сонин mn
“БҮТЭЭЛЧ МОНОСЧУУД БҮГДИЙГ ТЭГЭЭС” номыг  дэлгэтэл “Хүн таних урлаг” гарчиг таарлаа. “ Зөв хүмүүс сонгож, сайхан хамт олон бүрдүүлсэн нь Монос группийн хамгийн том амжилт гэж би боддог. Тийм ээ, зөв хүн бол бизнест ч, амьдралд ч хамгийн чухал эрдэнэ” хэмээн бичсэн номын зохиогч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич, Монос группийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатарын ажил амьдралынх нь замнал монголчуудад нээлттэй. Үгүйдээ л, Моносын брэнд бүтээгдэхүүнээр түүнийг хэн гэдгийг түвэггүй мэднэ. Тиймээс энэ удаа судлаач, эм зүйчийнх нь хувьд бүтэн хоёр жил Монгол төдийгүй дэлхийг айдаст автуулаад буй “Ковид 19” цар тахал хийгээд эм бэлдмэлийн талаар ярилцлаа.  
 
-Дэлхий нийтээрээ “Ковид 19” цар тахалтай тэмцэж эхэлснээс хойш Монос групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гадаад болон дотоодын холбогдох байгууллагуудад сайн санааны хандив, тусламжийг үзүүлсээр ирлээ. Нууц биш бол хоёр жилийн хугацаанд хичнээн төгрөгийн тусламж үзүүлээд байна? 
 
-Бидний тооцож байгаагаар өнөөдрийн байдлаар 750-800 сая төгрөгийн хандив тусламж үзүүлсэн байна. Амьсгалын аппарат, ариутгалын бодисууд, эмч, өвчтөнд дархлаа сэргээх бэлдмэл, маск, витамин гээд маш олон төрлийн тусламж хүргэлээ. Цаашдаа ч боломжоороо тусламж хандиваа үргэлжлүүлнээ. 
 
-Та саяхан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд онлайнаар оролцсон гэсэн. Бага хурлын гол сэдэв нь “Ковид 19”  байсан уу.  Таны илтгэлийн сэдэв? 
 
-Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал “Ковид 19” цар тахалд гол анхаарлаа хандууллаа. Миний хувьд бага хуралд онлайнаар оролцож   “Ковид 19”-ийн эсрэг дорнын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байгаа эм бэлдмэлүүд гэсэн сэдэвтэй тойм илтгэл тавилаа. Өөрөөр хэлбэл Энэтхэг, Хятад,  Солонгос, Монгол гээд азийн орнуудад уламжлалт ямар эм бэлдмэлээр  “Ковид 19”-ийг хэрхэн эмчилж байгаа тухай илтгэл л дээ. Бид ч бас уламжлалт эм бэлдмэлээрээ  Ковидыг эмчлэх эм зохион бүтээхээр хоёр жилийн турш маш олон төрлийн туршилт хийсэн болохоор хөрш  азийн орнууд яаж хэрэглэж байна гэдгийг нэлээн анхаарч судлах хэрэгтэй болсон юм. Ковидыг эмчилж буй дорны уламжлалт эмнүүдийг судалж үзэхэд. Монголд ургадаг хунчир, чихэр өвс, дэрвэгэр жиргэрүү, гишүүнийг азийн орнууд нэлээн хэрэглэдэг юм байна. Тавьсан илтгэл маань их олон хүний анхаарал, сонирхлыг татсан шүү.  
 
-Ер нь Ковидын эмийн эмчилгээ олон улсад хэрхэн судлагдаж байгаа бол. Энэ талаарх сүүлийн үеийн мэдээллийг уншигчид сонирхох байх? 
 
-Маш их судлагдаж байна. Дэлхий даяар анагаах ухааны болон эм зүйн  эрдэмтэд олон хүний амь насанд хүрсэн, хэдэн зуун саяараа өвдсөн хүмүүсээ эмчлэх  гэж бүх л боломжоо ашиглаж байна. Ер нь энэ чиглэлээр маш их судалгаа хийгдэж байгаа. АНУ-ын Хүнс эмийн агентлагт /FDA/ гэхэд 300 гаруй эм бэлдмэлийг  турших зөвшөөрөл авахаар  саналаа тавьсан байна.. 
 
-Энэ цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт 500-1000 мг витамин С ууж дархлаагаа дэмжих ёстой гэсэн зөвлөмж яваад байна. Та судлаач, эм зүйч хүний хувьд энэ зөвлөмжтэй санал нийлж байгаа юу? 
 
-Маш болгоомжтой хэрэглэх ёстой. Хүн хүний дархлааны систем онцлогтой учраас хүн бүр тэгж хэрэглэх үү, үгүй юу. Нэг хэсэг өндөр настан, суурь өвчтэй хүмүүс эндэж байсан. Сүүлийн үеийн судалгаагаар залуу хүн, хүүхдүүд нэлээн хүндээр өвдөж байгаа тохиолдол ихэссэн. Миний ойр дотнын найз нөхдөөс фитнесст явдаг, гүйдэг, эрүүл мэнддээ анхаардаг хэрнээ нэлээн хүндээр өвдөж байгааг харахад дархлааны хэт мэдрэгшилтэй харшилтай хүмүүс нэлээд хүндээр өвдөж байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тиймээс дархлааны эмгэгтэй, харшилтай хүмүүс витамин С уухдаа анхаарах ёстой. Витамин С-г гол нь дархлаа сэргээх чиглэлээр хэрэглэж байгаа.
 
Гэтэл АНУ-ын Хүнс эмийн агентлагт клиникт турших өргөдлөө өгсөн 300-гаад эмийн дотор 140 нь  дархлаа зүгшрүүлгийн эм бэлдмэл байгаа. Өөрөөр хэлбэл дээр өгүүлсэнчлэн дархлааны хэт мэдрэмтгий залуу хүн, хүүхдүүд маш хүндэрч байна. Тэгэхээр дархлааг хамаагүй оролдож болохгүй гэсэн үг. Ер нь  дархлааны эм бэлдмэл нь дархлаа дэмжих, дархлаа зүгшрүүлэх буюу зохицуулах, дархлааг дарангуйлагч гэсэн гурван бүлэгт хуваагддаг. Эрдэмтэд энэ цар тахалд дархлаа зүгшрүүлгийн эм бэлдмэл хэрэглэх ёстой гэж үзэж байгаа. Дархлаа зүгшрүүлэх гэдэг нь дархлаа нь хэт мэдрэмтгий хүний дархлааны мэдрэмтгий чанарын багасгаж, дархлаа багатай хүний хувьд дархлааг нь ихэсгэж өгдөг. Тиймээс дархлаа зохицуулдаг, зүгшрүүлдэг бэлдмэл хэрэглэх нь зөв юм гэсэн шийдэлд хүрээд байна. Нөгөө талаас дархлааны маш олон уураг байдгаас судалгаагаар ковидын үед Интерлейкин-6 гэсэн уураг маш хүчтэй ялгарснаас болж хүндэрч байна. Тиймээс түүний хэт  ялгарлыг багасгах эм бэлдмэл хийж байна. Үүнээс үзэхэд витамин С хэрэглэх нь зөв боловч дархлааны хэт мэдрэгшилтэй, харшилтай хүмүүс анхаарах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч байна. 
 
-Дархлааны хэт мэдрэгшилтэй гэдгээ яаж мэдэх үү? 
 
-Ер нь бүх төрлийн харшилтай хүмүүс дархлааны хэт мэдрэгшилтэй байх магадлал өндөр. Харшилтай хүмүүс витамин С төдийгүй ер нь хэрэглэх бусад эм бэлдмэлд ч болгоомжтой хандах хэрэгтэй. Чихрийн шижин, цусны даралт өндөр, бамбай булчирхайн хордлого гээд суурь өвчтэй хүмүүс ч ковидоор хүндрээд байна.  
 
-Дөнгөж ханиадны шинж илрэх төдийд Чацарганатай витагриппыг халуунаар нь уухад зүгээр болдог. Найруулж уухад амттай, Монгол оронд минь ургасан, монгол жимсээр хийсэн гэж бодох төдийд л сэтгэлд дотно мэдрэмж төрдөг шүү? 
 
-Витагриппийн гол үйлдэл нь чацаргана. Чацарганыг  төвдөөр дарву гэдэг. Дарву-5, Дарву-13 гээд уушгины үрэвслийн эсрэг олон сайн эмэнд чацаргана орсон байдаг. Уламжлалт анагаах ухаанд яагаад уушгины бэлдмэлүүд ихэвчлэн  дарву гэсэн нэртэй байдаг гэхээр хамгийн гол үйлдэл үзүүлдэг ургамлаар нь тухайн эмийг нэрлэдэг.
 
 
 
 
Тэгэхээр Дарву-5 гэдэг уушгины үрэвсэл, ханиадны эмийн хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа бэлдмэл нь  чацаргана юм. Бид Дарву-5 уламжлалт эмийг нарийвчлан судалж байх явцдаа чацарганаар витамин С-тэй бүтээгдэхүүн гаргасан нь ВИТАГРИПП юм.
 
 
 
 
Сүүлийн арваад жил гарч байгаа ханиад томууны дийлэнх нь уушгинд хүндээр тусаж байна. Тиймээс уушгийг хамгаалах ёстой, уушгины үрэвслээс сэргийлэх хэрэгтэй. Чацаргана, витамин С хоёр хоорондоо маш сайн зохицож, синержи буюу бие биенийхээ үйлдлийг маш хүчтэй дэмждэг. ВИТАГРИПП ханиадны эхний үед, ханиаднаас урьдчилан сэргийлэхэд маш сайн үр дүнтэй. Манай Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн дэргэд “СИНДУРА-МЕД” гээд эмнэлэг байдаг. Бид тэр эмнэлэгтээ ковидтой хүмүүсийг эмчилж байгаа.
 
 
Эмч нар маань Ковидын эхний шатанд Витагриппийг маш сайн үр дүнтэйг онцолсоор байна. Витагриппийн хамгийн гол нөлөө бол чацаргана. Уушгины үрэвслийг эмчлэх, үрэвслийг дарангуйлах, уушгины үйл ажиллагааг сайжруулахад маш чухал үйлдэлтэй. Чацаргана үрэвслийг дарахаас гадна цэр ховхлох үйлдэлтэй. Уушги үрэвссэн үед, уушгинд үрэвссэн бодисуудыг, цэрийн ховхолж зайлуулах, үрэвслийн дарангуйлах үйлдэлтэй учраас Витагрипп уух хэрэгтэй гэж зөвлөж байгаа.  Ханиадыг сэрүүн чанарын өвчин гэж үздэг. Тиймээс монголчууд эртнээс сэрүүн чанарын өвчинд халуунаар уух тан хэлбэрийн эм хэрэглэж ирсэн. 
Энэ хэдийгээр тан биш ч халуунаар нь уухад сэрүүн чанарын өвчинд тустай төдийгүй уламжлалт анагаах ухааны онолоор авч үзвэл маш сайн нөлөө үзүүлж байгаа.  
 
-Витагрипп төрлөө нэмээд цайртай болсон. Гол ач холбогдол нь юу бол? 
 
-Би ер нь моод дагах дургүй хүн, ялангуяа эм бэлдмэлийн хувьд... 1990-ээд оны үед Харвардын их сургуулиас монголчууд иодын дутагдалд орсон учраас давсыг нь иоджуулахгүй бол болохгүй, дараа нь А витамин дутагдсанаас хүүхдүүд олноороо өвдөж байна гэж нэг хэсэг шуугисан. Манайхан туйлшрах их дуртай. Одоо Д3, цайр шиг хэрэгтэй витамин болон эрдэс  байхгүй л гэдэг болж. Уг нь бол бүгд л хэрэгтэй шүү дээ. Эм зүйч хүний хувьд тайлбарлахад цайр нь бодисын солилцоог л маш сайн идэвхжүүлж өгдөг. Бодисын солилцоо идэвхжээд ирэхээр хүний дархлааны систем, биеийн эсэргүүцэл сайжирна гэсэн үг. Дархлаа сайжруулахаас гадна уургийн, ялангуяа ДНХ нийлэгжүүлэхэд чухал үүрэгтэй.  Мөн амт үнэрийг мэдрэх чадварыг нэмэгдүүлдэг үйлдэл нь маш сонирхолтой. Тиймээс Витагрипп цайртай нь ковидын үед үнэхээр чухал бэлдмэл юм.  
 
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа ах дүү, үр хүүхэддээ Витагрипп илгээж буй олон хүнтэй таарч байсан. Гадныхан ч бас их дуртай уудаг гэж сонссон. Витагриппээ экспортод гаргах бодол бий юу? 
 
-Япон, Солонгос, Америкт ажиллаж амьдарч байгаа монголчууд маш их захиалж авдаг. Ялангуяа  ОХУ-аас танай Витагриппийг импортломоор байна гэсэн санал ирсэн. Гэтэл ОХУ-ын GMP буюу тэдний эмийн үйлдвэрийн стандартын шаардлагыг  хангасан байх ёстой. ОХУ-ын эмийн үйлдвэрийн стандарт, Монголын эмийн үйлдвэрийн стандарт, ДЭМБ-аас гаргасан олон улсын эмийн стандартууд хоорондоо жаахан ялгаатай. Тиймээс бид олон улсын шинжээч уриад ОХУ-ын эмийн үйлдвэрийн стандартаас ямар ялгаатайг мэдэхээр үйлдвэрээ шалгуулсан юм. . Англиас ирсэн том эрдэмтэн шинжээч  дүгнэлтээ гаргаад өгчихсөн. Тэр дүгнэлтийн дагуу бид ажиллаж байна. Үйлдвэрийнхээ шугам, нөхцөл, тоног төхөөрөмжөө автоматжуулах гээд нэлээн олон ажил хийгдэж байна. Тэр ажлууд маань хийгдээд дуусчихвал ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн яамнаас мэргэжлийн хүн нь ирж эмийн үйлдвэр маань ОХУ-ын стандартын шаардлага хангасан эсэхийг шалгана. Түүний дараа Оросын ЭМЯ   Витагриппийн хоруу чанар, эмчилгээний идэвх  ямар байна зэрэг олон судалгаа хийгдсэний үндсэн дээр экспортод гаргана. Ямартай ч энэ ажил маань эхэлчихсэн явж байгаа. 
 
-Тэгвэл өнөөдрийн байдлаар “Монос”-т экспортод гаргасан брэнд бүтээгдэхүүн байгаа юу?  
 
-Манай бөөр хамгаалах бэлдмэл Нефромон бүтээгдэхүүнийг ОХУ-ын Санктпетрбургийн Фарммед компанид үйлдвэрлэж байна. Манай “Монос”-ын лицензээр үйлдвэрлэж байгаа. Өөрсдийнхөө хийсэн судалгаа, технологийг өгөөд,  нэг үгээр хэлбэл Монголчууд  бид оюуныхаа өмчөө экспортолсон гэсэн үг. Борлуулалт сайн байгаа.  
 
-Монгол эм Оросын тэр том зах зээлд байр сууриа эзэлнэ гэдэг үнэхээр бахархам юм. Таны  зохион бүтээж буй Дармон шинэ эмийн туршилт дууссан уу?  
 
 
 
-Дармон гэдэг эм манай Эрдэм шинжилгээний хүрээлэнд судлагдаад гурван жил гаруй болчихож. Дарву-5 уламжлалт эмийг орчин үеийн эмийн хэлбэрт оруулаад, шахмал эм болгон гаргаж байгаа юм. Дарву-5 эм ялангуяа хөхүүл ханиалга гэж ярьдаг даа, салдаггүй ханиалганд их сайн нөлөөтэй.
 
 
 
Тийм болохоор уламжлалт анагаах ухааны эм тангаас Дарву-5 эмийг сонгоод, шахмал эм болгоод, стандарт дүрэм журмын батлуулаад, бүх зөвшөөрлөө авчихсан. Үйлдвэрлэх бэлтгэл ерөнхийдөө хангагдаж байна.  
 
-Хөхүүл ханиаднаас айлтгүй л болж байгаа юм байна даа. Яг хэзээ үйлдвэрлэгдэж эхлэх бол? 
 
-Бүх зөвшөөрөл нь бэлэн болсон  учраас бэлтгэл ажил хийгдэж байна.  Энэ долдугаар сараас үйлдвэрлэгдээд эхэлнэ. Одоо Норов-7 танг ковидын үед их хэрэглэж байна. Бид уг танг бараг 5 жил судалж бас орчин үеийн эмийн хэлбэрт оруулаад үйлдвэрлэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл Норов-7 танг буцалгаж уух шаардлагагүйгээр мөхлөг хэлбэрт оруулаад Витагрипп шиг халуун усанд найруулаад уухад болно. Бид уламжлалт эм бэлдмэлийг хэрэглэгчдэд зориулаад аль болох амар хялбар аргаар ууж хэрэглэх орчин үеийн эм бэлдмэлийн стандартад нийцүүлэхээр маш олон судалгаа хийсээр л байна. Яг хэдийд үйлдвэрлэгдэх нь одоогоор тодорхойгүй, бүртгэлийн асуудал нь дуусаагүй байгаа.  
 
-Оюун санааг дэмжигч моносчууд Ковидын үед монгол хүний онцлогт тохирсон олон эм бэлдмэл үйлдвэрлэж байгаад уншигчдынхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа. Уушги цэвэрлэхэд хамгийн өртөг багатай хэрнээ өндөр үйлдэлтэй эмээр Читамон нэрлэгдэж байсан. Энэ эмийг Ковид өвчний үед хэрэглэж болох уу?  
 
-Хүмүүс маш ихээр хэрэглэж байгаа. Читамон бол манай Моносын анхны брэнд бүтээгдэхүүний нэг. Хамгийн олон жил болж байгаа, миний тооцоолсноор давхардсан тоогоор 30-аад сая хүн хэрэглэчихсэн. Гол үйлдэл нь цэр ховхлох. Чихэр өвс нь дархлаа дэмжинэ. Бид олон жил болсон, иргэд ч хамгийн сайн мэдэх цэртэй ханиалганы Читамон бэлдмэлийнхээ найрлагыг нэмж, хуурай ханиалганд зориулан Читамон плюс нэртэй шинэ бүтээгдхүүн  үйлдвэрлэх гэж байна. 
 
-Ковидын үеийн эмчилгээнд Аспирин 100, 81 уухыг зөвлөж байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа бол? 
 
-Монос Аспирин 100, 81 үйлдвэрлэж байгаа. Энэ эмийг ковид тусахаас өмнө урьдчилан сэргийлэхээр, цусаа шингэлэх зорилгоор ууж болно. Мөн холестрол ихтэй, лабораторийн шинжилгээгээр цус өтгөрсөн гэж гарсан бол зүрхэнд шигдээс үүсэх, тархинд цус харвахаас сэргийлэхийн тулд байнга ууж байх ёстой. Харин ковид туссан үед  81, 100 биш өндөр тунгаар уух ёстой. Өөрөөр хэлбэл толгой өвдөх, халуурах үедээ уудаг Аспирин 500 мг-ийг өдөрт гурваас доошгүй шахмалаар уух ёстой.  Хүмүүсийн дунд ковид туссан хүн Аспирин 100, 81 уух хэрэгтэй гэсэн төөрөгдөл яваад байна. Энэ тун нь ковидоос сэргийлэх болохоос нэгэнт туссан хүнд  үр дүн бага гэсэн үг. Эмчилгээний тун буюу Аспирин 500 мг-ийг заавал хоол идсэний дараа уух ёстой. Ходоод маш их цочроодог үйлдэлтэй учраас. Харин Аспирин 100-г урьдчилан сэргийлэх зорилгоор нэгээс хоёр сар л ууж болно. Цус нь нэлээн өтгөн, холестрол ихтэй, шигдээс болох магадлалтай гэсэн хүн  хэдэн сар жилээр уух шаардлагатай учраас  Аспирин 81 уухыг зөвлөмөөр байна. Учир нь Аспирин 81 гадуураа тусгай бүрээстэй. Тэр бүрээс нь ходоодонд задрахгүй, бүдүүн нарийн гэдсэнд өөрөөр хэлбэл шүлтлэг орчинд задардаг гэсэн үг. Тиймээс ходоод цочроох, шархлуулах нөлөө багатай байдаг. 
 
-Моносын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүр монгол оюун санааг шингээсэн, монгол хүний биеийн онцлогт тохирсноороо давуу. Мөн  ковид өвчний үед маш их нэмэр тустай байгаа эм бэлдмэлээс гадна яг ковидыг дарангуйлах эм бүтээх болов уу? 
 
-Эмийн тухай хуульд туршилтын шатанд яваа эм бэлдмэлийн найрлага, нэрийг нийтэд мэдээлэх хориотой байдаг. Өнөөдрийн энэ хүнд цаг үед манай эрдэмтэд  маш их зүтгэж байна. Дээр ярьсан бэлдмэлүүдээс гадна яг ковидтой тэмцэх хоёр төрлийн эм зохион бүтээгээд клиник туршилт хийхэд бэлэн болсон. Нэг нь дээр ярьсан Интерлейкин-6 уураг маш хүчтэй ялгараад хүндрэл өгөөд байгааг зүгшрүүлэх, хүндрэлийн багасгах, эмчлэх дархлаа зүгшрүүлгийн эм. Энэ эмийг зохион бүтээх ажилдаа Солонгосын Данкугийн их сургуулийн эрдэмтэд  эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаа. 100 сая воны гэрээ хийгээд зарим судалгаагаа Солонгост  хийлгээд эхэлсэн.
Мөн харшлын болон ясны сийрэгжилтийн эсрэг эмийн  их хэмжээний үнэ өртөгтэй хамтарсан судалгаа хийж байна. Солонгос эрдэмтэд удирдаад манай залуу эрдэмтэд тэнд докторонтур, магистрт сурангаа орчин үеийн эм судлах, шинэ арга барилд суралцаж байна. Манай Эм судлалын хүрээлэн, Эм зүйн шинжлэх ухааны их сургуульд Япон, Чех, Солонгос, Хятад, Орос зэрэг улсад эрдмийн  цол  хамгаалсан 30-аад шижигнэсэн залуу эрдэмтэд ажиллаж байна. Залуу эрдэмтэд маань их ч юм хийж байна, цаашид ч улам их зүйл хийнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа. Нөгөө талаар Моносынхон ямар олон төрлийн эм хийдэг юм, эм хийхэд амархан гэж боддог байх. Гэтэл бид шинэ эм бүтээх бүрдээ Орос, Солонгос, Япон улс, Монголынхоо АШУҮИС, өөрийнхөө Эм зүйн шинжлэх ухааны их сургууль гээд маш олон байгууллага, эрдэмтэн доктортой хамтран ажилладаг. Мөн уламжлалт анагаах ухааны онолд монгол маарамбуудын оруулсан хувь нэмэр асар их. Одоо ч гэсэн Далайламын дэргэд төвд биш монгол эмч байх жишээтэй.  
 
-Далай лам гэснээс таныг Монголын Томас Эдиссон хэмээн нэрлэсэн байсан? 
 
-Намайг хүмүүс бизнесмэн л гэж боддог. Гэтэл би ихэнх цагаа судалгаа шинжилгээнд зориулдаг. Монголын Томас Эдиссон бол Лувсангийн Хүрэлбаатар гэж Форбес сэтгүүл өргөмжлөхөд санаа зовж байсан ч нөгөө талаар надаас өөр ийм олон патент эзэмшдэг хүн Монголд байхгүй. Мөн англи, орос хэлээр нийтдээ 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл маань гадны хэвлэлд нийтлэгдсэн. Анагаах ухааны академийн гишүүн, Эм зүйн академийн ерөнхийлөгч төдийгүй гадны олон эрдэмтэд намайг мэднэ гээд нэг удаа онгирчих уу. /Инээв/ 
 
-Эм зүйн салбарын анхны Хөдөлмөрийн баатар хүн онгирч бололгүй яахав. Дан эм бэлдмэл, судалгааны ажлын талаар яриагаа өндөрлөмөөргүй байна. Хөдөлмөрийн баатар болох тухай сонссон яг тэр үеийн агшнаас тань хуваалцаж болох уу? 
 
-Мэдээж их тулгамдсан. Өдөржин танихгүй дугаараас дуудлага ирэхэд аваагүй юм. Гэтэл орой 22 цагийн үед охин залгаад “Ерөнхийлөгчийн тамгын газраас таньтай холбогдмоор байна гэнэ. Та утсаа аваарай” гэж хэлэхэд нь  их гайхсан. Тэгж л Хөдөлмөрийн баатар болох тухайгаа урд орой нь мэдсэн.  “Та маргааш 11.40 цагт ирж Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ аваарай” гэхэд нь шоконд орсон доо. Тэр шөнө нойр хүрээгүй. Би юу хийсэн, бүтээсэн гэж хөдөлмөрийн баатар болж байгаа билээ. 30 жилийнхээ хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажлаа бодоод Л.Хүрэлбаатар гэдэг хүнийг биш Монос группийн хамт олныг шагнаж байгаа юм байна. Монос групп бол хүн амыг эм бэлдмэлээр хангах, шинэ  эм зохион бүтээх, эм зүйн мэргэжилтэн бэлтгэх, гадаадаас эм оруулж ирэх гээд эмийн салбарт хийсэн бүхий л ажлыг маань дүгнэсэн юм байна. Бүр нарийн ярьвал манай эм зүйн салбарт баатар байхгүй. Эм зүйн салбарыг маань дүгнэсэн юм байна гэж бодоод тайвширсан.
 
 
 
Яагаад гэвэл би  энэ 30 жилийн 20 жилд нь Эм холбооны ерөнхийлөгч хийсэн. Энэ олон эмийн үйлдвэр үүсэж хөгжих, орчин үеийн гоё эмийн сан байгуулахад зүтгэсэн манай Эм холбооны хувь нэмрийг үнэлжээ. Манай эмийн салбарыг бүхэлд нь үнэлсэн юм байна гэж ойлгосон. Учир нь гадаадынхан манай эмийн сангуудад ороод гайхдаг. Монголд ийм эмийн сан байдаг юмуу гэж. Дизайн, хэлбэр, үйлчилгээ, эмийн нэр төрлийг хараад манайхыг олон улсын төвшинд хүрчихжээ гэж дүгнэдэг.
 
 
 
30 жилийн өмнө тавхан эмийн үйлдвэртэй байсан бол одоо 30 гаруй эмийн үйлдвэртэй, нэлээд хэд нь Олон улсын GMP стандарт хангачихсан. Арваадхан орноос 500-600 эм импортолдог байсан бол одоо 50 гаруй улсаас арав гаруй  мянган нэр төрлийн эм импортолж байна. Тэгэхээр энэ бүгдийг үнэлсэн юм байна гэж бодоод жаахан тайвширсан. Хоёрдугаарт, маш их хариуцлага ирж байгааг ойлгосон. Энэ сайхан цол, нэр хүндийг авч явахын тулд илүү их судалж, шинжилж, бүтээх ёстой гэж ойлгосон. Тиймээс бид ковидтой хэр чадлаараа л тэмцэж байна. Ялангуяа манай эмийн сангийнхан, эмнэлгийнхэн маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Ашиггүй, хямдхан гэлтгүй ариутгалын бодисыг тасалдуулахгүй нь тулд өөрийн өртгөөс нь ч хямдаар үйлдвэрлэж байна. Монос хүнсийнхэн маань урьдчилан сэргийлэх, дархлаа сэргээх хүнсний бэлдмэлүүд, Монос косметикийнхэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэрнээ  гар ариутгагч бодис, гель гээд халдварын эсрэг олон хэрэгтэй бүтээгдэхүүн, Монос Эмийн Үйлдвэрийнхэн маань Читамон, гурван төрлийн Витагрипп, Эмнэлгийн ариутгалын Антисепт зэрэг олон бүтээгдэхүүний тасалдал үүсгэхгүйн тулд хоёроос гурван ээлжээр ажиллаж байна даа. 
 
 
 
Ю.Төгсжаргал