sonin.mn
Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад зориулсан “Москва-300”, “Залуус-600”, “Эко-400” хороолол баригдах тухай чихэнд чимэгтэй мэдээ амнаас ам дамжин яригдах болсон нь саяхан. Тэгвэл өгөөмөр Баян-Өндөр хайрхныхаа бэлд, өнөр Эрдэнэт хотынхоо хоймор дэнжид “Уурхайчин-1” хороолол сүндэрлэн босож, орон сууцтай болох гэсэн залуусын мөрөөдөл биелэв.
 
Энэхүү бүтээн байгуулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн нэгэн төсөлт ажил юм. Уг хорооллын барилгын гүйцэтгэгчээр Химон, Немон компани ажилласан. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох цутгамал ханатай, карказ ашиглан барьсан тус хороолол нь дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн, хямд төсөр, чанарын өндөр түвшинд баригдсанаараа онцлогтой. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засгийн асуудал хүндэрсэн өнөө үед Эрдэнэт үйлдвэрээс өөр ажилтнуудаа орон байраар хангаж буй газар байхгүй л дээ. Бахархмаар шүү. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа орон сууцаар хангах тулгамдсан асуудлыг эхлэн шийдэж, “Баатар” үйлдвэр, ямагт хөгжил дэвшлийн түүчээ болж явдгаа дахин харууллаа. Эрдэнэт үйлдвэр хөгжлийн болон үйлдвэрлэл, нийгмийн чиглэлийн хүрээнд ажлаа төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжин баталж өгсөн.  
 
 
Энэ ажлын хүрээнд “Уурхайчин - 2, 3” хорооллууд ирэх жилүүдэд баригдана. Тэгвэл “Химон констрашн” ХХК нь “Уурхайчин-1” дөрвөн блок 288 айлын орон сууцны  хорооллын барилгыг орчин үеийн шинэ төлөвлөлтөөр нийтийн эзэмшлийн талбайд ресепшин, нэг давхартаа оршин суугчдад ойр үйлчилгээний зориулалттай өрөө тасалгаа, супермаркет, фитнесийн үйлчилгээтэйгээр барьжээ. Мөн гаднаа хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбайтай цогц хотхоныг сүүлийн үеийн шинэ материалаар чанарын өндөр түвшинд барьж, Улсын комисст хүлээлгэн өгсөн нь энэ. 
 
 
Тус хорооллын гаднах инженерийн шугам сүлжээ, тохижилт, зам талбайн ажлыг гэрээний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгөөр гүйцэтгэсэн нь манай аймгийн хэмжээнд шинэлэг, үлгэр жишээ, оршин суугчдын тав тухыг хангасан цогц бүтээн байгуулалт болов. Тэгвэл “Неман констракшн” ХХК  “Уурхайчин-1” орон сууцны хорооллын Д, Е блокын 96 айлын орон сууцыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Түүнчлэн “Уурхайчин-1” хорооллын гадна цахилгааны дэд өртөөний барилгууд болон холбоо дохиолол, гадна гэрэлтүүлгийн ажлыг “Одкон холдинг” ХХК гүйцэтгэсэн аж.  Үүнээс гадна “Бизайн Жи”, “Криетив Монголия”, “Их нэмүүн, “Гурван тэс”, “Мөнх-Оргил трейд”, “Тарвачинбүүлэн” зэрэг компаниуд тус хорооллын зураг төсөл, гаднах инженерийн шугам сүлжээ, зам талбай, геологийн болон байгаль орчны үнэлгээ, хөрсний геологийн дүгнэлтийн  зураг төсвийн ажлыг гардан хийсэн байна.
 
Эдгээр хороолол гурван өөр газар баригдах байсан ч асуудлыг аймаг орон нутгийн үе үеийн удирдлагуудтай харилцан зөвшилцөж зөв шийдэлд хүрсэн байдаг. “Уурхайчин-1, 2, 3” хороолол ашиглалтад орсноор 6000 орчим хүний амьдрал ахуй дээшилж, сайн сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ. Дашрамд өгүүлэхэд тус үйлдвэр уул уурхайн хүнд үйлдвэрийн хувьд ажилтнууддаа Монгол улсдаа жишиг болсон олон төрлийн тусламж, дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж, нийгмийн хамгааллын олон талт бодлого хэрэгжүүлдэг. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилд 1490 ажилтанд орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь нийт 16.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байх жишээтэй. 
 
 
Одоогоос 40 гаруй жилийн тэртээ Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн илгээлтийн эзэд Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад гар бие оролцсон түүхтэй. Тэд Эрдэнэт үйлдвэрийг өдий зэрэгтэй авч явж ирсэн гавьяатнууд гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Эдүгээ үе үеийн уурхайчдын залгамж халаа үйлдвэрийн түүхийг бичих болов. Эрдэнэт үйлдвэртээ заяагаа холбосон эдгээр залуусыг орон сууцаар хангах зорилгоор “Уурхайчин-1, 2, 3” хорооллыг барих төсөл хэрэгжүүлэх нь нийгмийн захиалга байсан. Энэ асуудлыг шийдэн “Уурхайчин-1” хорооллын эхний ээлж ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч 384 ажилтан ая тухтай, тохилог орон сууцад аз жаргалтай, ажиллаж амьдрах нөхцөл ийнхүү бүрдлээ.