sonin.mn

...Сүхбаатар дүүргийн чанх баруунталд байрлах "Голомт" банкны ATM машины дэргэд олон хүн дугаарлан зогсоно. Оочерийн гуравдугаарт байсан туранхай залуу хэн нэгнийг дуудсанаа төдөлгүй яваад очив. Төд удалгүй буцаж ирээд эгнээндээ орох гэтэл ард нь байсан 30 орчим насны дунд зэргийн нуруутай, дэгжин нүдний шил зүүсэн хүүхэн дүрсхийн уурлалаа.


"Чамайг энд байсныг мэдэхгүй юм байна. Би яарч байна" хэмээн ам хэлээ билүүдлээ. "Та намайг хараа биз дээ. Би таньдаг хүнтэйгээ уулзаж мэнд мэдчихээр ирлээ" гэж туранхай залууг учирлавал нөгөө бүсгүй "ёстой мэдэхгүй юм байна. Үхсэнээ хийх гэсэн гарсан юм бэ" гэж илт гүжирдээд залууг түлхэх мөртөө урдуур нь дайраад орчихлоо. Залуугийн дургүй гэнэт хүрсэн бололтой "Өө муу хөдөө царайлсан маанаг чинь яах нь вэ. Бичиг үсэг мэдэх үү чи" гэж хэлээд тавьчихав. Бөөн хэрүүл...



Хэдхэн хормын өмнө тайван амгалан байсан орчин "дайны байдалд" шилжих нь тэр. Бүсгүй яарч байж болно. Гэхдээ өөртэйгөө адилхан дугаарлан зогсоо хүнийг эхэлж хэл амаар доромжлох эрхтэй гэж үү? Хэчнээн их яарч байгаагаа эелдэгээр хэлж гуйсан бол амгалан тайван байдал ингэтлээ алдагдахгүй байсан нь тодорхой.


...Өдрийн 12 цаг. Баян-хошууны (урдуураа) автобусанд олон хүн байлаа. Үстэй малгай духлуулсан 40-өөд насны хүн орж ирээд мөнгөө төлөв. Кондуктор тасалбар өгсөнгүй. Зорчигч ууртай нь аргагүй тасалбар нэхэв. Мөнгө хураагч ч тэр дор нь таслаад өгөв. Гэхдээ дуугүй байсангүй "Өөр бас байгаа шүү. Хэдийг авмаар байна" гээд боодол тасалбар гаргаж ирж даажигнав.


Энэ байдал тэр зорчигчийн дургүйг бүр хүргэв бололтой "Муусайн новшнууд, цусалж ханадаггүй хулгайчууд. Та нар билет таслахгүй байж үнээ нэмнэ гэж юу хуцаад байгаа юм бэ" гэж агсарч гарлаа. Согтуу юм уу гэтэл тийм шинж огт алга. Кондуктор ч мөчөөгөө өгсөнгүй "Цуслахгүй яадаг юм. Чи харваас бүтэхгүй амьтан байна. Тийм л сүрхий юм бол хувийн унаагаараа явахгүй яасан юм. Чадалгүй дээ л ингэж яваа ш дээ" хэмээн гал дээр тос нэмлээ.



Бусад зорчигчдоо хүндлэх ухамсар аль алинд нь алга. Гэхдээ буруутан нь мэдээж мөнгө хураагч. Нийтийн тээврийн хуулийн дагуу зорчигч мөнгө төлөх, кондуктор тасалбар тасалж өгөх үүрэгтэй. Гэтэл мөнгө хураагч зорчигчийн дургүйг хүргэх үйлдлийг өөрөө гаргасан нь тодорхой. Автобус бол олон нийтийн газар гэдэг ухагдахуунд зүй ёсоор хамаарна. Энэ утгаараа амгалан тайван байх ёстой орчин гэдгийг хаа хаанаа бодох цаг болжээ.



...1 дүгээр сарын 27-ний бүтэн сайн өдөр. Сонинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд орших хүнсний зах. Махны лангуун дээр 40 гаруй насны эмэгтэй төрөл бүрйин мах худалдаалж байлаа. Гэтэл нэгэн настайвтар эр орж ирээд лангуун дээр нь гялгар ууттай зүйл шидчихэв. Худалдагчаас гадна бүгд гайхаж, зарим нь багагүй цочив. "Чи ийм мах өгөхдөө ичээч. Энэ чинь даагдахын аргагүй хатуу юм байна. Мөнгөө буцааж авая" гэж нөгөө эр танхим дүүрэн хашгирав.


Худалдагч эмэгтэй "Бусад нь аваад болоод байхад чи юун маягтай юм бэ. Манай зарсан мах биш л байна. Муусайн юмнууд хэл ам хийх байсан юм бол үхсэнээ хийх гэж авсан юм бэ" гэж тачигналаа. Бараг 10 минут хэртээ хэрүүл болов. Арай соёлтой байрын хоёр залуу авах гэж байсан махаа орхиод хурдан гарч одлоо. Нэгэн өвгөн "Улаан махны хэрүүл хийгээд яасан бузартай хогнууд вэ" гэж хэлсэн ч "байлдагч талууд" сонсохыг хүссэнгүй.


Ийм сөрөг энерги шингэсэн газраас хэн хоол хүнснийхээ зүйлийг авах билээ. Хүн хэлээрээ, мал хөлөерөө гэдэг шиг учир зүйгээ ололцох ухаан худалдагч, худалдан авагч хоёрын хэн хэнд нь байсангүй.


...Хотын төвд орших "Моносын" хаягтай эмийн сан. Өдрийн 13 цаг. Нэгэн намхан залуу орж ирээд хоолойны эм асуув. Эмийн санч нуруулаг эмэгтэй дуртай дургүй босч жижиг шилтэй эм авч өгөв. Залуу үнийг нь асууснаа "Эм импексийн эмийн санд хамаагүй хямд байсан даа" гэвэл эмийн санч өгсөн эмээ шүүрэн авсанаа "Тэр газраасаа очиж авахгүй юу. Чамд тоож өгөхгүй" гэж үстэй толгой босмоор тийм муухай хахир хатуугаар зандрав.



Нөгөө залуу ч эм авсангүй гараад явав. Хүнийх гаднах байдлаар нь харж харилцдаг зан тэр эмийн санчаас үнэртэх шахам мэдрэгдэж байлаа. Хэрэглэгч хаан гэдэг маань нэг талаас худалдан авагчаа хүндэлж харилцахыг л хэлээд байгаа хэрэг шүү дээ. Худалдааны соёл гэдэг үнэт зүйл зарим газарт үнэхээр үгүйлэгдэж байгаагийн нэгэн жишээ бол энэ.



...Сүхбаатар дүүргийн баруун хойно орших найман нэрийн хүнсний дэлгүүр. 6, 7 дугаар ангийн бололтой хоёр хүүхэд орж ирээд тамхи авая гээд мөнгө сарвайв. Худалдагч хүүхдэд тамхи өгөхгүй гэвэл "Тэнэг авгай чинь орлогодоо цадчихаж" гэж том хүнээс гарамгүй бүдүүлэг том үг хэлээд хаалга савж одлоо. Нийслэлчүүд бидний амьдралд өдөр бүр тохиолддог энэ хэдхэн нийтлэг үзэгдлээр жишээ татвал бид зан харилцааны хувьд бүрэн эвдэрснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ.


Хамгийн харамсалтай нь насанд хүрэгчид нь иймэрхүү байгаа юм чинь хүүхэд багачууд ямар орчинд өсч хүмүүжих нь тодорхой. You tube сайтад тавигдсан багш, шавь хоёрын зодооныг өчнөөн зуун хүн үзсэн юм билээ. Багш нь нэгэн эмэгтэй шавиа учир зүггүй загнаж гарлаа. Өөрийг нь хүндэлсэнгүй гэж уурссан бололтой юм. Өнөөх нь ойлгох нь битгий хэл урдаас нь том дуугаар хэрэлдэж, түүгээр ч барахгүй үс гэзэгнээс нь зулгааж байх юм.


Сурагчтайгаа зүй бусаар харилцсан багшийн буруу байж болно. Гэхдээ сурагч хүн түүнээс дор авир гаргаж болно гэж үү? Уг нь монголчууд зан суртахууны асар баялаг уламжлалтай ард түмэн шүү дээ. Хүүхэд багачууд ахмад настны дэргэд хашгирч орилж, хараал хэлэх нь битгий хэл хамаагүй хөдөлгөөн хийх цээртэй байлаа. Залуучууд ч гэсэн өөрөөсөө ахмад хүнээ тохойноос нь өргөн хүндлэж, эвгүйхэн харах вий гэхээс эмээдэг байсан юм.


Ахмад, эгчмэд хүмүүстэй хэрэлдэж муудалцахыг ёс суртахууны том доройтол гэж үздэг байлаа. Тэр сайхан уламжлал өнөөдөр бүрэн алдагдсан байна. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт ардын уламжлалт ёс заншилтай холбоотой хичээлийг зориуд бодлогоор оруулах цаг болжээ. Нөгөө талаас 21 дүгээр гараад 10 гаруй жил өнгөрчихөөд байхад монголчууд бид иргэнжиж, соёлжих цаг болжээ. Харилцааны соёлоор тухайн нийгмийн хөгжил илэрхийлэгддэг нь даанч үнэн. Иргэнших, бидний хэлдгээр хотжих гэдэг маань ухаандаа олон нийтийн газар биеэ зөв авч явахыг л хэлдэг шүү дээ.


Д.Дорж

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"