sonin.mn
Өмнөд Солонгост олон улсын бүжгийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тус улсын Бусан хотод болдог Солонгосын урлаг, соёл, боловсролын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээнд Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр амжилттай оролцож, этник төрөлд тэргүүн байр эзлэн цомын эзэн болжээ. Мөн “2021 BIDF The 3rd Korea Dance Grand Prix” олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд дэд байр, “BIDF видео бичлэгийн уралдаан”-ы тэргүүн байрт шалгарсан мэдээг тэрбээр ирүүлээд байна. Түүний оролцсон олон улсын бүжгийн тэмцээн “Бусан хотын олон улсын далайн эргийн бүжгийн наадам” нэртэйгээр анх зохион байгуулагдаж, 2008 оноос олон улсын бүжгийн наадам болгож нэрээ өөрчилжээ. Б.Эрдэнэбаярын хувьд өмнө нь 2019 оны долоодугаар сард БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан олон улсын гоцлол бүжигчдийн XVI уралдааны ардын бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлж байсан юм.
 
 
Б.Эрдэнэбаярын талаар товчхон:
 
• Тэрбээр 1996 оны тавдугаар сарын 6-нд төржээ.
• Нийслэлийн 92 дугаар дунд сургуульд элсэж, 2009-2014 онд Хөгжим бүжгийн коллежид суралцан төгсжээ.
• Өдгөө тэрбээр Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын бүжигчнээр ажилладаг.
• Түүний амжилтаас дурдвал, Хөгжим бүжгийн коллежийн 11 дүгээр ангид сурч байхдаа ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулсан “Вепок дружбы” олон улсын бүжгийн тэмцээнд анх удаа оролцжээ.
• 2017 онд “Nomadic ballet” тэмцээнд ур чадвараа сорьж, модерн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
• Түүнчлэн “UBS” телевизээс санаачлан зохион байгуулсан “Per­fect dance” бүжгийн шоунд амжилттай оролцож, дэд байрын шагнал хүртсэн юм. Энэхүү амжилтаараа тэрбээр БНСУ-ын “Korea University of media arts” урлагийн их сургуульд нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулж байв.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин