sonin.mn
Лхагвын Дэмидбаатар
(1966-2021)
 
Монголын тайз дэлгэцийн урлагийн нэрт төлөөлөгч, Сити их сургуулийн багш, Соёл урлагийн их сургуулийн докторант, сурган хүмүүжүүлэгч-багш, Улсын гавьяат жүжигчин Лхагвын Дэмидбаатар нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын соёл урлаг, боловсролын салбарт хүнд гарз тохиолоо.
Лхагвын Дэмидбаатар нь 1966 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Их уул суманд төржээ. Тэрбээр 1989-1992 онд Улсын багшийн дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн кино-драмын ангийг найруулагч, багш Г.Доржсамбуу, УГЖ Л.Лхасүрэн нарын, 2002-2005 онд СУИС-ийн магистрантурт доктор, профессор, УГЗ Н.Ганхуягийн удирдлагад суралцаж төгсчээ.
Жүжигчин Л.Дэмидбаатар нь 1992-2002 онд Улсын драмын академик театрт, 2004-2006 онд “Гэрэгэ интернэшнл” хамтлагт, 2007-2020 онд Улсын драмын эрдмийн театрт тус тус жүжигчнээр ажиллажээ. 1990 онд УГЖ Л.Лхасүрэнгийн найруулсан Ж.Б.Мольерийн “Бэрд” сонгодог инээдмийн жүжгийн Клеантын дүрд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш 27 жилийн дотор У.Шекспир “III Ричард Ван” жүжгийн ван Дорсэт, “Отелло” жүжгийн Яго, “Ромео Джулетта” жүжгийн Тибальт, К.Гольдони “Буудлын эзэн авхай” жүжгийн Тайж, Ж.Б.Мольер “Дон Жуан” жүжгийн Дон Жуан, Н.В.Гоголь “Амьгүй албат” жүжгийн Чичиков, В.Хюго “Парисийн дарь эхийн сүм” жүжгийн Гренгуар, Р.Тагур “Цусан тахилга” жүжгийн өвгөн Рахура, Ч. Ойдов “Далан худалч” жүжгийн Далай, С.Жаргалсайхан “Хаан түүх I, II, III” туульсын 3 ангит жүжгийн Цоонг түшмэл, төрийн сайд Гэрэгэ, Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” жүжгийн Бушива, Л.Толстойн “Анна Каренина” жүжгийн Стива зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог, драмын, орчин үеийн 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг урлан бүтээхдээ он цаг, орчин нөхцөл харилцан адилгүй эдгээр янз бүрийн хүмүүсийн зан байдлын онцлогийг харгалзан, тухайн дүрдээ сэтгэл зүйн талаас нь нягт нямбай бодож урлан бүтээж “Дэмидбаатарын дүрүүд” гэж овоглох байр суурийг энэхүү бүтээлүүдээрээ олж чадсан авьяаслаг жүжигчин байлаа.
 
Л.Дэмидбаатар нь Улсын драмын эрдмийн театрын “Туйлшрал” 1991-2001 он хошин хөтөлбөр, хошин урлагийн театрт “Батзаяа ба түүний нөхөд”, “Өнгөт инээд” хамтлаг, “Х түц” продакшн зэрэг мэргэжлийн театр, продакшнуудыг хөгжихөд өөрийн хүч хөдөлмөр авьяас чадвараа дайчлан ажиллаж монголын хошин урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм аа. 
 
Тэрбээр хошин урлагийн театрын тайзнаа бүтээсэн “Хортой алим ба хадам ээж 1”, “Хадам ээж 2”, “Хагархай Дэмчиг”, “Хуримын зууч”, “Амралтын амраг”, “Зиндаагаараа амьдаръя” зэрэг уран сайхны номеруудад шилдэг дүрүүдийг бүтээж эмгэнэл, инээдэм, гашуун элэглэл зэргийг иж бүрэн хослуулан урлаж чадсан 200 гаруй хошин дүрүүдийг бүтээсэн хошин урлагийн нэртэй мастер авьяаслаг жүжигчин байсан.
Л.Дэмидбаатар нь монголын телевизийн анхны олон ангит бүтээл “Эзэнгүй айл” киноны Саруул, найруулагч Х.Дамдин “Эр хүн” киноны Цэгмид, Д.Сосорбарам “Гэнэн гурав” киноны Шоохууз, Ж.Биндэр “Далдхан хайр” киноны Гооёо, Х.Дамдин “Түгшүүрт шөнө” киноны Ахмад Төгсөө, Х.Уртнасан “Бурхны ерөөлөөр” киноны Лам Цэрэндорж, “Боловсрол суваг” телевизийн “Гурван найз” киноны Баасан ах, МҮОНРТ-ийн “Саятан болох дамжаа” киноны Явуу, “Босго тотго” киноны Паргиа Гавьж лам, Л.Эрдэнэбулган “Үхэж үл болно-Чингис хаан” киноны Нялх Сэнгүм зэрэг 30 гаруй дүрийг амжилттай бүтээсэн дэлгэцийн урлагийн чадварлаг уран бүтээлч билээ.
Л.Дэмидбаатар нь соёл урлагийн боловсролын салбарт хүчин зүтгэж, 2005-2018 онд СУИС-ийн Театрын урлагийн сургуульд, 2018 оноос СИТИ их сургуульд багшилж, олон арван дипломын ажлуудыг удирдан В.И.Жамъяак “Ноён Амелькар”, Д.Батбаяр “Гэгээ”, А.Вампилов “Чулимскд болсон явдал”, Н.Ганхуяг “Удган модны домог” зэрэг жүжгийг найруулан тавьж төв, орон нутгийн театрууд, хамтлаг продакшн, кино телевизийн салбарт ажиллаж буй уран бүтээлчид, шавь нарыг бэлтгэхэд мэдлэг боловсрол, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байсан эрхэм хүндтэй сурган хүмүүжүүлэгч-багш байлаа.
 
Монгол улсын гавьяат жүжигчин Лхагвын Дэмидбаатарын арвин их туршлага, цуцашгүй их хөдөлмөр, авьяас билгээс бид цаг ямагт суралцаж, түүний гэгээн дүр төрхийг үеийн үед дурсан санаж, хүндлэн дээдэлж явах болно.
 
Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын
Захиргаа, Уран сайхны зөвлөл,
Театрын хамт олноос.