Гаднын улс оронд ажиллаж, амьдарч буй уран бүтээлчдийнхээ талаарх мэдээллийг уншигчдадаа танилцуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Том зорилго тавьж хилийн дээс алхсан тэдний хэн нь хаана ямар бүтээл дээр ажиллаж, хэрхэн эх орноо сурталчлан таниулж буйг сонирхуулахдаа таатай байдаг билээ. Энэ удаа бид манай сонинд ярилцлага өгч уран бүтээлийнхээ талаар танилцуулж байсан найруулагч Б.Үйзэнмаагийн тухай мэдээллийг хүргэж байна. Түүний бүтээсэн “Хар сүү” киноны талаарх мэдээллийг бид уншигчдадаа сонирхуулж байсан. Тэгвэл түүнийг “Алтан бөмбөрцөг” наадмын “HFPA in сonversation” подкаст шинэ зочноороо урьж оролцуулсныг энэ удаа онцолъё. Б.Үйзэнмаа уг подкастад оролцохдоо “Хар сүү” кино хэрхэн бүтсэн, камерын ард өрнөсөн зарим үйл явдал болон кино урлагийн талаарх үзэл бодлоо хуваалцжээ.
Тэрбээр “Хар сүү” киноныхоо талаар “Энэ кинонд хар ѳнгөний тухай ойлголт их чухал. Энэ удаагийн киноны маань гол дүрд надтай цуг миний үеэл Ц.Гүнсмаа тоглосон. Түүний хойд эцгийн дүрийг миний аав Б.Борхүү бүтээсэн” хэмээн ярьж байсан билээ. Эргэн сануулахад, Б.Үйзэнмаа 1988 онд гэр бүлийн хамтаар ХБНГУ-ыг зорьсон юм. Тэрбээр 2004–2006 оны хооронд Франкфуртын ойролцоох Майнц хотын их сургуульд франц хэл, түүх судалжээ. Үүний дараагаар Германы Мюнхений Телевиз, кино урлагийн их сургуульд суралцаж төгссөн байна. Мөн тэрбээр оюутан байхдаа Нобелийн шагналт Германы зохиолч Генрих Белийн нэрэмжит шагналын эзэн болж байсан билээ.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Би залуу үеийнхэндээ найдлага тавьдаг. Одоогийн олонхи болсон боловсролгүй, бүдүүлэг, юм үзэж, нүд тайлаагүй, уул удам угсаа нь муу, гадаад аль нэг хэлээр хэвлэгдсэн улс төр,нийгэм, эдийн засгийн ном уншиж чаддаггүй, унших ч хүсэлгүй,тэгсэн мөртлөө 2-3 гадаад хэл мэддэг гэж анкетаа бөглөдөг, эд мөнгөний шуналтай тийрэнгүүд эдгээр залуучуудад саад болж байна. Энэ бол Монголын өнөөгийн ерөнхий зураг. Уул нь боловсорч, гэгээрэх тусам хувийн эрх ашгаа хойш тавьж, улсынхаа эрх ашгийн төлөө үнэнчээр зүтгэх зуршил үе дамжин суух ёстой.