sonin.mn
1. Монгол, Польшийн харилцааны түүхийг сөхвөл
 
Монгол, Польшийн ард түмнүүд хоорондоо эрт дээр үеэс харилцаа холбоотой явж ирснийг гэрчлэх баримтууд бий.
Монголчуудын өвөг дээдэс болох Хүннү нар IV, V зууны орчимд Польшийн нутагт ирж байсныг илтгэн харуулсан эд өлгийн зүйл ч байдаг сураг бий.
Хожим нь 13 дугаар зуунд өрнө зүгийг чиглэсэн Монголын байлдан дагуулал Польшид хүрсэн билээ. 1230-аад оны сүүлчээр Монголчууд Оросын Вангуудыг эрхшээлдээ оруулж, Киевийг 1240 оны 12 дугаар сард эзэлсэн ба үүний дараа монголчууд Унгарыг чиглэжээ. Монголчуудын элдэн хөөж явсан кипчакуудыг Унгарын IV Бела ван өөрийн нутагт орогнуулсан хайцаалсан төдийгүй Бат хааны илгээсэн элч төлөөлөгчдийг нь алж, доромжилсонтой энэ нь холбоотой байлаа. 
Унгарын ван Польш болон Чехийн вангуудтай сайн харилцаатайг монголчууд тагнан мэдээд, улмаар эдгээр улсуудын зүгээс IV Бела ванд тусламж үзүүлэхээс сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Байдар, Орду нараар удирдуулсан баруун жигүүрийн цэргийг Бат хаан 1241 оны эхээр Польш руу илгээсэн байна. 
Польшийг чиглэсэн тэрхүү хүч Польшийн өмнөд хэсэгт байрлах Краковт хүрэхийн өмнө Сандомеж орчмоос бас нэгэн хэсэг нь салж, баруун хойш давхин өнөөгийн Варшав хотоос баруун зүгт 100 гаруй километрт байрлах Ленчица, Куяв орчмыг хүрсэн бололтой. Польшийн талыг төөрөгдүүлэн самууруулах, тагнан турших зорилгоор тэднийг илгээсэн бололтой.
 
 
Тэд Ленчица орчимд хүрээд тэндээсээ буцан Краков хотын орчимд ирж, гол хүчтэйгээ нийлсэн ажээ. Монголын арми тэндээс баруун зүгт хөдлөн 1241 оны 4 дүгээр сарын 9-нд Польшийн баруун өмнөд хэсэгт орших Легницийн талбайд Польш, Европын рыцариудын хамтарсан хүчтэй тулалдан ялалт байгуулсан түүхтэй. Легницийн энэхүү түүхэн тулалдааны 780 жилийн ой энэ онд тохиож буй. Польш анд нөхөд  маань энэхүү тулалдааныг явцыг харуулсан театрчилсан тоглолт хийж заншсан бөгөөд цар тахлын улмаас энэ жил Легницке Поле гминээс төлөвлөсөн арга хэмжээ хойшлогдоод байна. 
Түүнчлэн Ромын Папын элч Жиованни да Пиан дел Карпинитай хамт 1246 онд Хар Хорумд очиж, Их Хаан Гүюгт бараалхаж байсан Польшийн санваартан Бенедикт Полак нарын элч төлөөлөгчид чухамхүү дээр дурдсан Ленчицагийн цайзад очиж тэндээс заавар чиглэлийг аваад мордож байсан түүх бий. Польшийн нэрт аялагчид, газарзүйн нээлт хийгчдийн тэргүүнд Бенедикт Полак бичигддэг билээ. Эдгээрээс үзэхэд тэртээх 1240-өөд оны үед энэ хавийн газар нутагт алс холын Монголтой холбоотой багагүй үйл явдлууд өрнөж байж дээ.
Энэхүү Ленчицагийн цайзаас холгүй газар Монколицэ /Польшоор Mąkolice гэж бичдэг/ нэртэй бяцхан тосгон байдаг. Энэ тосгоны нэр нь 13 дугаар зууны үед Монголицэ нэртэй байсан, оршин суугчид нь Монголын их цэргээс тасарч хоцорсон хүмүүсийн үр удам гэх ам дамжсан яриа байдаг бөгөөд би чухамхүү энэ талаар өгүүлж ярих болно.
 
2. Монколицэ тосгоны талаар уншиж, мэдсэнээ уламжлахуй
 
Монколицэ тосгон нь Польшийн Лодзь мужид харъяалагдаж, Польшийн газарзүйн төв байрладаг Пёнтэк хотоос холгүйхэн оршино. 2011 оны хүн амын тооллогын мэдээгээр энд 662 хүн оршин сууж байсан бол эдүгээ хүн ам нь өсөж 1100 орчим болсон бололтой.
Католик шашны бяцхан модон сүмийг 1444 онд энд барьсан нь тус тосгоны гол түүхэн дурсгал болж, өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна. 
Эндхийн сүмийн цаг тооллын бичигт “13 дугаар зууны үеэс Монголицэ /анхны нэрээр/ хэмээх нэр нь Польшийн эртний цаг тооллын бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Монголицэгийн хүн ам дорноос ирсэн. Өөрсдөө ирсэн, эсвэл хэн нэгэн авчирсан эсэх нь тодорхойгүй. Польшийн засгаас Монголицэ шиг хайхралгүй орхисон газар нутаг, хүмүүс хаана ч байхгүй” гэж бичсэн байдаг гэнэ.
Мөн энэ хавийн Пёнтек хот нь нэрд гарсан шар айрагны өлгий гэдгээрээ алдартай. Монколицэ нь оёдол, хатгамалаараа алдартай гэнэ.
 
 
 
Монколицэ тосгоны нэр болон оршин суугчид нь Монголтой ямар нэг холбоотой юу? Үүнийг гэрчилсэн ямар нэг түүхэн баримт байхгүй боловч энэхүү таамаглалыг лавшруулсан дараах зүйлс байдаг юм байна. Монголчуудын 1241 оны байлдан дагуулал энэ газар нутгийг дайран өнгөрсөн. Тэгвэл энэ нутагт Азиас хүмүүс ирж суурьшсан байж болох өөр ямар нэг мэдээ мэдээлэл, түүхэн үйл явдал байхгүй ажээ.
 
 
 
Монголчуудын 1241 оны их аян дайнаас хойш дахин хоёр удаа Монголын Эзэнт гүрний ханлигуудаас 1259, 1287 онд Польшид дахин хоёр удаа халдан довтолж байжээ. Дээрмийн болон залхаан цээрлүүлэх шинж чанартай, хэмжээ далайц багатай, хожмын эдгээр довтолгоонууд нь энэ газар нутагт хүрээгүй юм. 
Мөн XIV зууны сүүлээс XVI зууны эх хүртэлх хугацаанд Алтан Ордны Улс ба Крымээс  “татаар”-ууд /тухайлбал: Алтан Ордны хаан Тохтамыш болон түүний удмын монголын сурвалжит гаралтнуудаар удирдуулсан/ Литва, Польшид ирж, зарим нь суурьшин  Польшийн тусгаар тогтнолын төлөө тэмцэлд гар бие оролцож, Грюнвальдын тулалдаан зэрэг томоохон дайн, тулалдаануудад Польшийн талд байлдан багагүй хувь нэмэр оруулсан түүх байдаг.  Гэхдээ тэдний дийлэнх нь Польшийн зүүн хэсгээр оршин амьдардаг. Тэд ураг удмаа сайтар мэдэж, тэмдэглэж явдагаараа ялгарна.
Ямартай ч монголчууд энэ газар нутагт хэрвээ ирж суурьшсан нь үнэн бол нутгийн хүн амд уусч уугуул нэр ус нь алдарсан байх магадлал бий. Энэ хавийн сүм хийдийн бичиг баримт нь Монголын байлдан дагуулаас хэдэн зуун жилийн дараа бичигдсэн тул түүнээс өмнө тэдний нэр ус польшчлогдсон байж болох талтай ажээ. Гэхдээ нь энд амьдарч буй хүмүүсийн нүүр царай, галбир төрх  нь монголчуудтай тун төстэй гэнэ. Нөгөөтэйгүүр өөрсдийгөө Монголоос гаралтай гэсэн яриа тэдний дунд үеэс үед дамжин өвлөгдөж ирсэн байдаг гэнэ.
 
 
3. Монколицэ тосгоныг зорин явав
 
Монголд Урбанекын даршилсан өргөст хэмх, алаг салатыг амсаж үзээгүй хүн ховор байх. Энэ хүнсний бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн хүмүүс нь Польшийн “Ах дүү Урбанек” компаний эзэн Войчех Урбанек болон түүний Монгол дахь төлөөлөгч Б.Лхагважав нар юм.  Хожим нь Б.Лхагважав нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон хэдэн жил ажилласан билээ. Миний бие Варшав дахь ЭСЯ-нд өмнө ажиллаж байхдаа В.Урбанек гуайтай танилцан Польш, Монголын худалдаа, аж үйлдэрийн танхимыг БНПУ-д анх байгуулах ажлыг хамтран сэдэж, эхний хурлыг зохион байгуулалцаж, дэмжлэг үзүүлж явсан билээ.
Войчех Урбанекийн дэмжлэгээр 2003 онд Адам Матушиак хувраг “Алс тэртээх Монголоос Монколицэ хүртэл? – түүх, уламжлал-“ хэмээх зураг сэлт бүхий бэсрэг ном бичиж, Монколицэ тосгоны үүслийн талаар таамаглал, төсөөллийг танилцуулсан байдаг. Энэхүү номыг би уншаад тус тосгонд очиж, нүдээр үзэж, биеэр танилцах эрмэлзэлд хөтлөгдөн явсан бөлгөө.
БНПУ-д Элчин сайдаар томилогдон 2020 онд Польшид ирээд Урбанек гуай руу утасдаж, сүүлийн жилүүдэд нэлээд мартагдсан бололтой харилцаагаа ЭСЯ-тай сэргээхийг түүнд санал болгосонд ихэд баярлаж байх шиг санагдсан. Тэрээр “Алс тэртээх Монголоос Монколицэ хүртэл? – түүх, уламжлал-“ номыг миний хүсэлтээр дахин хэвлүүлж, хэдэн ширхэгийг надад ирүүлэв. 
 
 
Мөн түүний тусламжтайгаар Монколицэ тосгоны удирдлагуудтай холбоо тогтоож уулзахаар ярилцав.
Харамсалтай нь дэлхий дахиныг нөмөрсөн Ковид цар тахлын улмаас уулзалтыг хойшлуулсаар өвчний тархалт намдан буурч хөл хорио сулармагц 2021 оны 6 дугаар сарын 8-нд тэнд очиж уулзахаар болж хөлгийн жолоог тийш залав. Гэхдээ зүгээр ч нэг явсангүй. Польшид цэргийн академид суралцаж буй Дэд хурандаа Б.Мягмардорж, Хошууч Г.Аззаяа хоёрыгоо дагуулж очив. Хэрвээ тэндхийн оршин суугчид Монголын их цэргээс үлдэж хоцорсон хүмүүсийн удам хойч мөн юм бол одоо цагийн Монгол цэргийнхээ төлөөллийг дагуулж очих нь зүйтэй гэж би үзсэн юм. 
 
 
Тэр тусмаа хошууч Г.Аззаяа нь 2004 онд Иракт олон үндэстний Чарли цэргийн баазын хамгаалалтад байхдаа гэнэт довтлон ирсэн алан хядагчийг мэргэн буудаж, олон зуун Польш цэргийн амь насыг авран хамгаалж гавьяа байгуулсан хүн билээ. Алан хядагчид эхлээд дэд ахлагч Ш.Самбуу-Ёндонгийн хамгаалж байсан талаас довтолж, анхаарал сарниулж байгаад дараа нь дэд ахлагч Г.Аззаяагийн хамгаалж байсан хэсэг рүү гол алан хядагч дайран орж иржээ. Алан хядагч 750 кг дэлбэрэх бодистой явсан гэнэ. Аззаяа 60 гаруй метр газраас алдан хядагчийг мэргэн буудаж амжсан тул хүрэх ёстой газраа хүрч чадалгүй бөмбөгөө дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн долгионд 10 километрийн доторх байшингуудийн цонх хагарч, зарим байшин нурсан гэхээр тун хүчтэй дэлбэрэлт болжээ. Аззаяа бетонон суурьтай хамгаалалтын бүхээг дотор байсан тулдаа хөнгөвтөр шархдаад амьд үлджээ. Дэлбэрэлтийн долгион тэр хүнд бетонон бүхээгийг байрнаас нь 20-30 см хөдөлгөсөн ажээ. Хэрвээ Аззаяа алан хядагчийг зогсоож чадаагүй бол өглөөний цайндаа цуглаад байсан олон зуун Польш цэргүүд тэдэнтэй  цуг байсан Латви, Литва, Румын, Унгар зэрэг бусад орны цэргүүд аюулд өртөж, Иракт цэргээ илгээсэн Польшийн Засгийн газрын шийдвэр ч мухардалд орох магадлал байсан талаар Польшийн Батлан хамгаалах яамныхан тухайн үед бидэнд ярьж байж билээ. Аззаяаг маань Польшийн тал  онцгой гавьяа байгуулсан гадаадын иргэнд олгодог Польшийн цэргийн мөнгөн медалиар  (Srebrny Medal Wojska Polskiego) шагнасан. Энэ шагналыг 3-хан  хүн хүртэж байжээ. Польшийн цэргийн медаль нь алт, мөнгө, хүрэл гэсэн нь 3 зэрэглэлтэй бөгөөд нийт  13 хүн авсан юм байна.  Мөн  Аззаяаг болон Монголын хэд хэдэн офицеруудыг Польшийн тал зардлыг хариуцан Цэргийн урлагийн академидаа сургах болсон нь дээрх үйл явдалтай зарим талаар холбоотой билээ. 
 
4. Монколицэ орчимд харсан сонссоноо хуваалцахуй
 
Монколицэ тосгоны ойролцоо Лович хотод Войчех Урбанек гуай биднийг машинтай тосч уулзав. Тэрээр уулзалтууд болон үзэх харах зүйлсийг урьдчилан тохирч бэлдсэн байв.
Мөн Монколицэ тосгоноос   320 гаруй километрийн тэртээгээс Легницке Поле гмины дарга Рафал Плежиа маань манай уулзалтад оролцохоор эхнэр, охины хамт хүрэлцэн ирсэн байлаа.
Бидний хамгийн түрүүнд уулзсан хүн нь Лович хот дахь Децэзиягийн хамба лам Анджей Франчишек Джюба байлаа. Ловичийн Децэзия Лодзийн Метропольд багтдаг бөгөөд католик шашны засаг захиргааны нэгэн нэгж юм. Польш нь нийт 14 метрополь, 41 децэзияд хуваагддаг юм байна. Ловичийн Децэзиягийн харъяанд энэ хавийн Ленчица, Лович, Монколица, Монколска Вола зэрэг олон хот, суурин, тосгод харъяалагддаг ажээ. Хамба Анджей Франчишек Джюбад монгол заншлаараа хадаг барин золгов. Өргөн мэдлэгтэй, сайхан ааштай нүдэнд дулаахан энэ хамба манай төлөөлөгчдөд маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд түүнтэй уулзсан нь хүндтэй явдал байлаа.
 
 
Энэ уулзалтын дараа Лович хотын дарга Марчин Кошиорэк биднийг тосч уулзан Мажица дахь Скансен буюу оршин суугчдын амьдрал ахуйг харуулсан эртний урц сууцыг үзэж сонирхов.
Тэндээс хөдөлж Монколицэ тосгонд хүрч очиход тус тосгоны харъяалагдах Гловно гмины орлогч дарга Мачей Олейничак, Ариун Войчехийн сүмийн хувраг Кшиштоф Пшыбыш, гмины захиргааны ажилтан хатагтай Ёоланта Шкуп нар болон бусад хүмүүс угтав. Бидний уулзалтад Легницке Поле гмины дарга Рафал Плежиа болон Лович хотын бизнесч В.Урбанек нар байлцсан. Бидэнд тосгоны сүмүүдийг үзүүлж сонирхуулав. Мөн ойр орших Вола Монколска тосгоны Шчешнякүвын гэр бүлээс бэлтгэсэн зоогоор биднийг дайллаа.
Уулзалтын үеэр би Монголын тухай, Монгол, Польшийн түүхэн харилцаа, түүний өнөөгийн байдлын талаар тэдэнд бяцхан танилцуулав. 
Яг ийм тийм гээд үзүүлчихээр баримт сэлт байхгүй боловч тэд өөрсдийгөө дорноос ирсэн гэж өөр хоорондоо үе дамжуулан ярьж ирсэн нь  үнэн гэв. Ази маягийн холимог царай төрхтэй хүмүүс ч байдаг бололтой. Эрт цагт Монколицэ нь Монголицэ нэртэй байсан ч гэж ярьж байна. Энэ хавийнхан байшингаа зөвхөн өмнө зүгт харуулж барьдаг гэнэ.  Зарим айлын байшинд татаар маягийн сүлд тэмдэг байдаг гэж ярьж байна. Эндхийн хүмүүсийн байгаа байдал ч бусад польшуудаас арай өөр юм шиг. Чимээгүй даруу тэд дотроо нэгийг дүгнэх мэт биднийг дуугүйхэн ажиглан харж сууцгаах нь эгээ л Монголын хөдөө нутгийн малчдыг минь санагдуулна. 
 
Легницийн тулалдааны өмнө Ленчица хүрсэн Монгол цэргүүдээс хэсэг нь Польшийн умард болон зүүн хэсгээс ирж болох цэргийн шилжилт хөдөлгөөнийг тандах зорилгоор үлдсэн байж болох талтай. Шархдаж, хурдтай аян дайны явдлыг даахгүй үлдэж хоцорсон ч байж магадгүй. Унгарыг чиглэсэн Монгол цэргийн их хүч Өгөдэй хааны таалал төгссөн сургаар эргэж ирэхгүйгээр яваад өгчихнө гэж мөн төсөөлөөгүй байж болох. Ийм түүх Монголын их байлдан дагууллын үеэр зөвхөн хязгаарлагддаггүй. Хятадад үлдсэн Дээд Монголчууд өнөөг хүртэл Галдан Бошигот хааныгаа буцаж ирнэ гэж хүлээдэг гээ биз дээ.  
Ямартай ч Монголын их гүрний цэргүүд энд хүрч байлдаж байсан, энэ хавиас Бенедикт Полак Монголын Их хаантай уулзахаар сүүлийн заавраа аван мордож байсан зэрэг нь Польшийн түүх бичлэгт тэмдэглэгдэн үлдсэн зүйлс юм.
 
 
Тус тосгоны сүмийн хүндэтгэлийн дэвтэрт би Монгол морины туурай тамгалж, Монгол баатарын уухай хадаж байсан газар орчин цагийн Монгол цэргийнхээ төлөөллийг дагуулан ирж, зочилж буйгаа тэмдэглэн найрсгаар хүлээн авсанд талархлаа илэрхийлсэн.
Ирэх оноос боломж гарвал Монгол наадмыг энэ хавьд зохион байгуулах боломжийн талаар ярилцав. Мордохын өмнө би тэдэнд хандан үг хэлж, эрт дээр үед Монголчуудын явж байсан газраар ийнхүү аялж ирсэндээ баяртай байгаагаа дурдаад  Монколицэ тосгоны оршин суугчид Монголтой ямар нэг холбоотой нь батлагдах эсэхээс үл хамааруулан хамтран ажиллах хүслээ  илэрхийлэв. Мөн Монголын түүхтэй холбоотой Легница, Крушианины, Монколица зэрэг газар орон, тэндэхийн оршин суугчид, Монголыг дэмжигч Польшууд, тэдний байгууллага холбоод, Легницад саяхан байгуулсан Монголын дугуйлан, Монгол судлалын төвүүдийг хооронд нь холбож, харилцан танилцуулах, чингэснээр Польш дахь Монголын сурталчилгааг нэмэгдүүлэх шинэ боломжийг бүрдүүлэх нь Элчин сайдаар томилогдон ирсний минь нэгэн зорилт гэдгийг танилцуулав.
 
 
Намайг Варшавт ирсний дараа Гловно гмины орлогч дарга Мачей Олейничак мейл ирүүлж, Монколицэд хүрэлцэн ирсэнд тосгоны удирдлага, олон нийт ихэд баяртай, цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн. 
Мөн Монколицэд явж байхад минь Легницке Поле дахь Легницийн тулалдааны музейгээс манай ЭСЯ болон бусад байгуулагатай хамтран Легницийн тулалдааны 780 жилийн ойд зориулсан мөнгөн тэмдэгт болон алт, мөнгөн зоосийг хэвлэн гаргаснаа мэдээлж, дээжээс нь Легницке Поле гмины дарга Рафал Плежиагаар дайлган ирүүлсэн нь сайхан тохиолдол болов.
 
 
Элчин сайд Б.Дорж
 
Варшав хот,
 
2021 оны 6 дугаар сарын 8