sonin.mn
Спорт сонирхогчдын хүсэн хүлээсэн энэ зуны гол тэмцээнүүдийн нэг хөлбөмбөгийн ЕАШТ-ий хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөв. Эхний хоёр тойрогт нийт 56 гоол бүртгэгджээ. “А” хэсгээс Итали, “В” хэсгээс Бельги, “С” хэсгээс Нидерланд гэсэн гурван баг хасагдах шатанд өрсөлдөх тийзээ хамгийн түрүүнд захиалав. Өөрөөр хэлбэл, эхний хоёр тойргийг 100 хувийн амжилттай өндөрлүүлсэн гуравхан баг байна гэсэн үг. Эндээс “Евро-2020” тэмцээний өрсөлдөөн ямар түвшинд байгааг харж болно. Тэгвэл хоёр тойргийн дараа оноо авч чадаагүй гурван баг байгаа нь Турк, Дани, Хойд Македон юм. Ингээд хоёрдугаар тойргийн сүүлийн таван тоглолтыг тоймлон хүргэе.
 
ХОРВАТ 1:1 ЧЕХ
 
Гоол: Патрик Шик 37 дахь минут, Иван Перисич 47 дахь минут
 
“D” хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт Шотландын Глазго хотын “Хэмпден парк” цэнгэлдэх хүрээлэнд Хорват, Чехийн хооронд болов. Харилцан довтолсон тоглолтын эхний хагаст Хорватын төвийн хамгаалагч Деян Ловрен булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг хамгаалах үеэрээ эсрэг багийн довтлогч Патрик Шикийг тохойлдсоноор Чехийн шигшээ баг торгуулийн цохилт цохих эрхтэй болсон. Өмнөх тоглолтод хоёр гоолыг оруулсан Патрик Шик торгуулийн цохилтыг өөрөө гүйцэтгэж тооны харьцааг 1:0 болголоо. Уг гоолыг оруулснаар тэрбээр гурван гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхлэв. Энэ тэмцээний гол фаворитуудын нэг Хорватын шигшээ хоёрдугаар үе эхлэхэд тооны харьцааг 1:1 болголоо. Гоолын эзэн нь Перисич байв. Гэвч үүнээс өөр гоол орсонгүй. Уг тоглолтод хорватчууд зайлшгүй хожих даалгавартай байсан ч үүргээ биелүүлж чадсангүй. Тэд хэсгээсээ шалгарах эсэх нь сүүлийн тоглолтоос шалтгаална. “D” хэсгийг Чех тэргүүлж байгаа бол Англи удаалж байгаа юм.
 
АНГЛИ 0:0 ШОТЛАНД
 
“D” хэсгийн өөр нэг тоглолт Английн Лондон хотын алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд Англи, Шотландын хооронд болсон. Талбай дээрээ тоглож буй англичуудын хожих магадлал тоглолтын өмнө 90 хувьтай байгааг мэргэжилтнүүд онцолсон. Гэвч тоглолт эхлэхэд Шотландын хамгаалалтыг давах амар биш байлаа. Мэдээж хөлбөмбөгийн хөгжлөөрөө өрсөлдөгчөөсөө илүү англичууд бөмбөгийг давуу эзэмшсэн ч Шотландын багийн хаалганы торыг хөдөлгөж чадсангүй. Тоглолтын хоёрдугаар үед ч Англичууд бөмбөг эзэмшилт, дамжуулалтын тоогоор тэргүүлж байсан боловч Шотландын суусан хамгаалалтыг сэтэлж чадсангүй хуурай тэнцлээ. Энэхүү тэнцээ шотландуудын тэмцээнээс авч буй анхны оноо байсан бөгөөд хэсгээс шалгарах итгэл найдвартай үлдлээ.
 
УНГАР 1:1 ФРАНЦ
 
Гоол: Фиола 45+2 дахь минут, Гризманн 66 дахиь минут
 
Тоглолтын өмнө статистикчдын таамгаар Францыг 2:0-ээр хожно гэж байлаа. Гэвч талбайдаа тоглосон унгарчууд “Пушкаш Арена”-даа хожигдохыг хүссэнгүй. Үхлийн хэсэгт орсон тэд цэнгэлдэх дүүрэн цугласан үнэнч фанатуудынхаа өмнө бүхнээ дайчилж тоглосны хүчинд уг тэмцээнээс анхны оноогоо авлаа. Герман, Франц, Португалтай нэг хэсэгт багтсан тэднийг оноо авч чадахгүй болов уу гэсэн таамаглал байв. Харин унгарчууд өөрсдөдөө боломж гаргах нь тэр. Тоглолтын эхний үеийн цаг дуусахын өмнө Фиола Францын багийн хамгаалалтын алдааг ашиглан тооны харьцааг нээв. Удалгүй шүгэл дуугарч эхний 45 минут талбайн эздийн давуу байдалтайгаар өндөрлөлөө. Чухал гоол оруулсан тэд хоёрдугаар үеийг урам зоригтой эхлүүлсэн. Гэвч ур чадвараар илүү тоглогчдоор эгнээгээ бүрдүүлсэн францчууд зай өгөхгүй довтолсоор 66 дахь минутад Гризманн тоог тэнцүүллээ. Тооны харьцаа 1:1. Тоглолтын турш Францын шигшээ баг 66 хувьтай бөмбөг эзэмшсэн ч унгарчуудын хаалгыг дахин гоолоор мялааж чадсангүй. Унгарын баг хүчирхэг Францаас оноо салгах зорилгодоо хүрсэн. Харин францчууд сүүлийн тойрогт заавал хожих, эсвэл тэнцэх даалгавартай үлдлээ.
 
ПОРТУГАЛ 2:4 ГЕРМАН
 
Гоол: Роналду 15 дахь минут, Диего Иота 67 дахь минут, Рубен Диаз 35 дахь минут, Рафаэль Гуэррьеро 39 дэх минут, Хаверц 51 дэх минут, Гозенс 60 дахь минут
 
“F” хэсгийн хоёр дахь тоглолт “Аллианз Арена”-д болж, германчууд тун чухал гурван оноогоо халаасандаа хийлээ. Тоглолтын эхний хагаст гурван гоол орсон бөгөөд гурвууланг нь португалчууд оруулсан. Гэхдээ хоёр нь авто гоол. Ингэснээр Германы залуус 2:1-ээр эхний хагасыг тэргүүлж дуусгав. Тэгвэл хоёрдугаар үед гурван гоол орсны хоёрыг нь германчууд хийх нь тэр. Ингэснээр тэд Португалын “бэлэглэсэн” хоёр гоолын ачаар эхний ялалтаа байгуулж байна. Энэ тоглолтод португалчууд дөрвөн гоол оруулсан ч хожил нь эсрэг талд гарав. Статистик сонирхвол германчууд 57 хувьтай бөмбөг эзэмшжээ. Герман Португалтай хийсэн сүүлийн дөрвөн тоглолтдоо (2006, 2014 оны ДАШТ, 2008, 2012 ЕАШТ) ялалт байгуулсан бөгөөд хожоод сурсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэгвэл сурсан зангаараа тав дахиа хожлоо.
 
Үхлийн хэсгийн сүүлчийн тойрогт Унгар-Герман, Португал-Франц гэсэн дуэль болно.
 
ИСПАНИ 1:1 ПОЛЬШ
 
Гоол: Мората 25 дахь минут, Левадовксий 54 дэх минут
 
Роберт Левандовскийгоор ахлуулсан польшууд дэлхийн аварга, европын аварга Испанийн довтолгоог сайн хамгаалсан. Хамгаалалтынхаа хүчинд тэд испаничуудаас нэг оноо салгаж чадсан юм. Тоглолтын турш испаничууд 76 хувьтай бөмбөг эзэмшсэн нь тэднийг талбайд хэрхэн ноёрхсоныг илтгэнэ. Севилъя хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө довтолгоогоор бөмбөгдсөн ч ганцхан гоол л оруулж дөнгөв. 25 дахь минутад Мората гоолын салхийг хагалсан бол хоёрдугаар хагаст Польшийн шигшээ багийн лидер Лева тооны харьцааг тэнцүүллээ. Испани Польштой тоглосон сүүлийн 11 тоглолтынхоо наймд нь хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдсон үзүүлэлттэй болов. Хоёр баг томоохон тэмцээнд анх удаа таарсан нь ЕАШТ байлаа. Испани эхний хоёр тойрогтоо хоёуланд нь тэнцсэнээр сүүлийн тоглолтдоо заавал хожих даалгавартай болов. Энэ хэсгийг Швед тэргүүлж, Словак удаалж байна.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин