sonin.mn
Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.БАТСАЙХАНТАЙ ярилцлаа.
 
Ярилцлагаа таны нэрнээс эхэлье гэж бодлоо. Хэн юуг бэлгэдэж хайрласан юм бол ...
 
-Миний нэрийг хүйн ээж маань эх барьж авангуутаа хайрласан юм гэнэ лээ. Боож авсан ээж маань нутаг усандаа нэр хүндтэй, ажил мэргэжилдээ гарамгай, сайхан хүн байсан.
 
Та аль нутгийнх вэ? Бага насаа хэрхэн өнгөрүүлэв?
 
-Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. Нагац өвөө эмээгийндээ өсөж, тэднийхээ үг сургаалаар хүмүүжсэн гэж хэлж болно. Тэд маань хөдөө мал малладаг байсан болохоор хурга ишиг хариулж малын захад өссөн. Аймгийн төвд хичээлд суудаг, амралт эхлэнгүүт л хөдөө гэр лүүгээ явна. Сэтгэл санаа бол ер нь л хөдөө рүү шүү дээ.
 
Хөдөө амьтай хүүхэд яагаад цэргийн хүн болчихсон юм бэ? Мянгат малчин болчихсон явж байх байсан юм биш үү?
 
-Зах зээлд шилжээд удаагүй нийгэм тэр аяараа хүндхэн байсан цаг. Тухайн үед төлбөргүй сургууль сонгож байгаа царай нь. Хаа очиж хичээлдээ сайн байсан болохоор шалгалтдаа тэнцээд ЦИС-ийн Зэвсэг ашиглалтын инженерийн ангид элсэж байлаа. Байсан анги нь л тэр. Түүнээс биш манайханд цэргийн хүн байхгүй. Манай аймаг цэргийн анги, салбаргүй байсан болохоор цэргийн талаарх төсөөлөл огт байгаагүй.
 
Цэргийн сургууль ямар байв?
 
-Оюутан боллоо гэсэн чинь цэргийн албанд ирчихсэн юм шиг санагдсан. Тэр тусмаа хөдөөгийн хүүхдэд алхаж жагсахаас эхлээд л амаргүй байсан нь ойлгомжтой. Өрөөлдөж алхдаг, хөлөө олдоггүй бүтэл муутай болхи нөхөр л байсан. Жагсаалын талбайн толины өмнө ёслоод л зогсдог байлаа шүү дээ. Ер нь хошигнож хэдэхэд БХИС төгсөн төгстлөө сураагүй ээ, одоо ч суралцсаар л явна. Амаргүй хүнд санагдаж байсан. Ямар сайндаа л тангаргийн баяраар ирсэн аав ээж маань “Миний хүү, наадах чинь жаахан хэцүү сургууль юм биш үү. Гарвал яасан юм бэ. Санхүү эдийн засгийн сургуульд орох боломж байна. Тийшээ ор” гэх вэ дээ. Турж эцээд ядарсан харагдсан юм байгаа биз. Аав, ээж хоёулаа эдийн засагч, нягтлан бодогч болохоор мэргэжлээ өвлүүлье гэж бас бодсон байх. Би ч үгүй л гэсэн.
 
Төгсөөд ...
 
-1997 онд сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 126 дугаар анги буюу Зүүнбаянд томилогдсон. Пуужинт артиллерийн зэвсэглэлийн албаны даргын туслахаар ажлын гараагаа эхэлсэн. Ангиасаа ганцаараа очсон юм. Гэхдээ тухайн үед сургалтын шаталсан системтэй байсан болохоор хоёрдугаар курс төгсөөд л оноо хүрэхгүй бол дэд ахлагч цол олгоод л анги руу томилдог байсан болохоор манай оныхноос өмнө нь Зүүнбаянд оччихсон байсан. Би чинь 3 дугаар курстээ дэслэгч цолтой, төгсөхдөө ахлах дэслэгч цолтой байлаа. Дивизэд томилогдсон ахлах дэслэгч гээд л онгироо байлаа шүү дээ. Шөнө 2 цагт очсон, маш халуун, биднийг 50- ийн сав дүүрэн хүйтэн хар цайтай угтаж байж билээ. Хүмүүс нь гадаанаа унтаж байхыг хараад их гайхсан. Дараа нь өөрөө тэгж унтдаг болсон доо.
 
Дараагийн томилолт хаана байв?
 
-Зүүнбаянд 2 жил ажиллаад Зэвсэгт хүчний 120 дугаар ангид томилогдсон. Тухайн үед артиллерийн бригад байсан болохоор буудлагад их явна, артиллерийн системүүдийг шалгана, буудлагад бэлтгэнэ, сургалт явуулна гээд зэвсгийнхний оролцоо, үүрэг их. Бараг л хээр галт байранд л амьдарч байлаа. Дараа нь Зэвсэгт хүчний 016 дугаар ангид хадгалах тасгийн дарга, 2007 онд БХИС ийн БХУА-д элссэн, төгсөөд энэ ангидаа штабын даргаар томилогдсон. Дараа нь БХИС ийн ЦИС-ийг байгуулагдахад ажиллагааны офицер, БХИС-ийн Цэргийн дайчилгааны тасгийн дарга, ЗХЖШ-т Зэвсэглэлийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажилласан. 2016 онд тус ангийн захирагчаар томилогдсон.
 
Сонсогч байхдаа иймэрхүү л цэргийн дарга болно доо гэсэн зорилго байсан уу? Өнөөдөр тэр төсөөлж, зорьж байсан дарга болж чадсан уу?
 
-За даа. Тийм төсөөлөл мөрөөдөл байгаагүй гэхэд болно. Хүний заасныг сурчих юм сан. Бусдаас дутахгүй гайгүйхэн болчих юм сан, байх юм сан гэж л хичээдэг байлаа. Мэдээж аль ч албанд томилогдсон ажлаа хүний дор орохгүй хийчих юм сан гэсэн хүсэл зорилго байлгүй л яах вэ. Мэргэжил маань буу сумтай харьцдаг, бидний бэлтгэсэн, шалгасан зэвсэг хүний амь настай шууд холбоотой өндөр хариуцлагатай болохоор эзэмшсэн мэргэжилдээ сонирхолтой, идэвхтэй, чадамжтай байхыг л зорьдог. Тэр ч утгаараа сүүлийн үед гарч байгаа шинэ зэвсгийн талаар сонирхоно, судлана. Үргэлж л өөрийгөө чамлаж суралцдаг. Би хамт олныхоо толь нь байх ёстой. Мэдэхгүй, чадахгүй гэж хэлэх эрх надад байхгүй.
 
Хүн удирдаж ажиллана гэдэг олон талын ур чадвар шаардсан шаггүй ажил гэж би боддог. Та ямар зарчим баримталдаг вэ?
 
-Маш их хариуцлага. Манайхан чинь орос ах нарын школоор явчихсан болохоор удирдагч гэхээр л бүхнийг мэддэг, бүх ажлыг хийж чаддаг байх ёстой гэсэн ойлголттой. Барууны орнууд бол өөр шүү дээ. Би хариуцсан хүнээ л удирдчихвал боллоо гэсэн үг. Уг нь цэргийн зохион байгуулалт яг л ийм шатлалтай. Гэтэл бодит байдал өөр. Байлдагчаас эхлээд штабын дарга хүртэлх хүн бүрийг л мэддэг байх хэрэгтэй. Нэгдүгээрт, ар гэрийг нь, дараа нь тухайн хувь хүний онцлогийг мэдэж байх ёстой. Тухайн хүний ажил хийх боломж нь хэр хангагдсаныг, сэтгэл санааны байдал, ар гэрийнх нь аж амьдрал гээд олон асуудлыг захирагч заавал судлах ёстой. Дарга нар маань цэргийнхээ нүд рүү сайн харж бай гэж сургадаг байсан. Бүх хүнтэй тулж ажилла л гэсэн үг шүү дээ. Аав нь, ах нь, найз нь байхыг боддог. Нэгэн цул хамт олон болж байж л ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байна.
 
Сүүлийн үед цэргүүдийн дунд ямар нэгэн асуудал гарахаар л нийгэм даяараа шуугьдаг боллоо. Цэрэгтэй ажиллах арга барилын тухай л асуух гээд байна л даа.
 
-Анх Зүүнбаянд томилогдож очиход туршлагатай мундаг дарга олон байсан. Сургууль төгсөж ирсэн залуу боловсон хүчнүүдээр цэргийн карантин зохион байгуулдаг байсан. Зэвсэг ашиглалтын инженер гэдэг цэрэгтэй тулж ажилладаг албан тушаал, мэргэжил биш хэдий ч би энэ жишгээр салааны захирагчаар ажилласан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллаж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Манай ангийн хувьд ах, эгч, дүүсийн холбоо гэж бий. Юу гэсэн үг вэ гэхээр үйлчлэгчээсээ захирагчаа хүртэл бүгд цэргүүдээ дааж авдаг гэсэн үг. Нэг ёсондоо халамжлан хүмүүжүүлэгч юм даа. Хариуцсан цэрэгтээ анхаарал хандуулж, дэмжиж, тусалж, зааж сургадаг. Манай эмэгтэйчүүд бүр “Миний хүүхэд өнөөдөр унжийчихсан байх чинь. Яачихсан юм бол оо” гээд л явж байдаг юм. Энгийн юм шиг хэр нь ээ үр дүнтэй арга шүү. Хамт олон хувь хүнээр дутахгүй хувь хүн хамт олноор дутна гэдэг ч хувь хүнийг хамт олон шингээж нэгтгэж авах ёстой. Дэгийн тухай асуух гээд байх шиг байна. Ганц хоёр тохиолдол гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ цэргийн алба дүрмээр л явах ёстой. Дүрмээ баримталж чадвал ямар ч асуудал үүсэхгүй, гарахгүй. Хоёрдугаарт, хүн завгүй байх ёстой. Сурч, хөгжиж, ажиллаж байвал тэр хүнд элдэв асуудалд өртөх зав боломж гарахгүй гэсэн үг. Сул, чөлөөтэй завтай байгаа хүмүүс л хов жив ярина, сахилгын зөрчил гаргана. Гуравдугаарт, удирдлагадаа байгаа хүмүүстэйгээ ойлголцож хүн ёсоор харилцаж, хандах хэрэгтэй. Цэргийн дарга гээд л жагсаалын өмнө орилж хашхираад байхаасаа илүү тулж ярих, ойлголцох нь хамаагүй илүү үр дүнтэй.
 
Албаны шугамаар биш хүн талаас нь ярилцаж ойлголцохыг хичээдэг. Ямар үед ямар байдлаар хэлбэл үр дүнтэй байх вэ гэдгийг мэдэрдэг, тооцоолдог байж л хүн удирдаж ажиллана шүү дээ. Байлдагчтайгаа найз шиг нь харилцаж яагаад болохгүй гэж. Нутаг ус, аав ээж, найз охиных нь тухай энгийн сайхан яриа өрнүүлэхэд тухайн цэрэгт их сайхан сэтгэгдэл төрөх жишээтэй. Ийм л зарчим барьж ажилладаг.
 
Үүний үр дүнд сүүлийн 2 жил манай хамт олон Зэвсэгт хүчний хэмжээнд явагдсан Сахилгын зөрчилгүй хамт олон шалгаруулах болзолт уралдаанд өнгөлж оролцлоо. 2019 онд дэд, 2020 онд тэргүүн байр эзэлсэн.
 
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Бас л гэртээ үзэгддэггүй гэрийн эзэн, аавуудын нэг байх даа...
 
-Өглөө ажилдаа эрт ирнэ, орой бас сүүл мушгиж тарна. Гэхдээ ажлын цагийг ажил дээрээ гэсэн зарчим, хүмүүжил бий. Гэр бүлдээ цаг гаргалгүй яах вэ. Гэртээ алба, ажлаа ярих, хийх дургүй.
 
Гэр бүлээ танилцуулахгүй юу?
 
-Ам бүл тавуулаа. Миний ханийг М.Мөнгөнчулуун гэдэг. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажилладаг. Гурван хүүхэдтэй. Том охин маань АШУҮИС-ийг төгссөн. Дунд хүү маань СЭЗИС-ийн оюутан. Бага хүү гэж нэг эрх нөхөр бий, 3 дугаар анги. Хэзээ хойно гарсан юм болохоор жаахан дураараа. Тэрний өмнө л би чинь “хүмүүжнэ” шүү дээ.
 
Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ, Таныг зэвсгийн хүн болохоор ан ав хөөцөлддөг болов уу гэж таамаглаж байна.
 
-Зэвсгийн мэргэжилтэй болоод ч тэр үү буу сумны хоббитой. Гэхдээ ан ав хөөж үзээгүй. Бай буудаж явснаас амь буудаж яваагүй. Ааваас минь үлдсэн нэг буу байсан. Нэг өвгөн дарга минь зэвсгийн хүн буутай байх дэмий байдаг юм гэж хэлэхээр нь өөртөө байлгахаа больсон. Энэ үг их олон зүйлийг агуулж, ухааруулсан.
 
Танай ангийг бусдаас 2 дахин илүү хариуцлага хүлээдэг гэж би боддог.
 
-Тийм шүү. Адаглаад л нийтийг хамарсан ямарваа нэг жагсаал цуглаан боллоо гэхэд хамгийн түрүүнд анги руугаа л анхаарал тавьдаг. Юмыг яаж мэдэх вэ.
 
Ажлыг ягштал хийдэг хүн байдаг даа. Харин Таны хувьд ...
 
-Зорьсноо бүтээж, биелүүлж байж л сэтгэл амардаг хүн дээ. Хийхийнхээ өмнө яггүй сайн бодно бас төлөвлөнө.
 
Найз нөхөрлөл тэр дундаа цэргийн нөхөрлөл, онжавуудын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх...
 
-Манай оныхон “Онжав” гэсэн фэйсбүүк групптэй, тэрэндээ их идэвхтэй ханддаг. Сайн муу аль ч зүйл дээр оноороо хамт байж чаддаг. Манай оныхноос Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Тусгай хүчний цэргийн командлагч, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга, ангийн захирагч нар гээд х а р и у ц л а г а т а й албан тушаалд чамгүй олон хүн амжилт бүтээлтэй ажиллаж байна. Их хүчтэй оныхон шүү дээ. Эд нараараа бахархдаг. Нэг үе яам, жанжин штабт м э р г э ж и л т э н , ангийн захирагчаар оныхон маань их томилогдсон. Ямар сайндаа л жанжин штабын талбайд цайны цагаар оныхон маань тааралдахаараа бид хэд чинь с у р г у у л и й н х а а талбай дээр явж байгаа юм шиг байх чинь вэ гээд л хөгжилдөцгөөж байх вэ дээ. Гэр бүлээрээ нийлж спортын үйл ажиллагаа зохион байгуулна, үргэлж л уулзацгаадаг.
 
Та хэр зөөлөн хүн бэ?
 
-Гаднаа хатуу ширүүн харагддаг хэр нь ээ дотроо бол хариугүй зөөлөн. Өр өвдөж, өмрөхдөө амархан.
 
Сэтгэлд тод байдаг баярт мөчөө хуваалцахгүй юу?
 
-Хурандаа цолоо гардаж авчхаад ирэхэд хамт олон минь жагсан хүлээж авахад их баярласан. Дотроо өөрөөрөө бас жаахан бахархаад амжсан шүү. Хөлөө олохгүй алхаж явсан хөдөөгийн болхи амьтан болж байна даа гэж /инээв/. Ер нь хамт олныхоо гаргасан амжилтад хамгийн их баярладаг юм. Цол нэмсэн ч, шагнал авсан ч, хэн нэг нь сайн явахад магнай тэнийдэг.
 
Та бид 2-ын яриа танай ангийн 100 жилийн ойн босгон дээр өрнөж байна. Хийж бүтээсэн зүйл их байгаа гэдэг нь мэдээж. Ямар ажлуудыг онцлох вэ?
 
-Зэвсэгт хүчний 100 жилийн ой, ангийнхаа 100 жилийн ойтой золгож тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь их хувь тавилан юм даа. Анх захирагчаар томилогдоход л ахмадууд маань 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал бодлоо хэлж, үүрэг даалгавар өгсөн. Бид бүхэн маш их хүлээлттэй, эртнээс бэлтгэсэн. Үндсэндээ 4 жилийн төлөвлөгөөний дагуу ажиллалаа. Хамт олон маань олон ч ажил амжуулсан. Энэ дундаа Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа “Жишиг ногоон байгууламжтай анги” төслийг амжилттай хэрэгжүүлснээ онцолмоор байна. Түүнчлэн 190 сая төгрөгийн өртөг бүхий хичээлийн байраа ашиглалтад орууллаа. Ангийнхаа Алдрын тасалгааг шинэчлэн тохижууллаа. Бас нэг гол зүйл бол бэлэн байдал, сургалт бэлтгэл. Бид “Сурлагаар хошуучлагч” ангиар шалгарсан, “Сахилгын зөрчилгүй хамт олон болсон” гээд сүүлийн жилүүдийн амжилтууд маань манай хамт олны 100 жилийн түүхт ойдоо барьж буй бэлэг юм.
 
Ярилцлагынхаа төгсгөлд Таны болон танай хамт олны зорилгыг хуваалцмаар байна?
 
-Ангийн захирагчийн хувьд амжилт бүтээлээрээ Зэвсэгт хүчний анги, салбарууд дундаа айргийн 5-д багтаж явахыг л зорьж байна. Хамт олны хувьд бол эрхэм зорилгоо тодорхойлчихсон. Бие сэтгэл нийлж, нэг цул болж амжилтын төлөө зүтгэх нь хамт олны маань гол зорилго. Дарга, цэрэг гэлтгүй нэг л зорилгын төлөө нэгдэн нийлж хөдөлмөрлөж байна даа. Энэ ташрамд Ардын хувьсгал, Зэвсэгт хүчинтэйгээ нас чацуу ангийнхаа 100 жилийн түүхт ойн баярын мэндийг үе үеийн ахмадууд, одоогийн бие бүрэлдэхүүн, тус ангид цэргийн алба хаасан хугацаат цэргийн алба хаагчдадаа хүргэж, эрүүл энхийг хүсье! Баярлалаа. Танай хамт олонд ойн баярын мэнд хүргэж амжилт хүсье.
 
 Дэд хурандаа Х.ГАНЗУЛ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин