sonin.mn
ТОКИО. /Mainichi/. Японы эдийн засаг энэ оны 7-9 дүгээр сард өмнөх улирлынхаас 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувиар агшжээ. Үүнд “COVID-19” цар тахлын улмаас онцгой байдал тогтоосон, дэлхий нийтийг хамарсан чип, эд ангийн хомсдолын улмаас автомашины борлуулалт, экспорт саарсан нь нөлөөлсөн байна.
 
 
 
Засгийн газраас танилцуулсан урьдчилсан мэдээлэлд дурдсанаар, дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ буюу улсын хэмжээнд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт хэмжээ хоёр улирлын хугацаанд анх удаа буурсан дүн үзүүлж байна. Энэхүү үзүүлэлт нь өмнөх улиралд 1.5 хувиар өссөн юм. 
 
 
 
Эдийн засагчид гуравдугаар улиралд ДНБ 0.6 хувиар агшина хэмээн таамаглаж байсан ч ийнхүү 3 хувиар буурчээ. Тухайн улиралд хэрэглээний зардал 1.1 хувиар буурсан байна. Энэ нь Японы олон мужид халдварын тархалтыг хязгаарлахын тулд 10 дугаар сарын 1 хүртэл олон сарын турш онцгой байдал тогтоож, хүмүүсээс гэртээ байхыг хүсэж, зоогийн газар, цэнгээний газруудын ажиллах цагийг богиносгож, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хязгаарласантай холбоотой байна. 
Мөн Зүүн Өмнөд Азийн орнуудад “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдсэний улмаас автомашины эд анги хомсдож, дэлхийн дахинд хагас дамжуулагчийн хомсдол нүүрлэсний улмаас автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулахаас өөр аргагүйд хүрсэн юм. Автомашины үйлдвэрлэл буурснаар бизнесийн хөрөнгө оруулалт, экспортын хэмжээ 3.8, 2.1 хувиар тус тус буурчээ. Засгийн газар ДНБ-ий шинэчилсэн мэдээллийг 12 дугаар сарын 8-нд танилцуулах төлөвтэй байна. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг