sonin.mn
Хонконг дахь Хятадын их сургуулийн Урлагийн музейд “Гималай ба Монголын эрдэнэс” үзэсгэлэнг 2019 онд гаргажээ. Үзэсгэлэнд 400 гаруй гоёл чимэглэл, шашны эд зүйлийн өвийг дэлгэн тавьсан юм. ХIII-ХХ зууны үеийн Монгол, Гималайн бүс нутгуудын соёлын эдгээр дурсгалыг Хонконг дахь Мендэксюань, Чэн Шун Тань нарын цуглуулгаас авчээ. Монголын гар урлал алт, мөнгө, оюу, шүрэн чимэглэлээрээ анхаарал татдаг. Энэ үеийн дурсгалууд шашин, өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой.
 
 
 
Нүүдэлчин эрчүүдийн хэрэглээний зүүсгэл нь тухайн дархны болон угсаатны бэлгэдэл зүй, шүтлэг бишрэлтэй холбоотой олон төрлийн хээ хуар, дүр дүрслэлийн бэлгэдлийг агуулж байдгаараа нэн уран төдийгүй өвөрмөц хийцтэй. Монгол дархны авьяас билиг, хүч чадлыг сорьсон бүтээлүүдийн нэг бол хэт хутга юм.
 
 
 
Мендэксюанийн цуглуулгад байсан бэл тоноглолтой, зааны ясан савхтай хутгыг танилцуулж байна. Хутга 55.3 сантиметр урттай. XX зууны эхэн үед хамаарах бөгөөд мөнгө, алтан утсаар луун хээ гарган чимэглэж, шүр, оюу шигтгэжээ. Бэлийг төмөр, мөнгө, гуулиар хийж, дээд хэсгийг үүлэн хээ, эрвээхэй, эвэр хээ хэлбэртэй болгож, хээ угалзаар чимэглэжээ. Хутганы хуй, иш, ирний ховилын хээ угалзыг алтаар бүрж, шүр, оюугаар чимэглэсэн байна.
Энэхүү Монгол хутганы иж бүрдэл нь нүүдэлчдийн өдөр тутмын хэрэглээ юм. Монголчууд өвөг дээдсээсээ хутгыг эр хүний чимэг, цор ганц зэвсэг гэж эрхэмлэн биеэсээ салгалгүй хэрэглэж ирсэн уламжлалтай билээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин