sonin.mn
Номыг хавтсаар нь бүү дүгнэ гэж. Яг энэ үг амьдрал дээр биелсэн мэт бодол Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн үүдээр орох үеэс төрж эхлэв. Дэгсдүүлж хэлэхэд гаднаасаа навтгархан харагдах ч дотроо их ажил буцалдаг байгууллага аж. Цогц задлан шинжилгээ, мөн мэс заслын дараах аливаа эд эрхтэнг шинжилж, оношилдог байна. Оношийг эрт тогтоох нь эмчлүүлэгчдэд тустай, дараагийн арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлдэг гэж ойлгоход болно.  
Хүлээж авсан шинжилгээгээ бүртгэж дугаарлахаас эхлээд олон шат дамжлагатай. Тухайн эдээс зүслэг хийж дээж авна, түүнийгээ зориулалтын самбайд бооно. Үүний дараагаар спиртээр угааж, усгүйжүүлэлт, тосгүйжүүлэлт хийгдэнэ. Залгуулаад лааны тосон дамжлагаар оруулж, цутгалт хийгдсэнээр зүсэхэд бэлэн болдог аж. Зүсэж гаргасан нимгэн эдийг хатааж, будганд оруулна. Дээр дурдсан дамжлага тогтоосон цаг хугацаатай. Сэрэмж, хяналт алдах эрхгүй гэсэн үг. Энэ мэтчилэн энгийн хүний нүдээр хараад ойлгоход бэрх үйл явц өрнөдөг юм байна.
 
 
УОК-ын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Цэргийн төв эмнэлэг коронавирусийн  халдвартай иргэдэд үйлчлэхээр болсон. Энэ үед Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн байрыг улаан бүсэд оруулж, хөл хөдөлгөөнийг хязгаарласан байна. Үндсэндээ 7 сарын турш эмнэлгийн байр эзэнгүй байсан гэж ойлгож болно. Үүнээс үүдэж арчилгаа тордолт, засвар үйлчилгээ хийгдэлгүй байсаар өнгө төрх нь гандаж гундсан, саяхнаас байрандаа орсноор арай л амьтай голтой боллоо гэдгийг тус эмнэлгийн дарга О.Дөлгөөн хэлсэн. Ер нь өвлийн цагт жиндүүхэн, халаалт муу, дотроо давчуу, өрөөний хүрэлцээ тааруу, засвар хийгдээгүй бөгөөд сүүлийн жилүүдэд ийм байдалтай явж ирсэн гэдгийг ч ажилтан алба хаагчид учирлаж байв. Төсвийн хүрэлцээ, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал байдаг л байх. Гэхдээ ийм хүнд нөхцөлд ажиллана гэхээр толгойд ер буухгүй. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний эрч наашлах үед хэрхэх нь Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийнхэнд одоогоор асуулт болж үлдлээ. Үүнтэй зэрэгцээд цогцос хадгалах байранд усны хэрэглээ тасарсан, бохирын асуудал шийдэгдээгүй гээд толгойны өвчин бас бий ажээ. 21 дүгээр зуун, дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн IV хувьсгал гэж тодорхойлсон энэ үед тус эмнэлэгт техникийн шинэчлэл үгүйлэгдэж байна.Тоног төхөөрөмжүүд нь хуучирсан, зарим нь тэртээ 1980 оны үед хамаарна. Яах вэ, болгоод л ирсэн юм байна. Цаашид цаг үеийн шаардлагад тэнцэхгүй л болов уу гэж халаглахаар. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаа тасалдуулалгүйгээр явуулж ирснийг тус байгууллагын ажилтан, алба хаагчдын мэргэжил, ур чадвар, хариуцлага, хандлага, сэтгэлтэй л холбож тайлбарлана.
 
Ямартаа ч дээрх асуудлууд шийдэгдэж, тэдний магнай тэнийгээсэй гэж хүсэх байна.
Тус эмнэлгийн дарга О.Дөлгөөн үргэлжлүүлэн “Манай байгууллага галт зэвсэг, хутга, хордлого зэргээс шалтгаалсан нас баралтуудын дараах задлан шинжилгээг хийх үүрэгтэй. Чиг үүргийн хувьд бүсчилсэн хэлбэрээр ажиллахаар зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ачааллыг багасгаж Сүхбаатар, Баянзүрх дүүргийн иргэд, хохирогчдод үйлчлэх, гэмтлийн зэргийг тодорхойлох чиглэлд анхаарч ажиллана гэсэн үг. Ерөнхийдөө үйл ажиллагааны цар хүрээ өргөснө. Дан ганц Батлан хамгаалах салбарынхаа ажилтан, алба хаагчдаас гадна иргэдэд хүрч ажиллахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл алсын хараагаа тодорхойлж байгаа нэг хэлбэр. Цар тахал хумигдаж, нөхцөл байдал сайжрах үед энэ ажлыг хэрэгжүүлж эхэлнэ” гэв.
Ингэж ярихад нь ажлын ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх гэсэн ойлголт төрж, дагаад хүний нөөцийн асуудал хөндөгдөв. Уг эмнэлгийн хувьд хоёр шинжээч эмчтэй байх ёстой. Одоогоор нэг шинжээч эмчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг хүнд ногдох ачаалал харьцангуй өндөр байгаа гэсэн үг. Шинжээч эмчийн гол давуу чанар нь хүний их эмч, дээр нь хэргийн газарт очиж үзлэг хийдэг онцлогтой аж. Өөрөөр хэлбэл, нэг талдаа эмч, нөгөөтэйгөөр цагдаа гэсэн үг. Сүүлийн жилүүдэд шүүхийн анагаах ухааны чиглэлээр шинжээч эмчээр бэлтгэгдэх боловсон хүчин маш дутагдалтай байдаг, мөн нөхөн хангалтаа хийж шинжээч эмч авах талаар анхаарч ажиллаж байгаагаа эмнэлгийн дарга хэлсэн. Ер нь цогцост үзлэг хийнэ гэхээр бага зэрэг халширч, бэргэх мэдрэмж төрдгөөс хамаарч шинжээч эмч болох хүсэлтэй хүн цөөн байдаг болов уу гэсэн бодол төрснөө нуух юун. Тэгээд ч улсын хэмжээнд шинжээч эмч тун цөөн бэлтгэгддэгээс үзвэл маш нарийн мэргэжил бололтой дог.
Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн дарга О.Дөлгөөний хувьд 2012 онд ЭМШУИС-ийг хүний их эмч, ИЗОУИС-ийг 2015 онд хуульч мэргэжлээр төгссөн анагаах ухааны магистр зэрэгтэй боловсон хүчин. Эмч, мөн эрх зүйн зохих мэдлэгтэй байх нь энэ байгууллагын ажлыг урагшлуулахад бага ч атугай нэмэртэй болов уу гэдгийг тэрээр хэлсэн.
 
 
Ирэх жилүүдэд дэвшүүлсэн томоохон зорилтуудын нэг нь 2022 онд магадлан итгэмжлэлд орох. Ажилтан алба хаагчид бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүднээс ажлын хариуцлага, үйлчилгээний чанар хүртээмжээ сайжруулах талаар онцгой анхаарч байгаагаа ч дуулгасан.    
Дараагийн дугаарт, байгууллага удирдаж байгаа хүнд аль ч цаг үед ажилтан, алба хаагчдын ур чадвар, мэдлэг, боловсролын асуудал дээгүүрт эрэмбэлэгдэх эрх ашиг мөн. Энэ чиглэлд анхаарсан бодлогын хэрэгжилтийн зах зухаас дурдвал АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж тус эмнэлгийн алба хаагчдыг 6 сарын хугацаатай ойрын зайн сургалтуудад хамруулахаар болжээ.                
Зарим иргэдийн дунд тогтсон ойлголт гэвэл тус эмнэлгийг цэргийн гэдэг онцлогоор нь үйлчилгээг нь хязгаарлаж хардаг гэнэ. Гэвч улсын хэмжээнд галт зэвсэг, хутга, хордлогоос шалтгаалсан ослуудын дүгнэлтийг гаргадаг чухал нэгж нь Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлэг юм байна. Хэрэв та дээрхтэй адил ойлголттой байсан бол үүнийг мэдээд авахад илүүдэхгүй биз. Үйл ажиллагаа, гүйцэтгэдэг үүргийн хувьд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхээс ялгарах юмгүй, яг л адил. Гэвч боломж нөөц, ашиглаж буй тоног төхөөрөмж, байр сав нь харьцуулахын аргагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг бодоход атаархангуй, Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийг харахад харуусангуй.   
            
Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлэг улаан бүсэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар, батлагдсан дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллаж байна. Ингэхдээ нэг шинжээч, нэг туслах ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд коронавирусийн халдвараар нас барсан тохиолдолд цогцсыг хадгалах, ариутгах, буяны байгууллагад шилжүүлэх үүргийг хүлээдэг. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үндсэн үүрэг бага зэрэг хумигдсан ч улаан бүсэд ажиллана гэдэг чанга. Эрсдэл, ачаалал дунд л ажил өрнөнө. Цэргийн төв эмнэлгийн үүдээс цогцос хадгалах байр хүртэл зөөвөрлөх нас барсан иргэний биеийн жин хүнд хөнгөн гээд янз бүр. Буяны байгууллагын жолооч нараас туслах, туслахгүй гээд алаг цог. Туслах нь бараг л цөөдөж таардаг гэх. Жолоочийн ард бас амьдрал, гэр бүл байдаг болохоор өөрийгөө эрсдэлээс хамгаалахын тулд тэгж бэргэх нь арга ч үгүй биз. Эхэндээ тиймхэн байсан ч сүүлдээ тамирдаж эцэхээ ч нэг их ойшоохоо больж. За тэгээд ажилтан алба хаагчид шөнө орой дуудагдах нь олон. Эндээс унаа тэрэгний асуудал сөхөгдөнө. Уг нь хоёр машины квоттой. Одоогоор нэг нь ч алга. Хэдэн цагт дуудагдсан ч бэлэн байх ёстой тул ирж л таарна. Шөнө дунд дуудагдлаа гэж бодъё. Тэр холоос ирсэн хүн буцаад харихын эцэсгүй. Сэтгэл шулуудаад л өглөөтэй золгож, ажилдаа орцгоодог. Ийм тохиолдол цөөнгүй гэнэ. Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний цогцсыг чандарлах дүрэмтэй. Тиймээс цогцсыг чандарлуулахаар буяны байгууллагад хүлээлгэж өгдөг гэж байна. Энэ үед анхандаа Мэргэжлийн хяналт болон ЗӨСҮТ-өөс томилогдсон бүрэлдэхүүн хяналт тавьж, ариутгалаа хийдэг байжээ. Гэсэн ч ЗӨСҮТ-ийн ачаалал нэмэгдсэний улмаас Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн алба хаагчид өөрсдөө ариутгалаа хийдэг болсон гэв. Мөн нас барсан иргэний цогцсыг буяны байгууллагын машинд зөөвөрлөхөд холоос хараад зогсож байгаа ар гэрийнхнийх  нь дүр зураг сэтгэлд гуниг хуруулаад хэцүүхэн байдаг тухай ч улаан бүсэд ажиллаж буй алба хаагчид санаашрангуй хэлж байв. Ойр дотныхоо хүнийг үдэж өгч байгаа болохоор иргэдийн зүгээс янз бүрийн зан үйлийн шинжтэй хүсэлтүүдийг ч их тавьдаг гэв. Тэгэх бүрд нь өндөр эрсдэлтэй, дээд байгууллагаас өгсөн чиглэл, тушаал, заавраа мөрдөж ажиллахгүй бол болдоггүй гэдгийг учирладаг байна. Тус эмнэлгийнхэн улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад олгодог цалин, урамшууллын гадна үлдсэн байх юм. Энэ ч мөн бодох л асуудал. Уг нь улаан бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч нартаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байна гэсэн сэтгэлээр алагчлалгүй хандах ёстой.
 
Лабораторийн техникч Ж.Эрдэнэцэцэг улсад 30 гаруй, мэргэжлээрээ 20, Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлэгт 10-аад жил ажиллаж буй. Түүнтэй хамт ажиллаж байсан Н.Цэцэнжаргал гавьяаныхаа амралтад гарчээ. Ж.Эрдэнэцэцэгийн хувьд ч ялгаагүй тийм цаг ойрхон байгаа гэв. Гэхдээ түүнээс урьтаж 2 лабораторийн техникчийг бэлтгэх, ажлын байранд нь сурган дадлагажуулах үүрэг түүнд ногдсон аж. Өөрөөр хэлбэл, залуу үеэ яах билээ гэсэн асуултыг Ж.Эрдэнэцэцэг өөртөө тавьж, гавьяаныхаа амралтад гарахаас өмнө хариултыг нь олох даалгавартай үлдсэн гэхэд болно.  
Тэрээр “Бид бусад үед ч цогцос хүлээж авах, хадгалах, хүлээлгэн өгөх үүрэгтэйгээр ажилладаг. Энэ жилийн хувьд, улаан бүсэд, цар тахлын эрсдэл дунд үүрэг гүйцэтгэж байгаагаараа нэг төрлийн сорилттой тулж байна. Энгийн үед манай эмнэлэг жилдээ 3000 гаруй мэс заслын шинжилгээг хийдэг” гэв. Лабораторийн тоног төхөөрөмжийн хувьд, хоцрогдсон гэдгийг дээр дурдсан даа. Үүнээс шалтгаалан шинжилгээ, оношилгоог хийхэд гар ажиллагаа маш их шаарддаг бололтой. Нэгээхэн жишээ нь л гэхэд эд эсийг уусмалаас уусмал руу гараараа дамжуулдаг байдал. Автомат дамжлагатай лабораторитой болчихвол хөдөлмөрийн бүтээмж ч эрс сайжирна гэдгийг хэн хүнгүй л хэлж байв. Орчин үеийн лабораторийнх шиг өрөө тасалгаа нь хүрэлцээтэй биш байхын зовлонг Ж.Эрдэнэцэцэг хамгийн ихээр мэдэрдэг гэнэ. Лабораторийн өрөөндөө өөрөө суухын зэрэгцээ шинжилгээгээ хийдэг аж. Тойроод л олон төрлийн химийн бодис. Уг нь стандартын дагуу бол наанадаж 2-3 өрөө хэрэгтэй гэдэг нь илэрхий. Эхлээд Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн байр сууцны асуудал шийдэгдсэн цагт мэдээж лабораторийн талаар яригдаж эхэлнэ. Тэгэхээр цаг хугацааны хувьд тоймтой тоо гарч ирэхгүй байгаа юм. Зарим аймгийн төвүүдийн лабораториудаас ч хоцрогдсон гэдгийг хэн бүхэн хэлж байсныг зориуд тэмдэглэе. Ер нь тус эмнэлгийнхэн цаг ямагт хэзээ, хэрхэн гэдэг асуулттай тулгарч байна. Ж.Эрдэнэцэцэг “Сүүлдээ ч бараг үүнтэйгээ эвлэрэх шахам ажиллаж байна. Би ч яах вэ, харин шинэ хүн ирэхээр яадаг юм бол доо” гэж шогширч суусан.     
      
Ер нь лабораторийн ажил Ж.Эрдэнэцэцэгийн олон жилийн туршлага, мэдрэмжээр явж ирсэн гэхэд хилсдэхгүй. Тэрээр цогцос хүлээн авах, хадгалах, буяны байгууллагад хүлээлгэн өгөхөд олон удаа үүрэг гүйцэтгэж, тэгэхдээ ямар хүндрэлүүдтэй учирснаа ч нүдэнд харагдтал өгүүлсэн. Хамгийн гол нь улаан бүсэд ажиллахад иргэдийн ойлголцол хамгийн чухал гэдгийг онцолж байв. Иргэд сэтгэл хөдлөлөө барьж чадаагүйгээс цогцсыг журмынх нь дагуу хүлээлгэн өгөхөд саад болох зүйлсийг ярьж, хэлдэг, бүр үйлдэл ч хийхийг оролддог гэж байна.
Эмгэг судлаач, ахлах шинжээч эмч, дэслэгч Д.Мөнх-Оргил 2018 оноос тус эмнэлэгт ажиллаж байна. Улаан бүсэд хамгийн их ачаалал авч ажиллаж байгаа түүний үндсэн үүрэг нь шинжээч томилох эрх бүхий этгээдийн тогтоолоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийх. Тэрээр “Одоогоор ачаалал харьцангуй бага байна. Зарим үед өндөр ачаалалтай ажилладаг. Цэргийн төв эмнэлэгт 2021 он гарсаар коронавирусийн батлагдсан тохиолдолтой 80 гаруй иргэн нас барсан. Эдгээр бүх тохиолдолд талийгаачийн цогцсыг хүлээн авч хадгалж, буяны байгууллагад хүлээлгэж өгсөн. Баталсан журмын дагуу ариутгал, халдваргүйтгэлээ хийгээд талийгаачийн ар гэрийнхнээс тавьсан санал, хүсэлтийг үндэслэж заасан цагт нь гаргадаг” гэв.
Энэ мэтчилэн тэд ч бас бэрх цагийн амаргүй давааг туулж байна. Мөн цөөн хүнд ногдсон өндөр хариуцлагатай ажлыг гүйцэтгэдэг тус байгууллагын цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг үгүйлэгдэж байгааг уншигч та бага ч атугай ойлгох биз. Бүр цагаа олсон дэмжлэг шүү.
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин