sonin.mn

Химийн болон хуванцрын бохирдол загас, усны бусад организмыг хордуулж байна. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид төвтэй судалгааны төвийн эрдэмтэн Мэтт Ландос “Загасны тоо толгой цөөрснийг агнууртай холбож ойлгодог. Үнэндээ далай тэнгисээс гадна гол нуурын ус бохирдож, нян, хортой замаг үржиж байна. Ингэснээр загас, сээр нуруугүй амьтдыг хордуулдаг. Дэлхийн аль ч  улсад худалдаалж буй загаснаас микропластик буюу хуванцрын жижиг хэсгүүд илэрсэн. Далайн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүн хүн жилд дунджаар 11 мянган ширхэг бичил хуванцар иддэг” гэж тайлбарлалаа.

 

Химийн хорт бодис усанд сарнидаг учир илрүүлэх, хянах, зохицуулахад төвөгтэй байдаг аж. 72 улсын 165 голын усанд хийсэн судалгаагаар антибиотик, полихлорт бифенил, диоксин илэрчээ.

 

Жил тутам 150 сая тонн хуванцрыг  далайд хаядаг. НҮБ-ын тайланд тэмдэглэснээр далайд 51 их наядаар тоологдох бичил хуванцар “хөвөж” байна. Ийнхүү “аялах”  бичил хуванцар, том хог хаягдлаас аюултай. Далайн давсны килограмм тутамд 550-681 бичил хуванцар илэрчээ. Сонирхуулахад, Их Британийн Байгаль орчны аудитын хорооны судалснаар хүн нэг удаа усанд орохдоо 100 мянган ширхэг бичил хуванцар далайд урсгадаг аж. Гэхдээ энэхүү хаягдалтай эрчимтэй тэмцэж буй цөөн хэдэн орныг эс тооцвол хүмүүс байгаль орчинд хөнөөлтэй оо, цэвэрлэгч бодис, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин