sonin.mn

“UB пикчерс” кино компанийн уран бүтээлчид “Мөнх хаан” кино төсөл хэрэгжүүлэхээр болсноо албан ёсоор зарлалаа. Монголын эзэнт гүрний түүхэн их хаан Мөнхийн амьдрал, замналын тухай өгүүлэх энэхүү киноны зохиол нь бэлэн болжээ. Уран сайхны бүрэн хэмжээний энэхүү бүтээлийг гадаад дотоодын олон үзэгчдэд зориулан бүтээх бөгөөд кино найруулагч, продюсер, жүжигчид өргөн далайцтай ажиллах томоохон төсөл болно гэдгийг онцолсон байна. Монголын түүх бол дэлхийн түүх байдаг. Энэ түүхийн үнэнийг зарим талаар гуйвуулах, өөрчлөх, бусад олон хэлбэрээр үнэнээс ангид харуулах явдал багагүй болсон энэ цагт монгол уран бүтээлчид, тэр тусмаа UBS телевизийн ерөнхий захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжаваар тэргүүлсэн багийнхан үнэнд хамгийн ойр дөхүүлсэн уран бүтээл хийнэ гэдгээ илэрхийллээ. “Мөнх хаан” кино зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ү.Хүрэлбаатар, жүжгийн зохиолч Ш.Гүрбазар болон МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр нар хамтран туурвисан байна.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин