sonin.mn
Ихэлийн татлага танхимын жаврыг үргээлээ. Баяд ястны өмсгөл зүүсгэлээр гоёсон азай буурал хурсан олны мэлмийг мялаан бийгээ биеллээ. Биелээчийн хөдөлгөөнөөр түүний сэтгэл хөдлөлийг мэдэрч болох ажээ. Аз жаргал, баяр хөөрөөр бялхсан буурлын нүүрэнд мишээл тодорно. Дахин давтагдашгүй соёлын өвийг тээж үр хойчдоо өвлүүлэн үлдээж буй эрхмийн алдар Ж.Хумбаа.
 
Алс хол Увс аймгаас нийслэл Улаанбаатар хотыг зорьж ирсэн тэрбээр Монгол Улсын соёлын биет бус өвийн 2020 оны шилдэг өвлөн уламжлагч болжээ. Бүр тодруулбал, Ж.Хумбаа гуай Монгол Улсын соёлын биет бус өвийн гурав дахь шилдэг өвлөн уламжлагч юм. Түүнээс өмнө 2018 оны соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар олноо “Дөмөн” Дулмаа хэмээн алдаршсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дуучин Д.Дулам, 2019 оны шилдэг өвлөн уламжлагчаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, туульч А.Балдандорж нар шалгарч, “Хүндэт өргөмжлөл", мөнгөн шагналыг гардан авч байсан юм. Хэдийгээр цар тахлын аюул нэмэгдсэн ч Монгол Улсын Соёлын яам цөөн тооны хүнтэйгээр биет бус өвийг уламжлагчтай уулзаж, урамшуулсан юм. Энэ үеэр түүнтэй хэсэгхэн хором хөөрөлдсөнөө уншигчдадаа хүргэе.
 
Та сайхан намаржиж байна уу?
 
-Сайхаан сайхан намаржиж байна уу.
 
Та нийслэл Улаанбаатарт ирээд удаж байна уу. Нутгаасаа хэдийд гарсан бэ? 
 
-Би нутгаасаа гараад гурав хонож байна. Энд ирээд Улаанбаатар хот сайхан хөгжиж байгааг харлаа. Би Монголын шилдэг өвлөн уламжлагч болсон юм. Намайг шагнахаар болсныг дуулаад хотод ирээд байгаа нь энэ. Өнөөдөр шагналаа гардаж аваад маш их баярлаж хөөрлөө.
 
 
 
Ёстой амьд явсны минь зол, хөдөлмөрлөж хичээсний баяр болж байна. 
 
 
 
-Нутгийн зон олон, айл саахалтын хүмүүс таныг шилдэг өвлөн уламжлагч болсныг мэдээд хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Гоё хүлээж авсан шүү. Би бушуухан нутгаадаа явна. Намайг шавь нар минь хүлээж байгаа. Эндээс очихоор тоглолт хийж угтана гэсэн.
 
-Увс аймагт таны олон шавь бий юү?
 
-Тийм ээ. Тооцож бол үзээгүй. Гэхдээ олон шавь бий. Би хүнд зөвхөн бий биелгээгээ заадаггүй. Дуу, шүлэг гээд мэддэг, чаддаг бүхнээ өвлүүлэхийг хичээдэг. Дээр үед одоогийнх шиг дуучин, дууны шүлэг бичдэг хүн тусдаа байсангүй. Аргал түүгээд, хонь хариулж байгаа хүн ч дууны үг зохионо.
 
 
Ж.Хумбаа гуай баяд биелгээ, ихэлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр шавь сургалт явуулахын зэрэгцээ Улаангом сумын “Парчин” төв, баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай” төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна. Мөн 20 гаруй удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож, “Цацал”, “Ихэл хуурын эгшиг”, Монгол, Францын хамтарсан “Морин хуур”, “Баядын хуримлах ёс” зэрэг баримтат кинонд шавь нарын хамт тоглосон бөгөөд “Ихэл хуурын эгшиг” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байсан юм. 1942 онд мэндэлсэн тэрбээр баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна.
 
-Хүн аз жаргалаар баялхаж баяраар хөөрөөр дүүрэн байхдаа хамгийн хайртай хүмүүсээ боддог. Тэдэнтэй баяртай мөчөө хуваалцахыг хүсдэг шүү дээ. Шилдэг өвлөн уламжлагчийн шагналаа аваад энэ тухайгаа хамгийн түрүүнд хэнд хэлмээр санагдсан бэ?
 
-Аав ээжийгээ л хамгийн их саналаа. Тэдэндээ хэлмээр болдог юм байна. Өнөөдөр энд надтай хамт миний гижигдэж төрсөн дүү минь ирсэн. Надаас насаар бол хоёрхон дүү юм. Бас намайг хүндэлж ирсэн бүх хүнд баярлаж байна. Тэгээд их баярлахаар даралт өгсөөд болохгүй юм.
 
-Бий биелгээг та хэнээр заалгуулж сурсан бэ?
 
-Увс аймгийн Малчин суманд бий биелдэггүй хүн бараг байхгүй. Баяр наадам болохоор манай суманд 100 биелээч гараад суучихна шүү дээ. Одоо харин хүүхдүүд оюутан болоод яваад байна. Гэхдээ л манай Малчин сум хуур, биелгээ хоёрын төв.
Сумын хүмүүс манайд хүүхдэдээ бий биелгээ заалгахаар дагуулж ирдэг. Намайг дэмжиж хуур, ихэлийг хүртэл олон болгож өгдөг юм. Соёлын байгууллагаас намайг их дэмждэг.
Тэдний хүчинд бий биелгээ, ихэлээ гэрээрээ зааж байна.
 
-Бий биелгээ зан үйлийн, аж байдлын гээд олон төрөл. Та эдгээрийн алинаар нь гаршсан бэ?
 
-Биелгээний найман татлага бий. Тэрүүгээрээ татдаг, биелдэг. Түүнийгээ цааш нь хүүхэд залуустаа уламжлан зааж байна. Би хазах, хайрахаас бусдыг хийхийг хичээдэг. Шүлэг унших дуртай. Би есөн настайдаа нэгдүгээр ангид орсон. “Чойбалсан багадаа” гэдэг шүлгийг тухайн үед багш зааж өгснийг одоо хүртэл мартаагүй. Хэсгээс нь уншвал чи сонсох уу. 
 
-Сонсъё.
 
-Турван баяны зусланд түмэн сүрэг бэлчиж
Хот айлуудын гэрээс аргалын утаа суунаглана
Айл гэрийн хаяанд уяатай хурга ярайж
Хонин олон сүрэг нь хот дүүрэн налайна
 
Баян хотын захад түмэн сүргийн дэргэд
Малчин бор царайгаа магнай дүүрэн дэлгэсэн
Хүрэн дурдан алчуураар толгойгоо ороосон
Цэнхэр чисчүү дээлээ цэвэрхэн гэгч нь өмссөн
 
Өндөр гуалиг нуруутай 
Өргөн хүрэн царай 
Дорнод талын малчин залуу бүсгүй Хорлоо....” Би энэ шүлгийг хамгийн түрүүнд сурсан болохоор мартагддаггүй юм.
 
 
Улаанбаатар хотноо зохиогдсон “Алтан тулга" ардын урлагийн их наадам /1980, 1981/, Ардын язгуур урлагийн улсын 1, 2 дугаар үзлэг /1983, 1988/, Олон улсын кино наадам /1989/, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ардын урлагийн их наадам /2001/, ЮНЕСКО-гийн Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах наадам /2007/, язгуур урлагийн “Ойрад түмэн”наадам /2016/, “Нүүдэлчин монгол-2018” соёлын биет бус өвийн наадам зэрэг улсын болон олон улсын чанартай наадамд тус тус оролцож, алтан тулга, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, язгуур урлагийн уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн “Өвлөн уламжлагч", Монгол Улсын шилдэг “Өв тээгч” медаль, ЮНЕСКО-гийн “Хүндэт өргөмжлөл”-өөр Ж.Хумбаа гуай шагнуулж байжээ. 1990 онд БНХАУ, 2002 онд ОХУ-ын Тува улсад аялан тоглолт хийжээ.
 
 
 
Монгол түмний үндэсний уламжлалт өв соёл-бий биелгээ, ихэл хөгжмийн урлагийг өвлөж, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлст түүний оруулсан хөдөлмөр, зүтгэл, гавьяаг үнэлж 2012 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын билэг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэж батламж олгожээ.
 
 
 
Мөн түүний хөдөлмөрийг үнэлж 2007 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан тэмдэг, 2008 онд төрийн дээд шагнал “Алтангадас” одон, 2009 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль зэрэг шагналаар шагнаж байжээ.
 
1982 онд авсан шагналаа одоо хүртэл хадгалдаг гэсэн. Тухайн үед ямар уралдаан шалгаруулалтад оролцож тэр шагналыг авсан юм бэ?
 
-1982 онд язгуур урлагийн анхдугаар наадам болоход морин хуур тоглодог эмэгтэй хүн байгаагүй. Циркийн манежанд 37 хуурч сууснаас ганцхан эмэгтэй нь би байсан юм. Цэдэнбал дарга манай Увс аймгийн Давст сумын хүн шүү дээ. Биднийг хуураа тоглож дууссаны дараа уралдааны ялагчийг зарлахад манайх нэгдүгээр байр эзэлж шагнуулахад Цэдэнбал дарга гардуулсан юм. Тухайн үед би тэр хүнийг өмнө нь хараагүй байсан болохоор таниагүй. Даргын гарын үсэгтэй үнэмлэх, алтан медаль одоо хүртэл надад бий.
 
-Танайхыг их өнөр өтгөн гэж сонссон. Таны хүүхэд, ач зээ нараас арвин эрдмийг тань уламжилсан хүн байна уу? 
 
-Зөндөө олон хүн сурсан. Би найман хүүхэдтэйгээс зургаа нь охин, хоёр нь залуу. Тэднээс над шиг сурсан нь Дэлгэр гээд миний охин байна. Ач зээ нараас ч миний эрдмийг өвлөсөн хүүхэд олоон.
 
“Яриа хөөрөө надад зөндөө байна. Даанч би ядраад байх юм” гэснээр бидний яриа өндөрлөлөө. Хумбаа гуай энэ уулзалтын маргааш нь нутаг руугаа буцсан юм. “Амьд байвал буцаад ирнэ. Тэр үед надтай таньдаг хүн шигээ уулзаарай” хэмээн захисан нь сэтгэлд үлджээ.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин