sonin.mn
Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Дууны урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулах хурлыг цахимаар зохион байгуулжээ. Тус хурлын үеэр 60 гаруй дуучныг бүртгэж, 30 орчим хүнийг оролцуулан хуралдуулж, тэргүүлэгчдийн төлөөлөл 14 залуу болон дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нараа сонгож баталгаажуулсан байна. Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын А/56 тоот тушаалаар батлагдсан “Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулах тухай” дүрмийг мөрдлөг болгон ажиллах Дууны урлагийн залуучуудын зөвлөлийн даргаар поп дуучин С.Гантогоо сонгогдсон бол дэд даргаар “Увертюра” хамтлагийн дуучин А.Шинэбаяр, нарийн бичгийн даргаар ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын дуучин Э.Болормаа нар сонгогджээ. Мөн тэргүүлэгчээр ажиллах залуучуудаа нэмж бүртгэлжүүлэх ажлыг энэ сарын 24 хүртэл зохион байгуулахаар болоод байна.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин