sonin.mn
Хилийн чанадаас сайхан мэдээ ирүүллээ. Найруулагч Балхжавын Чингүүн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээснээ үзэгчдийн хүртээл болгожээ. Шинэ киноны нэр “Six feet” бөгөөд гол дүрийг жүжигчин Б.Болдбаатар, Ч.Сэлэнгэ нар бүтээсэн байна. Үзэгчид “ам сайтай” байгаа энэхүү бүтээлийн зургийг коронавируст цар тахлын үед авч, олны хүртээл болгосноороо онцлог юм. Киноны уран бүтээлчдээс Америкт олон жил ажиллаж, амьдарч буй жүжигчин Б.Болдбаатартай онлайнаар холбогдож ярилцлаа. Өвөрхангай аймагт төрж, өссөн тэрбээр СУИС-ийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, Гавьяат жүжигчин Л.Чаминчулууны удирдлага дор суралцан төгсжээ.
 
-Том ажлын ард амжилттай гарсанд баяр хүргэе.
 
-Баярлалаа.
 
-“Six feet” киноны талаар асуухаас өмнө танаас багахан зүйлийг тодруулъя. Та Америк очоод удаж байна уу?
 
-Би Америкт ирээд бараг 20 жил болох гэж байна. Бусдын л адил анх энд ирэхдээ нэг чемодантай, ямар ажил хийхээ мэдэхгүй явлаа. Ямар нийгэмд ирж байгаагаа мэдэхгүй байх тэр үед надад тусалсан хүн бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар юм. Хүний нутагт “хөлөө олоход” талийгаач маань маш их тусалсан. Хожуу ч гэсэн энэ эрхэмд үргэлж баярлаж талархаж явдгаа сэтгэлдээ үргэлж шивнэдэг.
 
-Алс хол мэт санагддаг байсан Америкийг хүмүүс янз бүрийн зорилго өвөртлөн зорьдог байсан. Харин таны хувьд ямар зорилготой эрх чөлөөний орныг зорьсон бэ?
 
-Америкт ирж байгаа хүн бүр өөр өөрийн зорилготой. Биднийг Америкт ирэх үед хүмүүс голдуу ажиллахаар зорьдог байлаа. Миний хувьд энд ирээд хийсэн анхны ажил нь аяга таваг угаах. Түүнээс хойш олон янзын ажил хийсэн дээ. Хими цэвэрлэгээнд индүүдэгч, хоолны газар кассчин, айл нүүлгэх гээд тоочвол олон. Тэгж явсаар барилгын чулууны газарт ажилд орж, тэндээ тогтвортой ажилласнаар өнөөдөр өөрийн гэсэн жижиг бизнестэй, арваад монгол хүнтэй хамтран ажиллаж байна.
 
-Өнгөрсөн хугацаанд эзэмшсэн мэргэжлээ үгүйлсэн үү. Уран бүтээл хийх талаар бодолд автаж байсангүй юү?
 
-Гадаадад кино хийх үнэхээр амаргүй. Ялангуяа цөөн тооны монгол ажиллаж, амьдардаг газар бол бүр хэцүү. Мэдээж урлагийн сургууль төгссөн, багш нарынхаа заасан эрдмийг гаргаж, тэдний ачийг хариулж, яах гэж ийм сургуульд сурснаа харуулахыг хүссэн хүсэл зүрх сэтгэлд минь хадаастай байдаг учраас энэ бодлоо хэзээ ч орхиж чадаагүй. Монголоос гараад Америкт ирсэн энэ хугацаанд урлаг миний хувьд мөрөөдөл байсан. Гэхдээ би мөрөөдлөөсөө буцаагүй. Бодолд үргэлж уяатай явсан гэхэд болно. Үүний хүчинд нь өнөөдөр мөрөөдөл минь эхнээсээ биелж байна. Тиймээс хүмүүст хандаж мөрөөдлөө битгий хаяарай. Мөрөөдөл бол бидний сайн сайханд хүрэх хөтөч. Өнөөдөр ямар ч орчинд амьдардаг байж болно, хар бор ажил хийдэг байсан ч мөрөөдлөө битгий хая. Түүний оронд мөрөөдөлдөө хүрэх алхам хий гэж хэлмээр байна.
 
 
 
-Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхтэй хамтран цомог гаргасныг Америк дахь монголчууд анддаггүй юм билээ. Ямар хувь тохиолоор бодол амилж, хөгжмийн зохиолчтой хамтран ажилласан юм бэ?
 
-Би Америкт ирснээсээ хойш олон зүйлийн талаар мөрөөддөг байсан. Тэгээд нэгэн өдөр хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн хүү, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхтэй танилцаж хамтдаа уран бүтээл хийхээр ярилцсан юм. Миний хийж чадах зүйл, шүлэг найраг унших байлаа. Энэ багахан өгөгдөл дээр минь үндэслэн бид 2008 онд “Харьд явахад нутгаа” гэдэг нэртэй яруу найргийн цомог хийж, Америк дахь монголчуудын хүртээл болгосон. Цомогт хүний нутагт амьдрах ямар байдаг талаар бичсэн өгүүллэг, тууж, шүлгийг түүвэрлэн оруулсан. Дараа нь
 
2009 онд “Би хэн бэ” инээдмийн драмын жүжгийн зохиолыг бичиж, монголчууддаа үзүүлж байлаа. Америкийн өөр хотуудад ажиллаж, амьдарч байгаа монгол жүжигчдээ цуглуулж уг жүжгийг бүтээснээрээ онцлогтой.
 
Энэ жүжгээ Чикаго, Сан-Франциско хотын театрт тавьж, монголчууддаа үзүүлж байлаа. Түүнээс хойш бизнесээ эхлүүлсэн учраас гол анхаарлаа ажилдаа хандуулсан. Мэдээж бизнес эрхэлнэ гэдэг асар их хариуцлагатай ажил.
 
-Гэхдээ хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх та хоёр богино хэмжээний кино хүртэл хийсэн байдаг?
 
-Тийм ээ. Их ажлын хажуугаар С.Сансаргэрэлтэхтэй хамтран “I am” нэртэй богино хэмжээний кино бүтээсэн. Энэ бүтээлээрээ хэд хэдэн фестивальд оролцож, шагнал авсан. Гэхдээ л бүрэн хэмжээний кино хийе гэсэн бодол надаас ер холдоогүй. Тэр үед найруулагч Б.Чингүүн Америкт ирж таарсан юм. Бас энэ үед дэлхий нийтэд цар тахал дэгдэж, бүх зүйл зогсонги байдалд орсон. Бизнесүүд зогссон. Юу болох гээд байгаа нь мэдэгдэхгүй, төсөөлөхөд хэцүү, хүн болгон айдастай их эвгүй цаг үед би Б.Чингүүнтэй Америкт танилцсан.
 
-Тухайн үед Америкт арьс өнгөний үзэл, тэр дундаа азиудыг ялгаварлан гадуурхах байдал эрчээ авч байсан. Ийм үед кино хийх бодол яаж төрдөг байна аа гэж байсан шүү?
 
-Бид цар тахал дэгдсэн гээд зүгээр сууя гэж бодоогүй. Харин ч энэ цагийг ашиглан түүх бүтээе гэж ярилцсан. Тухайн үед Б.Чингүүн зураглаач Д.Тэмүүлэнтэй ирсэн. Тэгээд гурвуулаа ярилцаад Америкт хатуу хөл хорио тогтоосон үед “Six feet” киног хийхээр болсон. Санхүүгээс авахуулаад бидэнд асуудал тасраагүй. Гэхдээ мянган удаа мөрөөдөж, сонсохоос нэг удаа хийе гэж зориглосон. Ер нь аливаа зүйлийг ажил хэрэг болгохгүйгээр ярих нь үр дүнгүй. Тиймээс зорьсон ажлаа бүтээе гэсэн шийдэлд бид хүрсэн юм. Киноныхоо зургийг ихэвчлэн оройн цагаар авахдаа цагдаа нарт хөөгддөг байлаа. Бас зураг авахдаа их чимээ гаргаж болохгүй гээд бэрхшээл багагүй тулгарсан ч их ажлын ард гарч чадсан.
 
-Та “Six feet” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Ч.Сэлэнгэтэй хамтран ажилласан. Хэр гар нийлж ажилласан гэж бодож байна вэ?
 
-Миний хувьд жүжигчин Ч.Сэлэнгэтэй хамтран тоглосон нь аз юм. Надад олон зүйлийг зааж өгсөн. Дэлгэцийн бүтээлд тоглоогүй миний хувьд эв дүйгээ олохгүй байх тохиолдол гарах үе байсан ч Сэлэнгээ надад их тусалсан. Киног үзсэн хүмүүс бидний хэр сайн гар нийлсэн талаарх сэтгэгдлээ хэлэх байх. Миний хувьд Сэлэнгээ маань Америк дахь миний багш болсон. Бас хамгийн сайн партнёр.
 
-Кинонд бүтээсэн дүрээрээ илэрхийлэх гэсэн санаагаа бүрэн дүүрэн гаргаж чадсан гэж бодож байна уу?
 
-Би Бадралын дүрийг бүтээсэн. Энэ дүрээр гадаадад амьдарч байгаа монголчуудын зан төрх, амьдрал ахуй, алдаа онооноос гадна эх нутгаа үгүйлэн санах гээд бүх зүйлийг илэрхийлэхийг хичээсэн. Гадаадад байгаа монголчуудыг америкжчихлаа, солонгос хэв маягтай болчихжээ гэдэг. Ийм болж буйн шалтгаан нь, гадаадад амьдарч байгаа хүн оршин буй улс орныхоо дүрэмд захирагддаг. Шаардлага нь ч өндөрсөж ирдэг. Миний бүтээсэн Бадрал хэмээх дүрийн тухайд хүний нутагт олон жил болсноос гадна сайн муу зүйл үзчихсэн. Ер нь бол энэ дүрээ Б.Чингүүн найруулагчийн хүссэнээр бүтээж чадсан байх гэж бодож байгаа шүү.
 
-Таны бодлоор “Six feet” киноны гол утга санаа нь юу вэ?
 
-Киноны гол утга санаа нь монгол хүн монгол хүндээ хайртай байдаг. Бидний хамгийн үнэт зүйлийн нэг нь эх орон. Зориод очих эх оронтой байх хамгийн сайхан. Монгол хүн бүр эх орондоо аз жаргалтай амьдраасай гэсэн утга санааг киногоор илэрхийлсэн юм.
 
-Америк цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдын талаар кинонд өгүүлдэг гэсэн?
 
-Бид киноныхоо зургийг 2020 оны зургаадугаар сард авч эхэлсэн. Зургаа авч эхлээд удаагүй байхад Жорж Флойд эмгэнэлтэйгээр амиа алдсан үе таарсан. Мөн нийгэм нийтээрээ бухимдалтай, ажилгүйдэл дээд цэгтээ хүрсэн үед азиудыг гадуурхах байдал “хүчээ авсан”. Учир нь, коронавирус азиудаас гаралтай, хятад өвчин гэдэг ойлголт тархчихсан байв.
 
Энэ утгаараа хэн нэгний ажилгүй, бүтэлгүй байгаад азиуд буруутай гэсэн бодлоор гудамжинд мөрөөрөө явж байсан ази хүнийг дээрэлхэх, зодох, дээрэмдэх, тэр битгий хэл буудах тохиолдол тэр үед олон гарсан. Энэ үед зарим монгол хүн “I’m Mongolian” гэсэн бичигтэй цамц, футболк, малгай хүртэл өмсөж хятад биш гэдгээ илэрхийлж байсан юм.
 
Ийм нөхцөлд киноны зургийг авч байгаа бидэнд ч айж эмээх зүйл гарч байсан. Манай кинонд монголчуудаас гадна афроамерик,америк, испани гэсэн өөр соёл ахуйтай хүмүүс оролцон тоглосон. Тэд байсан учраас бид халдлагад өртөөгүй. Харин ч тэдэнтэй ойр байснаар нийгмийн байдлыг ойлгоход тус нэмэр болсон гэж бодож байна.
 
-Бас найруулагчийн сонголт, мэдрэмж ийм нөхцөлд их чухал байжээ?
 
-Тийм шүү. Манай зураглаач, найруулагч хоёр маань тус тусын онцлогтой. Найруулагч Б.Чингүүний хувьд аливаа зүйлийн талаар их бодож тунгаадаг. Хэдийгээр киноны зохиол бичсэн ч орчин нөхцөлөөс шалтгаалан өөрчлөх шаардлагатай зүйлийг засаж залруулдаг. Өөрөөр хэлбэл, их мэдрэмжтэй найруулагчтай ажиллалаа. Зураглаач Д.Тэмүүлэнгийн хувьд 10, 20 хүний хийх ажлыг ганцаараа хийдэг. Дээр нь аливаа зүйлд шинэлэг байдлаар хандаж, зургийг мэдрэмжтэй авч байсан юм. Мөн цар тахлын үед бизнесүүд зогсоход тэнд ажиллаж байсан монголчууд нөхцөл байдлыг дагаад ажилгүй болсон. Тиймээс тэднээсээ хүн авч киног бүтээхэд хамтран ажилласан. Чин сэтгэлээсээ ажилласан тэдэндээ баярлалаа гэж хэлье. Эцэст нь, найруулагч Б.Чингүүний хэлснээр 100 хүн хийх ажлыг бид арав гаруйхнаараа хийж чадсандаа туйлын их баяртай байна.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин