэм. Надад өмч хөрөнгө, эрх мэдэл, нэр төр хэрэгтэй. Гагцхүү энэ бүхнийг би өрсөлдөж байж л олж авна. Ийм үед хүний төрөлх араншин болох амиа бодох зөн совин байнга үйлчилнэ гэсэн үг. Социалист нийгэм бол хүний амиа бодох үзлийг хүчээр дардаг байсан. Гэтэл эрх чөлөөт нийгэмд гэгээрэл талаасаа шударга хүмүүс амьдарч байх ёстой. Тэгэхгүй бол өрсөлдөөнийг аль болох буруу аргаар ашиг хонжоо олох хэрэгсэл болгож ашиглаж байна. Тийм үзэлтэй хүмүүсийг уг нь нийгэм даяараа шахаж, хавчиж байх ёстой юм. Гэтэл одоогийн бидний байгуулсан нийгэм тэр түвшиндээ хүрээгүй. Бидэнд хуулиар олгогдсон эрх байх авч, үүргээ бас биелүүлэх ёстой. Үүнийг монголчууд мартсан. Харин сүүлийн үеэс нэлээд ярих болж, энэ нь сайн талтай.
Мөн ёс суртахууны нөгөө тал нь үнэт зүйлсийн тогтолцоо юм. Социалист нийгмийн үед нийтийн өмч хөрөнгийг хамгаалах, намын үзэл суртлыг дээдлэх, эх оронч байх зэрэг үнэт зүйлстэй байсан. Гэтэл ардчилсан тогтолцоонд хүний эрх, эрх чөлөө гэж гайхалтай үнэт зүйлс байх боловч түүнийг нь бид дур зоргоороо аашлах гэж ойлгосноос ёс суртахуун намаг балчигт шигдчихээд байна. Ганцхан баримт дурдахад, 1989 онд улсын хэмжээгээр ердөө 1900 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэтэл 2017, 2018 онд улсын хэмжээгээр тус бүр 32 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Ухаандаа Монголд гарч байгаа нийт гэмт хэргийн 50 хувь нь хулгай, 30 орчим хувь нь архины хамааралтай гэмт хэргүүд эзэлж байна. Өдөрт 150-200 гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгддэг. Энэ юу гэсэн үг вэ, нөгөө ёс суртахууны доройтол, уналт чинь айлын гэрт ороод ирчихсэн байна. Мөн ёс суртахууны үнэт зүйлсийн эрэмбэ алдагдсан. Ямар ч монгол хүнд эхлээд эх орон нь хамгаас үнэт зүйл байх болов уу, хоёр дахь нь хөдөлмөр гэдэг ч юм уу. Гэтэл өнөөдөр бүхний дээр мөнгө залрах болсон.
Ардчилсан нийгэм нь өөрөө хүнд нэр алдар, мөнгөний төлөө амьдрахаас өөр сонголт өгөхгүй байж болох юм ...
-Макс Вебр, Кант зэрэг эрдэмтэд ардчиллыг анх тодорхойлохдоо рациональ нийгэм гэж үзсэн. Өөрөөр хэлбэл оюун ухаанжсан, ёс суртахуунжсан хүмүүсийн нийгэм бөгөөд хоёрт ашиг, мөнгө гэж тодорхойлж байжээ. Далай ламын хэлж байгаагаар өнөөдөр буддын шашин дан ганц оюун ухааны ариусал гэж ярихгүй ээ, энэ цаг үед хүний материаллаг хэрэгцээг харгалзаж үзэхээс өөр аргагүй. Оюун ухааны ариуслыг эрхэмлэдэг гээд л зүгээр суугаад бясалгал хийгээд байвал ядуурч үхнэ шүү дээ. Үүнийг шашин ч мөн ойлгож байна. Ардчилсан нийгэмд хүн өөрийгөө таних нь хамгаас чухал. Ялангуяа харилцааныхаа түвшинд гаж хэлж болно. Хүмүүс бусадтай харьцахдаа өөрөөсөө доод зиндааны хүнтэй илүү дээрэлхүү, ноёрхсон, өөрөөсөө дээд зиндааны хүнтэй тэднийг магтсан, дулдуйдсан өнгө төрхийг их гаргадаг.
Олон улсын судалгаагаар монголчуудыг гедонист үзэл баримтлалтай гэж дүгнэсэн байна. Энэ нь зугаа цэнгэлд дуртай, чөлөөт цагтай байхыг хүсдэг гэсэн үг. Дандаа л тансаг амьдралаар амьдарч, зугаа цэнгэлтэй байхыг хүсэхээс бус хөдөлмөр хийгээд түүнийхээ төлөө шаналж явахыг хэн ч хүсэхгүй байна.
Гэтэл эсрэгээрээ Э.Хеменгуйэн “Өвгөн тэнгис хоёр” зохиолд загас барина гэдэг нь өвгөний амьдралын утга учир байдаг. Түүхий загас идээд далайд 85 дахь хоногтоо явж байгаа ч тэр өвгөн өөрийгөө ядуу зүдүү байна гэж гутралгүй загас баригдана гэсэн итгэлээр хөлгүй далайд хөдөлмөрлөж байгааг нь харуулдаг. Мөн хятадын “Амьдралын хүрдэнд зүдрэгсэд” гэдэг зохиолд хөдөлмөрийн төлөө бүхий л сэтгэл оюунаа зориулснаар хувь хүн, айл гэр, улс хэрхэн хөгжиж амжилтад хүрч болохыг харуулж байх жишээтэй.
Одоо бид яах вэ, ёс суртахуун ингээд мухардалд орчихлоо, таны хэлснээр намаг балчигнаасаа хэрхэн салах вэ?
-Бид ёс суртахууны институт гэдэг юмыг байгуулах хэрэгтэй. Энэ нь хувь хүн өөрийнхөө зан үйлдэлд ёс суртахууны хяналт тавьж чаддаг хэмжээнд хүрэхийг хэлж байгаа юм. Байгууллага, албан тушаалтан өөртөө хуулиас гадна ёс суртахууны хориг тавьж чаддаг байх хэрэгтэй. Байгууллагын соёлыг мөн ярих цаг нь болсон. Үүнийг ярихаар хүмүүс дүрэмт хувцсаа сайхан өмсөөд өрөө тасалгаандаа цэвэр нямбай сууна гэж ойлгодог. Хүмүүсийн бие биетэйгээ харилцдаг харилцаа, үнэлгээний үнэн шударга тогтолцоо, байгууллагыг авч яваа оюуны өндөр чадвартай хүмүүсээ сонсох, бусдыг дээдлэн хүндэтгэх, бизнес, үйл ажиллагааны шударга зарчмыг баримтлах зэрэг нь байгууллагын соёлд хамаарна. Тэгэхээр хувь хүн, нийгмийн гэгээрэлтэй шууд холбогддог учир ёс суртахууны институтчилэл нь алгуур бүрэлдэн тогтдог гэж ойлгож болно.
Нөгөөтэйгөөр хуучин дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал Цагаан сараар айл бүр ууц тавьж байна. Тэр ууцаа гурав хоногийн дараа хог дээр хаяна. Энэ чинь бидний хоцрогдсон дадал зуршил амь бөхтэй байгаагийн тод илрэл юм. Цагаан сараар л элбэг дэлбэг байвал тэгээд миний тэр жилийн насан туршийн амьдралын утга учир шахуу юм ярьж байна. Ингээд 30 хоног идэх хүнсээ 3 хоног ч идэж амжилгүй хог дээр хаяж байдаг ийм үндэстэн монголоос өөр дэлхийд алга.
Өдөр шөнөгүй мэдээллийн дарангуйлалд автаж байна. Сарын өмнөөс телевиз радио, сонин сэтгүүл гээд бүх мэдээллийн хэрэгслээр ул боов чихэр, шарсан тахиа, кока кола сурталчлаад байдаг. Түүний оронд хөдөлмөрийг, номыг сурталчилж байгаа нэвтрүүлэг байна уу. Үзэж байгаа кино бүрд нь дандаа цагдаа гардаг болсон. Хоёр сайхан залуу үерхээд явж байхад гэнэтхэн цагдаа гараад ирдэг. Энэ чинь юуг хэлээд байна гэхээр манай уран бүтээлчдийн сэдвийн хүрээ дэндүү явцуу болсныг харуулж байгаа юм. Амьдрал баян шүү дээ, гэтэл дандаа сүүдэртэй талыг нь гаргаад байхаар хүмүүст энэ нь уран бүтээл бус дарамт болж харагдаад байна шүү дээ.
Ялангуяа хүн утга, уран зохиолоос амьдралын мөн чанар, нинжин сэтгэлийг авдаг гэж би боддог...
-Урлаг, уран зохиол маш чухал. Гагцхүү уран зохиолоос хүмүүний амьдралын мандсан, зовсон, хуурсан, атаархсан, дурласан, хаягдсан гээд ер нь бүхий л дүрийг харж, ойлгож болно. Миний хувьд сүүлд Чехийн Меландр Гундериа хэмээх зохиолчийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” хэмээх номыг уншлаа. Тус бүтээлд эр, эмийн хоорондын ажлыг тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй гэж хэлсэн байх юм. Гэтэл түүний оронд “тэвчихийн аргагүй хүнд оршихуй” гэж бас нэг аргументийг гаргажээ. Энэ нь хайр сэтгэлийнхээ төлөө, амьдралынхаа төлөө хариуцлага хүлээх, хүн байхын тулд бэрхшээлийг давж байгаа чанарууд, мэргэжилдээ уран чадвар үзүүлж байгаа хүмүүсийн оршихуй гэж тайлбарлажээ. Үнэхээр зүгээр суугаад орших бол амархан, гэтэл боловсрол мэдлэгтэй, авьяас чадвартай болоход маш хэцүү шүү дээ. Ихийг бодогдуулсан маш сайн ном байсан.
Тэгэхээр залуус маань хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ бол ардчилсан нийгмийн эд эс болж яваа иргэн хүн бүрийн үнэт зүйл байх ёстой юм. Түүнээс бус зүгээр сууж байгаад, зугаалж цэнгэж байгаад элбэг дэлбэг амьдарчихъя гэж бодоод байвал тэр хүн ч, тэр улс ч доройтон үгүйрэхийн шинж шүү дээ.
Хэдий тийм ч гэлээ нийгэмдээ хөдөлмөрлөж, үлгэр жишээ болж байгаа залуус их байна гэж хардаг...
-Цар тахлын улмаас манайд сүүлийн хоёр жил эмч, сувилагч нар үнэхээр их хөдөлмөрлөсөн. Ерөөс тухайн нийгэмд эзэлж байгаа хүн амынх нь 90 хувь нь ажил хөдөлмөр хийж байвал хөгжин цэцэглэхийн үндэс гэж үздэг байна.
Ёс суртахууны институт байгуулахад нөлөөлдөг бас нэгэн, гол зүйл нь шашин. Манайд шашны гэгээрэл тал нь алга болоод зан заншил тал нь хөгжсөн. Шашин нэг бол гэгээрүүлнэ, нэг бол мухар сүсэгтэн болгоно. Манай лам нар Шинийн 8-ны дотор заслаа хийлгэ гэж хүмүүст тулгаж байна. Тэгээд аргаа барахаараа Шинийн 15-ны дотор хийлгэвэл буяны дээд буян болно гэж байх жишээний. Гэтэл яг сургаал талаасаа би хэзээ ч буян хийж болно. Би өөрөө л нүгэл үйлдэхгүй байх нь чухал. Германы философич Ф.Ницше хүртэл “Хүн ч бус, бурхан ч бус шашин бидний өмнөөс шийдвэр гаргаад байна, тийм учраас бурхан үхсэн” гэж хэлж байлаа. Тиймээс чи өөрөө л шийдвэрээ гаргана, түүнийхээ үр шимийг хүртэнэ гэдгийг манай залуус ухаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр шашин өөрөө нийгмийг авч явдаг гол оюун санаа. Протестант шашны зүгээс “Хэрвээ чи бурхны шавь юм бол хөдөлмөрлө. Энэ бол өөрийгөө чи бурханд үнэнч байгаагаа илэрхийлж буй гол зүйл” гэж сургадаг. Энэ нь капитализмын. гол үндэс байх жишээтэй.
Ярилцлагынхаа төгсгөлд та юуг тодотгох вэ?
-Ингээд эцэст нь хэлэхэд “Соёмбо" сониныг би соён гэгээрлийн сонин байгаасай гэж хүсдэг. Ялангуяа Б.Чантуу эрхлэгчийн үед танай сонин нийгмийг тэр аяар нь реформ хийхэд оролцож байсан гавьяатай. Тийм болохоор эдүгээ та бүхэн хүмүүсийг соён гэгээрүүлсэн нийтлэлүүд бичиж байвал их зүгээр. Өнөөдөр өдөр тутмын хэвлэлүүдээс уншчихаар сонин ховор байна. “Өдрийн сонин” бол их л алдартай сонин. 2021 оны дугааруудыг нь шүүгээд үзэхэд нийтлэлч Б.Баабар, яруу найрагч Д.Урианхай, философич Б.Батчулуун, С.Молор-Эрдэнэ нарын бичсэн нийтлэлтэй цөөхөн хэдэн дугаарыг л онцолж болж байна. Өөрөөр хэлбэл, жилийн хугацаанд бараг 240 гаруй дугаарынх нь арав хүрэхгүй хувь нь хүмүүст хэрэгтэй байна гэсэн үг. Сэтгүүлчид биднээс толгой дээгүүр байхын тулд их юм унших хэрэгтэй байна. Ерөөс ардчилсан нийгэм амиа бодсон, эд материал, нэр хүндийн төлөө нийгэм юм бол үлдсэн онгорхой орон зайг нь соён гэгээрлээр л нөхөхөөс өөр замгүй. Монголчууд бид амиа бодохоос илүүтэй нийгмийн үнэт зүйлээ боддог, бусдыг боддог өргөн ухаарал руу явах хэрэгтэй болж байна. Иймд сэтгүүлч та бүхнИй оролцоо маш чухал юм шүү.
Ярилцсанд баярлалаа
Ахмад М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл(30)
Maanaag j dondognood mad
Б.Галиндэв мэтийн коммунистууд Украйнд дайн өдөж ичихгүй буруугаа украйнд тохсон явж байна даа
Ардчилсан хэмээх нийгэмд залуу үеийнхэн маань төдийлөн дасан зохицоогүй байна гэнээ. Яг үнэндээ комунист нийгэмд амьдарч байсан ялангуяа пост комунист буюу 60-80 оныхон энэ улсыг удирдаж байгаа бөгөөд дутагдлын синдромтой энэ үеийхэн Монголын нийгмийг дампууруулж, ардчилалыг гажуудуулсан. Энэ өвгөн өөрөө ч ардчилалын талаарх ойлголт нь маш буруу юм байна. Ийм байж хүүхдүүдийг буруутгаж, заах гэдгээ боль. харин өөрсдөө хүүхдүүдээсээ сур
ЭНЭ ХҮН АХМАД ГЭЭД ӨӨРИЙГӨӨ ӨРГӨМЖЛӨӨД КОММУНИЗМ ГЭХ СЭТГЭЛГЭЭ ӨВЧНӨӨСӨӨ САЛААГҮЙ .ӨНГӨРСӨН НИЙГМЭЭ САНАСАН ДЭЭР ҮЁИЙН НЭГ ХУРГАН ДАРГА БОЛОЛТОЙ.АЛЬ.1930 ОНД ГЭНДЭН БОДОО НАР БАЯЖИГТУН,ЧИ ТА БАЯН БОЛ УЛС ОРОН БАЯН ГЭЖ ХЭЛСЭН ТЭР ХҮМҮҮС ОДОО БАЙСАН БОЛ МӨНХ ЗОРИГ ГЭДЭГ НӨХРИЙГ ҮНЭХЭЭР ИХ ШООЛОХ БАЙСАН БАЙХДАА.ЭНЭ НЬ 1990 ОНД МАХНыг ТАРААГҮЙН ГОРЫГ ЭНЭ ХҮН ЭРГЭЖ БУЦААД ЭДЛЭЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА .
Өөрөө ардчилал хүний эрх, эрх чөлөөнөөс өөр ардчилалын талаар юу ч мэдэхгүй байж битгий ичихгүй худлаа мэдэмхийр.
Олонд түгээхээр ярилцлага байна.
САЙН ӨГҮҮЛЭЛ БАЙНА. ЮМ УНШДАГ, СЭТГЭН БОДОХ ТАЛААС НИЛЭЭД БОЛОМЖИЙН ЭРДЭМТЭН БАЙНА АА. БАЯРЛАЛАА. ҮНЭНИЙГ ӨГҮҮЛЖЭЭ. ЯЛАНГУЯА ШАШИН, ХӨДӨЛМӨР, МОНГОЛЧУУДЫН ӨНӨӨГИЙН ЗАН ТӨЛӨВ, АМЬДРАЛЫН ДЭГ ЖАЯГИЙН ТАЛААРХ НЬ ТААЛАГДЛАА. ҮНЭНИЙГ ӨГҮҮЛСЭН БАЙНА.
Тийм байнаа
Нилээд дээхнэ уед л Цэргийн дээд сургуулийн багш Галиндэв гэдэг хуний бичсэн зуйлийг нь уншаад Энэ хун Мон хол явна даа гэж боддог байлаа, Энэ бодол одоо ч хэвээр, Маш ойлгомжтой, энгийн сайхнаар унэнийг онолын ундэстэй нь бичсэн Байна, хэнээс ч илуу бичжээ, хун ард Минь уншаасай, амьдралдаа хэрэгжуулээсэй билээ
ihl muu uls um daa
Энэ өвгөний хэмжээнд сэтгэлгээ нь хөгжсөн хүн ховор доо , хоол - мөнгө хоёр бодсон л амьтас , гэгээд цаашилбал хулгай - залилан - луйвар , оргил нь ДЭЭРЭМ - Эрдэнэт - ЖДҮ - Капитал банк - хөгжлийн банк шиг ...
Yoooy yuun kommunist ardchilala yariad unav aa? uuchlaarai, turd baigaa 76 daa l ardchilal uhamsar zaa.
тийм дадал хэвшилтай болгосон байна. Түүнээс ийм үзэлтэй байгаагүй.
Хүн төрлөхтөн жинхэнэ бурханаасаа холдсоноос болж баахан худал измд төөрсөн
Ergeed komunist niigem ruu gee orokh geed baigaa yum uu ..? Ta tegj bolokhgui..! Ard irgediig khet tseregjsen baidald oruulakh zokhisguim ! Ta mash buruu onol gargaj bna..!
1) Ардчилсан нийгэм гэдэг бол төр нь хүний эрхийг дур мэдэн зөрчдөггүй бөгөөд хууль зөрчсөн нэг ч хүнийг зүгээр өнгөрөөдөггүй хатуу арга хэмжээ авдаг улсыг л хэлдэг юм!! 2) Монголчууд хөдөлмөрлөх дургүй, найр цэнгээнийг шүтдэг үзлийг Төр засаг нь улам дэвэргээд хөөргөөд байдгийг болимоор байна!! Төр засаг нь ямар араншинтай байна, ард иргэд нь мөн л тийм хүмүүжилтэй байдаг!!
.iim yum yariaad baij bolokhgui. ! Iim khachin khuuchinsag uzel bodoltoi komunist setgekhuitei Khonotsiin archaagui yaduulag barimjaataigaar Uls orniig avch yavna genee..! Ene met Iim Teneg bolkhiduu uvgersen khugshirsen Setgelgeegeer Mongoliin khoich ireedui khol yavakhgui..!
За даа ухаарал хайрласан дүгнэлттэй ярилцлага болж,залуус үүнийг ухаж ойлгодог ч болоосой,гол алдаа нь залуусын ухамсар,мэдлэг ,ёс суртахуун,хүмүүжил асар их доройтсон үнэнийг олж харах мэлмийгүй болсон нь энэ бүхнийг бий болгож байна.Зөв л хэлж байна.Өнөөдрийнхөөрөө байна гэдэг нь өчигдөрөө мартана гэсэн үг биш шүү дээ????
Цагаан сараар айл бүр ууц тавина. 3 хоногийн дараа хог дээр хаяна. Энэ хүн юу ярина вэ!
Гедонист үзэл баримтлал гэж юм байхгүй байхоо, харин гедонист буюу зугаа цэнгэл хөөдөг ДАДАЛ ЗУРШИЛТАЙ хэсэг бүлэг хүмүүс бол бий л дээ !
Сайхан нийтлэл байна. Залуус өөр болсон залуусаасаа суралц л гэх юм. Яг үнэндээ тэд өөр болсон юм байхгүй тэдний сэтгэлгээг өөрчлөх ухааруулах хэлэх цаг нь болсон.
Амьдрал мэддэггүй өвөө байна даа.
Сайхан мал шиг өвгөн бн даа, яриа нь авах юм алга
“Амиа бодсон, алдар нэр хөөцөлдсөн, эд мөнгө олох гэж зүтгэсэн үзэл бодлыг Ардчилал гэнэ”гэсэн утгатай үг нэлээд гарчээ. “Ардчилсан үзэл бодлын нэг гол үнэт зүйл нь хүний эрх, эрх чөлөө” гэдэг ойлголт биз дээ! Гэхдээ таны эрх, эрх чөлөө бусдын эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагддаг. Туйлын хязгааргүй, дураараа дургина гэсэн үг биш биз дээ! Дээрх нэгэн хүний бичсэнчлэн, төр засаг, иргэн хүн нь ч хүний эрхийг зөрчин хохироодоггүй, хууль шүүх хүн бүхэнд тэгш хандан, шударга шүүж чаддаг байхыг л Ардчилал гээд байгаа шүү дээ! Эрхтэн дархтанд хууль зөөлөн үйлчилдэг, жирийн иргэдэд хатуу чанга ханддаг байвал нөгөө Ардчиллын мөн чанар утга учраа алдчихна биз дээ! Энэ мэтээр Ардчиллын тухай ярилцах зүйл их байгаа байж магадгүй шүү!
Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг юм.
Ардчилалын мөн чанарыг ч ойлгоогүй өвгөнкоммунист байна ш дээ. Нэг л их хуучнаа магтан дуулсан хүмүүс олширлоо. Пост коммунист, төлгөн коммунист, өвгөн коммунистууд алга болж байж монголд гэрэл гэгээ гийж магадгүй
Галиндэв гуай сайн философич хүн. Өвөрмөц сэтгэлгээтэй, туйлшраад байдаггүй. Энэ ярилцдагад маш үнэ цэнэтэй санаа, дүгнэлтүүд оржээ! Ухаарч эрэгцүүлж бодвол сайнсан!
Eр нь шинэ зууныхан дэлхий даяараа тиймэрхүү хандлагатай болж байгаа л даа. Z generation үeийнхэн бол их сургуульд сурахыг чухалчилдаггүй гэж байгаа. Өмнөх зуунуудыг бодвол элбэг дэлбэг бүх юм нь бэлэн амьдарч байгаа, үйлдвэрлэл бүтээгдхүүн нь ихдээд байгалиа цөлмөөд дуусч байгаа мэт ч нөлөөлж байна. Монголчуудын хувьд эртнээсээ дэлхийн эзэн хаад хийгээд бусдаар юмаа бэлдүүлж сурсан, цөөхүүлээ болохоор өрсөлдөөн бага, өлсөж зүдэрч үзээгүй, нутаг орон нь элбэг сайхан гэх мэт бас нөлөөлөх
Маш их өөртэйгөө зөрчилдөж явдаг эрдэмтэн бна гедион зөв ч гээд доор нь хөдөлмөрлөж зовч гээд ер нь коммунист сэтгэлгээний төөрөдөл гажуудлын биет төлөөлөгч ажээ
Ойрд ийм гоё нийтлэл уншсангүй. Би нээх унших дуртай нэгэн биш, гэхдээ энэ нийтлэл өөрийн эрхгүй дуустал нь намайг уншуулж чадлаа.