sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д шинэ коронавирус 2019 оны 12 дугаар сард буюу халдварын анхны тохиолдлууд бүртгэгдсэнээс олон долоо хоногийн өмнө тархсан байсныг тус улсын Засгийн газрын шинэ судалгаа харуулжээ.
 
 
 
АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачдын баг 24 мянган цусны сорьцод дүн шинжилгээ хийжээ. Ингэхэд Америкийн зарим иргэн 2019 оны 12 дугаар сарын дундуур халдвар авсан байсныг тогтоожээ. Энэ нь БНХАУ-ын Ухань хотод аминд халтай шинэ вирус тархсан талаар мэдээлэл гарахаас хэдэн долоо хоногийн өмнө гэсэн үг юм.
 
 
 
Энэхүү дүн шинжилгээ нь бүрэн дуусаагүй байгаа бөгөөд зарим шинжээч үүнд “итгэлтэй бус” байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн байгууллагын зарим ажилтны хувьд дэлхий дахин вирусний тархалтын талаар мэдэхээс өмнө АНУ-д цөөн тооны хүн халдвар авсан байх магадлалтай гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
“Clinical Infectious Diseases” сэтгүүлд мягмар гарагт нийтэлсэн энэхүү судалгаа нь вирус АНУ-д анх илэрсэн гэж үзэж байгаа хугацаанаас эрт тархсан байж магадгүй болохыг харуулсан хамгийн сүүлийн үеийн, томоохон судалгаа болж байна. Үүнд дурдсанаар, АНУ-д “COVID-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай албан ёсны мэдээлэл гарахаас өмнө Массачусетс, Миссисипи, Пенсильвани, Висконсин муж улсад хамгийн багадаа долоон хүн халдвар авсан байжээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг