сонин mn
ЛОНДОН. /BBC/. Англи, Уэльс, Шотландын дийлэнх хэсэгт хязгаарлалтыг сулруулж байгаа ч иргэд коронавирустэй хийх тэмцэлд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, хариуцлага алдахгүй байх хэрэгтэй гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.
 
 
 
Хязгаарлалтыг сулруулснаар Их Британид олон сая хүн тодорхой тооны хязгаартайгаар нэг байранд цугларч, хоорондоо харилцаж, ойр дотны хүмүүсээ тэвэрч, эргээд паб, шөнийн цэнгээний газрууд, зоогийн газруудаар үйлчлүүлэх боломжтой болж байна. 
 
 
 
Гадаад руу аялахад тавьсан хориг мөн цуцлагдаж, шинэ дүрэм журам гаргажээ.
Гэсэн ч хүн бүр сонор сэрэмжтэй байж, долоо хоногт хоёр удаа шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг Борис Жонсон цохон тэмдэглэв.
“Бид  хамтдаа тусгаарлалтаас гарах замынхаа өөр нэгэн чухал уулзвар дээр ирээд байгаа ч дараагийн алхмыг тун болгоомжтой хийх хэрэгтэй. Хүн бүр долоо хоногт хоёр удаа шинжилгээнд хамрагдах, ээлж нь ирэх үед вакциндаа хамрагдах үүргээ гүйцэтгэх ёстой. Вирусыг зогсоохын тулд эрх чөлөөг мэдэрч буй хүн бүр анхаарал болгоомжтой, хариуцлагатай байхыг би уриалж байна ” хэмээн тэрбээр хэлжээ.
Англи, Шотландад оршин суугчид шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээний хариу нь 30 минутын дотор гардаг үнэгүй оношлуурыг авах боломжтой аж. Харин Уэльс, Хойд Ирландад ийм оношлуурыг зөвхөн тодорхой бүлгийн хүмүүс авах боломжтой гэнэ. Тухайлбал, гэрээсээ ажиллах боломжгүй иргэд ийм оношлуурыг үнэ төлбөргүй хэрэглэж байгаа аж.
Их Британи 1 дүгээр сарын 18-наас зарим нэг шалтгаанаас бусад тохиодолд гадаад руу аялал хийхийг хориглосон. Түүнчлэн Их Британийн дийлэнх хэсэгт 12 дугаар сараас хойш паб, зоогийн газруудаар хязгаарлалт үйлчилж байсан юм. 
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг