1990-ээд оны эхэн үед “Жирийн монгол охин”, “Агшин” киноны дуугаар залуусыг байлдан дагуулж байсан дуучин бол “Шигтгээ” хамтлагийн дуучин Б.Цогоо. Одоо ч түүний уянгалаг дуунууд залуусын зүрх сэтгэлд эгшиглэсээр байдаг. Гурван андтайгаа хамтран “Элькондор” хамтлагийг байгуулж, рок попын ертөнцөд шинэ давалгаа үүсгэсэн нь өнөөдөр ч хуучраагүй байна. Ингээд түүнтэй амьдрал, уран бүтээл, өнөөдрийн рок поп ертөнцийн тухай хөөрөлдсөнөө уншигч танаа толилуулж байна.
Миний том хүү Японд Бейсболын мэргэжлийн лигт тоглож байгаа
-Таныг 33 дугаар сургууль төгссөнийг чинь мэдэх юм байна. Ер нь бага насаа хаана өнгөрөөсөн бэ?
-Миний бага нас 12 дугаар хороололд өнгөрсөн. “РЦНК”-ийн хажуу талын 14 дүгээр байранд манай ээжийнх байсан юм. Харин аавынх “Чингис” зочид буудлын хажуу талын 30 дугаар байранд байсан л даа. Ингээд бодохоор Б.Цогоо гэдэг хүн “Микр”-ийн унаган хүүхэд болж таарч байгаа биз. Хүүхэд насаа 61 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж өнгөрөөгөөд 1974 онд нэгдүгээр ангид орлоо.
Манай ээж “Орос-14”-т оруулна гээд дагуулаад очдог юм байна. Эхний өдөр хичээлдээ суугаад эргэн тойрноо харсан маньтай төсөөтэй нэг ч хүүхэд байдаггүй. Бүгд шонхор хамартай, шар царайтай хүүхэд байгаа юм чинь. Тэгээд орос хүүхдүүдээс ичээд гэртээ ирээд хэлсэн. “Тэнд чинь нэг ч монгол хүүхэд алга. Би ерөөсөө монгол сургуульдаа сурна” гээд. Ингээд өөрийн хүсэлтээр 33 дугаар сургуульд орсон доо /инээв/.
-Та тэр болгон гэр бүлийнхнийхээ тухай яриад байдаггүй юм билээ. Ээж, аавыгаа манай уншигчдад таницуулаач?
-Миний ээж Дамдинсүрэнгийн Сувд гэж хүн байдаг. Эмзоглоги, мекробиологийн төвд биохимичээр ажиллаж байсан. 1980-аад онд Армянд газар хөдлөхөд Монголоос тусламжийн вагон явж байсныг тухайн үеийн хүмүүс санаж байгаа байх. Тэгэхэд миний ээж тэрхүү гамшигт нэрвэгдсэн ард түмэнд тусалж байсан. Түүгээр нь би их бахархаж явдаг юм.
Үүнээс ч болсон уу эсвэл мэргэжлийн онцлог уу одоо бие нь жаахан тааруу байдаг юм. Гэсэн ч хүний дор орчихолгүй сайхан л амьдарч байна. Ээж минь “Панкопсин” гэдэг эмийг хонины нойр булчирхайнаас гаргаж авсны учир Төрийн шагнал хүртсэн. Одоо ч Монголын ард түмэн энэ эмийг хэрэглээд л явж байна. Би ээжээрээ маш их бахархдаг.
“Төрийн шагналтнууд” билүү дээ нэг альбом байдаг юм. Тэр альбом дээр “Дамдинсүрэнгийн Сувд “панкопсин” гэдэг эм бүтээснээр Монголын анагаах ухаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Энэхүү гавьяаг үнэлж Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн болно” гэж байдаг юм.
-Аавыг тань зураач хүн гэж сонссон юм байна. Хаана ямар ажил алба хашдаг хүн байв. Энэ тухай жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-Миний аав Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажилладаг байсан. Өөрөө цэргийн хүн биш л дээ. Үндсэн мэргэжил нь монгол хэлний багш. Нийгмийн аюулаас хамгаалах яамны музей гэж байхад орлогч даргаар нь ажилладаг байв. Миний аавын үеийн зураачид бүгд мэдэх байх, Базарын Болд гэдэг хүнийг. Намайг анх урлагийн хүн болно гэхэд аль аль нь дургүй байсан.
Тэр ч байтугай хүнд машин механизмын механикч болгох гэж хүртэл үзэж байсан /инээв/. Уран барилгын архитекторч болгоно гэж нэг хэсэг их үзсэн. Аргаа бараад зураач болгоно гэж байхав. Би ч өөрийнхөөрөө зүтгэсэн. Тэгээд л урлагийн хүн болсон доо. 60 гарч яваа хүн компьютер график хийж байна гэхээр тэр болгон итгэхгүй байх.
Гэхдээ саяхан болтол Баабарын “Непко” дээр миний аав компьютер график хийгээд явж байсан. Одоо хоёулаа тэтгэвэртээ гарчихсан, гэртээ сууж байна. Би айлын ганц хүү болохоор ээж, аавынхаар үргэлж л орж гарна. Тэгэхэд өтлөх тусам л хүүхэд шиг болоод байгаа юм шиг санагддаг шүү /инээв/.
-Ингэхэд Та өөрөө хэдэн хүүхэдтэй билээ?
-Хорвоо ертөнц дээр гурав бий. Амьдралдаа эр хүн алдахыг алийг тэр гэх вэ. Миний том хүү одоо Японд амьдарч байна. Багаасаа л Япон уруу явчихсан юм. Тэнд бас багагүй амжилт гаргаж яваа. Хэлчихвэл монголчууд шуугиад, ажил төрлийг нь хийлгэхгүй зовоогоод унах байх.
-Аав хүнд хүүгээрээ бахархах шиг сайхан зүйл юу байх билээ. Тэр тусмаа харийн оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна гэдэг тэр бүр хүнд олдох хувь заяа биш шиг санагдана?
-Анх удаа чамд хэллээ шүү /инээв/. Миний хүү Японд мэргэжлийн бейсболын лигт тоглож Монголынхоо нэрийг өндөрт өргөөд явж байна. Хоёр жилийн өмнө ирээд баахан хүүхнүүдийн нүд унагаад уурыг минь барж барж явсан / инээв/. Тэгээд би хүүдээ хэлсэн “Монгол уруугаа яараад яахав. Ирээдүйн амьдралаа баталгаатай болгочихоод наашаа ирээрэй” гэж.
Харин дунд охин маань Эрдэнэтэд байдаг. Энэ жил дунд сургуулиа төгсөж байна. Яг үнэнийг хэлэхэд тодорхой шалтгааны улмаас охинтойгоо удаан уулзсангүй. Тэгээд манай бага байна даа. Д.Отгонзаяа бид хоёрын дундаас гарсан бага маань том хүүтэй минь илүү амь байдаг юм шиг билээ. Захиа бичнэ, мессенжэрээр харилцана. Ахыгаа таг чиг болчихоор надаас нэхнэ.
Янз бүрийн л юм болно. Ер нь ингээд бодохоор амьдрал их баялаг юм билээ. Би өөрийнхөө гурван хүүхдэд юу үлдээж чадах вэ гэхээр нэр хүнд л үлдээж чадна. Надад ямар хүнээс илүү хурааж хуримтлуулсан алт эрдэнэс байх биш. Харин миний үлдээх нэр хүнд цэвэр байх ёстой. Энэ гурав чинь Б.Цогоогийн хүүхдүүд шүү дээ гээд ярихад хүүхдүүд минь ичих ёсгүй байхгүй юу. Бүр бахархдаг байх ёстой. Өнөөдөр би энэ бүхний төлөө л амьдарч байна.
-Урлагт анх хөл тавьсан үеэ эргээд дурсвал сонин байх болов уу. Тэр тусмаа танай үеийнхэн Монголын рок поп урсгалын шинэ хөрс суурийг тавьж өгсөн байх шүү?
-Урлагт анх хөл тавьсан үе гэвэл 1983 он шиг санагдаж байна. Тэгэхэд “Залгамжлагч V чуулган” гэдэг наадам болсон юм. Тухайн үед одоо хөгшчүүл болоод тэтгэвэртээ гарчихсан байгаа Төгсөө, талийгч Пүдо, “Шөлөндөө”-гийн эзэн Санжаа, “Ерэн сая”-ын Гансүх бид хэд хамт бүжиглэж байлаа. Энэ цагаас хойш тасралтгүй 30 жил урлагтай хамт явсан байна.
Анх Хүүхдийн пионерын ордонд очоод хөнгөн хөгжмийн ангид орох гэтэл орон тоо гүйцчихсэн гээд авдаггүй. Тэгвэл ямар ч хамаагүй нэг дугуйланд оръё гэсэн бүжгийн дугуйлан таарсан л даа. Ингээд нэг хэсэг бүжигт айхавтар дурласан. Дараа нь 1986 онд шиг санагдаж байна хичээлийнхээ хажуугаар Драмын театрт тайз засагчаар ажилд орсон юм.
Эндээс л урлаг гэдэг ямар аугаа зүйл болохыг, урлагийн хүмүүс бие цогцос хийгээд сэтгэл зүрх, оюун ухаанаа яаж зориулдгийг ойлгож авсан. Үүнээс ердөө хоёр жилийн дараа буюу 1988 онд “Хонх” хамтлаг ид хүчээ авлаа. “Хонх”-ын тоглолт Хүүхэд залуучуудын театрт болоход бараг багахан хэмжээний дайн болдог байсан. Одоо энэ гитарчин Вовка чинь тухайн үед “Хонх” хамтлагт тоглодог байсан юм.
Анх Вовка бид хоёр “Микр”-т Өөжгий, талийгч Равжаа, би, Баярсайхан бид хэд нийлээд нэг хамтлаг байгууллаа. Хамтлаг байгуулах болсон шалтгаан юу байсан гэхээр улстөрийн дууны уралдаанд орох гэж тэр. Пхеньянд болох Залуучуудын чуулга уулзалтад түрүүлсэн хамтлаг нь явах уралдаан байсан юм. Тэгээд л орсон. Тэгсэн тайзан дээрээс хөөгдлөө.
“Барууны үзэл суртлыг үзүүлж хөрөнгөтний дуу дууллаа” гэсэн шалтгаанаар хөөгдөж байгаа юм /инээв/. Эргээд санахад “Битлз”, “Bee Gees” хамтлагийн дуунуудаас дуулсан юм шиг байна лээ. Ингээд дараа нь бүжгийн хамтлагтай боллоо. Яг энэ үед Төмөр замын хувьсгалч залуучуудын эвлэлийн хорооны дэргэд “Сарны өртөө” чуулга байгуулагдсан юм.
Тэгээд миний байгуулсан хамтлагийг дэргэдээ авъя гэж ярилцаад тэнд нэг хэсэг ажилласан л даа. Удаагүй байж байтал “Сарны өртөө” чуулга маань татан буугдаад би “Баянмонгол” чуулгад бүжигчнээр очлоо. Очоод удаагүй байж байтал одоо энэ Филармонийн зааланд томоохон шоу болсон. Тэгэхэд “Титэм”, “Beatzone”, “Никитон”-ы Б.Батчулуун гурав дуулж байсан санагддаг юм.
Энэ гурав тухайн үеийн Хөгжим бүжгийн дунд сургуулиас төрж гарсан хамтлаг байх шүү. Ер нь Хөгжим бүжгийн дунд сургуулийнхан бол урлагаар өвчилчихсөн байсан л даа. Мөн “Харш” хамтлаг гараад ирчихсэн, хэд хэдэн дуу нь хит болчихсон байлаа. Тухайн үеийн Барилгын яамны дэргэд байгуулагдсан болохоор “Харш” гэдэг нэр өгсөн хэрэг. Энэ хамтлагийг анх байгуулсан хүн нь миний санаж байгаагаар З.Зундарь агсан байх шүү.
“ЭЛЬКОНДОР” хамтлагийнхаа цомгийг гаргах юм сан
-Тэр жил Монголын хөгжмийн ертөнцөд хамтлагийн хур асгарсан гэж нэг дурсамж уншиж байсан юм байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Ерөнхийдөө тэр жил Монголын рок поп хөгжмийн урсгалд шинэ хамтлагийн хур бууж, үерлэсэн жил байсан нь үнэн. Учир нь манай “Шигтгээ”, “Хурд”, “Титэм” хамтлаг байгуулагдаж, сайхан сайхан уран бүтээлээ хийж эхэлсэн байдаг. “Хурд” хамтлаг байгуулагдсан үеийг би тод санаж байна. Яагаад “Хурд” гэж нэрлэсэн гэхээр Монголын төмөр замын “ДЕПО”-гийн дэргэдэх хамтлаг учраас “Хурд” гэж нэрлэсэн байгаа юм.
Төмөр замын Соёлын ордонд “Хурд”-ын анхны тоглолтыг үзэж байхад Ганбаяр ах бөмбөр тоглодог байлаа. Тухайн үеийн “Хурд” хамтлаг чинь одоогийн бүрэлдэхүүнтэйгээ байгаагүй л дээ. Отгонбаяр, Нарсар эд нар чинь “Хурд” хамтлагийн гурав дахь үе байх шүү. Үүнээс хойш дэлхийн хөгжмийн ертөнцөд хөвгүүдийн хамтлаг цойлоод гараад ирлээ.
“Take that”, “Newkids on the block”, “Boyz II Men” зэрэг хамтлаг жинхэнэ од болон гялалзаж байсан юм. Манайд ч ялгаагүй тэдний давалгаа хүчтэй нөлөөлсөн. Үүний үр нөлөөгөөр Монголын хамгийн анхны хөвгүүдийн хамтлаг “Камертон” байгуулагдсан. Эд нар чинь анх гарч ирэхдээ эрэгтэй, эмэгтэй холимог гишүүнтэй байсан юм.
“Спайк”-ын Марлаа, “Камертон”-ы Д.Болд нар чинь нэг хамтлагт байсан байхгүй юу. Тэгээд энэ бүрэлдэхүүнээрээ амжилт олохгүйг мэдсэн үү яасан нэг хэсэг чимээгүй байж байгаад л гэнэт квартет болоод гараад ирсэн.
-“Элькондор” хамтлагийн дууг өнөөдөр ч хүмүүс сонсож, даган дуулж байна. Энэ хамтлаг хэрхэн байгуулагдсан тухай дурсаач?
-Би хоёр жил гаруй Эрдэнэт хотод амьдарсан юм. Ажлын шугамаар Улаанбаатарт ирээд СУИС дээгүүрээ орсон чинь Хэрлэн, Жагаа хоёр сууж байна. Багын найзууд бөөн дуу шуу болж уулзана биз дээ. Хорвоогийн жаргал, зовлон гээд баахан амьдрал ярьж байгаад гэнэт л хамтлаг байгуулахаар боллоо. Чухам яагаад заавал дөрвөн хүнтэй хамтлаг байх ёстой байсныг ойлгохгүй байгаа юм /инээв/.
1995 онд шиг санагдаж байна бид гурав нийлээд дөрөв дэх гишүүнээ хайлаа даа. СУИС-ийг гурав, дөрвөн удаа “нэгжээд” олдоггүй. Бүр аргаа бараад У.Далантайд хүртэл санал тавьж байсан гээд бодчих. Яах учраа олохгүй сургуулийн гадаа гурвуулаа зогсож байсан чинь цагаан өнгөтэй “Волга” хүрч ирээд зогсдог юм байна. Дотроос нь манай Амараа буугаад ирлээ. Бид гурав ч бөөн баяр. Тэгээд л Амарзаяатайгаа нийлж дөрвүүлээ болж аваад “Элькондор”-ыг байгуулсан даа.
-Хамтлагийн анхны уран бүтээл ямар дуу байв?
-Яг дөрвүүлээ нэгддэг өдөр хэн хэнд ямар аятайхан дуу байна гэж ярилцаад СУИС-ийн 117 тоот өрөөнд ороод сонсголоо. Тэгсэн манай Амараа “Надад нэг ийм дуу байна. Гэхдээ хэн, хаана, хэзээ, яаж зохиосныг нь би мэдэхгүй. Дам явж байгаад л надад ирчихсэн” гээд “Тавилан”-г сонсгосон юм. Анхныхаа дууг бичүүлчихээд нэг хэсэг шөнийн цэнгээний газар дууллаа.
Яахав тухайн үедээ амжилт олохгүй л яваад байгаа нь тэр шүү дээ. Бид дөрөв чинь “Бридж” гэдэг шөнийн цэнгээний газар дуулдаг байсан юм. Тэгээд гуравдугаар сарын 8 буюу эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулж хэдэн дуу хийе гээд хоорондоо ярилцлаа. Үүний үр дүнд “Хундаганы дуу”, “О соле миёо”-г дуулаад л, “Хамжааргагүй дурлал” гэдэг шинэ дуу хийж байгаа юм.
Гуравдугаар сарын 8 ч боллоо, бид хэд ч “О соле миёо”-гоо дууллаа даа. Дуулаад дууссан чинь бүх үзэгч босоод л алга ташаад, ширээн дээрээ байсан цэцгүүдийг авч шидээд бөөн юм боллоо. Яг л кинон дээр гардаг шиг юм болж байгаа юм чинь /инээв/. Тайзан дээрээс буугаад үзэгчдийн дундуур яваад хувцас солих өрөөнд орлоо. Хэн ч юу ч дуугарсангүй. Дөрвүүлээ бие биеэ хараад чив чимээгүй хэсэг суусан юм.
Тэгсэн манай Жагаа нэг их урт санаа алдсанаа “Ингээд од болов оо” гэж авдаг байгаа / инээв/. Үнэхээр л манай Жагаагийн хэлснээр тэр өдрөөс хойш од гийсэн дээ. 1997 онд “Дурлалын гудамж” тоглолтоо СТӨ-нд тоглосон юм. Тэгэхэд би нэг санал гаргалаа, хамтлагийнхандаа. “УИХ-ын ёслолын албанд тоглолтын урилгаа явуулчихмаар байна. Мөн Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайдын ёслолын албанд бас явуулчихъя.
Ирвэл тэр л биз, ирэхгүй бол тэр биз” гэж. Тэгсэн манай тоглолт дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн 60 гаруй хувь нь ирдэг юм байна. Ингэснээрээ Монголын рок поп хөгжмийн ертөнцөд хамгийн анх удаа төрийн өндөрлөг, УИХ-ын гишүүд тоглолт үзсэн хамтлаг болсон доо. Тоглолтын дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди гуай хүлээж авч уулзсан нь санаанаас ер гардаггүй юм.
-Би андуу санаагүй бол “Элькондор” хамтлагийн цомог байдаггүй шиг санагдах юм. Яагаад цомог гаргаагүй юм бол?
-“Элькондор” хамтлаг ид гарч ирж байх үед одоогийнхтой адил дуу бичлэгийн студи элбэг байсангүй. Тоотой хэдэн газар л хоолой бичдэг байлаа шүү дээ. 102.5 радиогийн дэргэд нэг, Монгол радиод нэг бичдэг байсан байх. Мөн өнөөдрийнхтэй адил олон замаар бичдэггүй байсан юм. Нэг микрофоны ард дэрвүүлээ зогсож байгаад л дуулна.
Яг л амьд тоглолт гэсэн үг. Эргээд бодоход “Элькондор” хамтлагийн нэг ч цомог гаргаагүй нь харамсалтай санагддаг. Ямар нэг албан байгууллагын хаалга татаад л “Бидний цомгийг ивээн тэтгээч” гээд явдаг байсан бол болох байсан байх л даа. Хэд хэдэн газраар явсан ч юм. Тухайн үед тэр урсгал чиглэлийг ойлгодог мэдэрдэг хүн ховор байж.
Дээр нь манай хамтлагийн дөрөв нэг их хүнээс юм гуйгаад байдаггүй, нэр алдрын хойноос хөөцөлдөөд байдаггүй хувь толгойнууд юм байна. Гэхдээ бид дөрвийн дотор нэг бодол байнга байдаг нь “Элькондор”-ынхоо цомгийг гаргах юм. Өнөөдөр аз таараад хэн нэгэн “Элькондор” хамтлагийн цомгийг гаргаад өгье гэвэл бүх боломж байгаа гэдгийг энэ дашрамд хэлье.
-Хамтлагийн гурван гишүүн хаагуур юу хийж явна вэ?
-Манай хамтлагийн гурав хувь хувийн амьдралаа зохицуулаад л явж байна. Жагаа маань продюссерийн ажил хийхийн хажуугаар ТББ- аа толгойлоод явж байх жишээтэй. Хэрлэнгийн хувьд цэвэр уран бүтээлээ хийгээд явж байна. Сая нэг цомог гаргасныг сонсогчид мэдэж байгаа байх. Дуулахын хажуугаар шүлэг бичнэ. Манай Хэрлэн рок попын олон дуучны дууны шүлгийг бичсэн байдаг юм. Амарзаяа маань Төмөр замд хувиараа уран бүтээл хийж байна. Үндсэндээ “Элькондор” хамтлагийн дөрвөн гишүүн уран бүтээлээсээ хөндийрсөн юм байхгүй.
-Таныг нэг хэсэг уран бүтээлээ орхиж “Монгол газар” компанид ажиллахаар боллоо гэж шуугисан. Энэ үнэн үү?
-Миний хувьд нэг хэсэг хувиараа бизнес хийх гэж үзсэн нь үнэн. Мөн “Их Монгол Майнинг” гэдэг уул уурхайнд компанид ажилласан. Тэндээс бизнес гэж ямар зүйл байдгийг ойлгосон. Ер нь бизнес хийнэ гэдэг уран бүтээлч хүнд бол хүндхэн тоглоом юм билээ. Уран бүтээлч хүн бол цаг үргэлж буцалж байдаг халуун ус шиг дэврүүн сэтгэлтэй явдаг. Гэтэл бизнесмэн хүн хэзээ ч буцалж байгаа халуун ус шиг дэврүүн сэтгэлтэй явдаггүй л байхгүй юу.
Ингээд бодохоор нэгдүгээрт, бизнес надад ахадсан ажил гэдгийг, хоёрдугаарт, уран бүтээлэсээ дэндүү холдчих гээд байгааг ойлгосон. Миний өөрийн үндсэн мэргэжил бол кино найруулагч шүү дээ. Тэгээд энэ чиглэлээрээ хэд хэдэн кино зохиол бичсэн. Нуулгүй хэлэхэд бичсэн зохиолуудаа хүнд үзүүлээгүй л байна. Илүү сайжруулж, шүүсийг нь шахаж байж хүнд үзүүлсэн дээр болов уу гэж бодоод нухаад л байгаа.
Дүү нар дууг сэтгэл зүрхнээсээ дуулаасай
-Одоогийн хүүхдүүд дэндүү амар хялбар аргаар олны танил болох гэж зүтгээд байх шиг санагдах юм. Энэ тухай Таны бодол?
-Өнөөдрийн рок поп урлаг гэлтгүй соёл урлагийн бүхий л салбарт зүтгэж байгаа дүү нар түүхий байна. Хийж байгаа бүтээлээ сайн бодож, боловсруулж хийхгүй байна. Хүнээс нэг дуу авлаа гэхэд тэрийгээ чанартай дуулж чадахгүй байх жишээтэй. Эсвэл өмнө нь дуулсан эзэн нь байсаар байтал зөвшөөрөлгүй дуулна. Тэгээд болсон болоогүйг нь мэдэхгүй нэг клип хийлгээд ах дүү, танил талаараа дамжуулж телевизээр цацуулаад л “од” болчих жишээтэй.
Ядаж байхад олон телевизтэй болсныг ч хэлэх үү. Хамгийн зөөлнөөр хэлэхэд, муу дуучны муухай дууг хүчээр хүний сэтгэлд хүргэж байна шүү дээ. Энэ бол зөвхөн манайд ажиглагдаад байгаа юм биш. Дэлхий нийтээрээ ийм болчихлоо. Миний бодоход 1980, 1990, 2000-аад онд дуу гэдэг, уран бүтээл гэдэг жинхэнэ сэтгэлийн юм байсан байхгүй юу. Нэг дуу хийхийн тулд бараг бүхий л амьдралаа зориулдаг байсан гэхэд хэтийдсэн болохгүй.
Ингэж хийсэн дуунууд домог болж үлддэг юм байна. Хэчнээн ч цаг хугацаа өнгөрсөн тэр дуу ард түмний дунд ардын дуу мэт дуулагдсаар л байдаг. Өнөөдөр дүү нар сэтгэл зүрхнээсээ дуулахгүй байгаа учраас уран бүтээл нь домогшиж үлдэхгүй байна. Гэтэл энэ олон дуун дотроос арай аятайхан шинэ дуу гараад ирдэг, хэн бэ гээд харахаар л манай хэд л байж байдаг. “Хурд”, “Харанга”, “Айзам”-ынх ч юм уу, тухайн үеийн л хүмүүс байдаг шүү дээ. Зүй нь, энэ хүмүүс бүх зүйлээ зориулж байж бүтээл үүсгэдэг учраас бүтээл нь гялалзаж чаддаг юм.
-Чанаргүй бүтээл төрөөд байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
-Хуучин цагт цензур гэж зүйл байсан нь үнэхээр зөв зүйл байжээ гэдгийг уран бүтээлчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Тэр юу байсан бэ гэхээр тухайн дууны үгийг нэг хүн, хөгжмийг нь бас нэг хүн, цогцоор нь дахиад нэг хүн баталдаг байх жишээтэй. Бидний үеийнхэн яг үнэнийг хэлэхэд жаахан хэлмэгдчихсэн байхгүй юу. Цаг хугацаанд цавчуулчихсан. Тухайн үед лангуун дээр давс, гоймон хоёроос өөр зүйл байгаагүйг ард түмэн мэднэ.
Ингээд бодохоор урлагийн бидэнд юу байх юм бэ. Яг энэ хэцүү үед Монголын рок поп хөгжмийн ертөнцөд маш том хувь нэмэр оруулсан хүн бол Ухнаа гуай. Тэгэхэд Улсын филаморнийн даргаар ажилладаг байлаа. Энэ байгууллагын харьяанд “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” хоёр л байсан. Улсаас филармонид хөгжим тавьж өгнө. Тэр хөгжмүүдээр нь Монголын рок попын жинхэнэ хит болсон дуунуудыг бичдэг байсан юм шүү.
Харамсалтай нь яг тэр хөгжмүүдээс зарим нь одоо байхгүй болчихсон. Хөгжимд зүрх сэтгэл, амьдралаа зориулсан зарим хүн хаа нэг аваад хадгалчихсан байгаа харагддаг юм. Одоо энэ “том” Жагаа ахын өөрийнх нь бариад байгаа басс гитар 1970-аад оноос хойш тоглож байгаа гитар байх жишээтэй. Энэ гитараар “Титэм” хамтлагийн хамгийн анхны дуу, “Хонх” хамтлагийн хамгийн анхны дууг тоглож байлаа. Хэрвээ тэр гитар ярьдаг бол мөн ч их түүх ярина даа.
-Рок попынхны уулзалт, ямар нэгэн арга хэмжээ боллоо гэхэд танай үеийнхэн бараг харагддаггүй. Тийм болохоор үзэгчид танай үеийнхнийг дэндүү их зантай гэж боддог байх?
-Юун их зан байх вэ дээ. Монголын рок поп хөгжмийн ертөнц гээд л яриад байдаг. Тэгэхэд манай үеийнхэн тэр ертөнцөд багтдаггүй л байхгүй юу. Бүр тодруулбал, 1990-ээд онд энэ урлагийн төлөө зүтгэж, зүрх сэтгэлээ зориулж явсан хэсэг нөхөд л байдаггүй. Уг нь тэд өнөөдрийн рок поп урлагийн хөгжлийн үндэс суурийг тавьсан гавьяатай нөхдүүд шүү дээ.
Тэгэхэд бүх л зүйл дээр орхигдож, мартагддаг нь жаахан харамсалтай санагддаг. Тэглээ гээд бидний хэн маань ч уйлаагүй, гуйгаагүй, урлагаа орхиогүй л байна. Үнэхээр бидний үе хүчтэй учраас айгаад байдаг юм уу, эс бөгөөс хэтэрхий их хэл ам гаргаад, хэрүүл тэмцэл хийгээд байдаг болохоор жийрхээд байдаг юм уу, мэдэх юм алга. Яагаад хэрүүл хийдэг вэ гэхээр бидний үеийнхэн “Өөрчлөн байгуулалтын цонх” гэдэг юмаар хүмүүжчихсэн.
Тийм болохоор сүүлийн үед гарч ирж байгаа залуу дуучдад алдаа дутагдлыг нь нуулгүй хэлчихдэг гэмтэй. Бид тэр хүүхдүүдийг сайн бүтээл хийгээсэй, зүрхнээсээ, сэтгэлээсээ дуулаасай гэж хэлсэн зүйлийг маань доромжилж байна гээд хүлээгээд авчихдаг. Хэзээ ч зөв юм хэллээ, нээрээ тийм байна шүү гэж эерэгээр хүлээж авдаггүй л байхгүй юу.
-Гэхдээ танай үеийнхнээс амжилт гаргаад явж байгаа олон хүн бий шүү дээ?
-1990-ээд онд бидэнтэй мөр зэрэгцэн “тулалдаж” явсан зарим нэг хүн бизнес хийгээд боломжийн амьдарч байгаа нь үнэн. Нуугаад яахав, амьдрал эрээн бараантай болохоор сайн явж байгаа хэсэг ч бий, тааруу явж байгаа нь ч бий. Гэхдээ хүн хэчнээн дээшээ гарлаа гээд хүн чанараа алдаж болохгүй. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр мөр зэрэгцэн “тулалдаж” явсан нөхөд маань хэсэг нөхдийгөө бас харж үзмээр байна.
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг биз дээ. Хамгийн өрөвдөлтэй нь юу гээч, бидний үеийнхэн өнөөдөр хаана явж байна гэхээр шөнийн цэнгээний газар л дуулж байна. Тэгэхдээ бүр хамгийн доод ханшаар дуулж байгаа байхгүй юу. Нэг өдрийн 30 мянган төгрөгөөр дуулдаг гээд бод доо. Тэгэхэд энэ хүмүүс ямар аугаа уран бүтээл хийчихээд юуны тулд согтуу хүн баясгаад сууж байгаа юм бэ. Өрөвдөлтэй байгаа биз. Хааяа энэ бүхнийг бодохоор нулимс гардаг юм.
Ингэхээр үеийн хэдэн анд минь нэн ядуу амьдралтай хүмүүсийн хэмжээнд оччихсон байгаа байхгүй юу. Өнөөдрийн рок поп ертөнцөд продюссер гээд яваад байгаа хэдэн хүнд хатуухан хэлчихмээр санагддаг юм. Та нар хэтэрхий их шинэ хүн хайгаад байна гэж. Энэ хэмжээгээр чанаргүй олон юм базаж аваад байна. Чанаргүй болох тусмаа рок попын үнэ цэнэ ард түмэн дунд өдрөөс өдөрт унаад байна гэдгийг л ойлгохгүй байна шүү дээ. Нөгөө гологдоод байдаг хэдэн нөхөр нэг их гоё дуу хийчихсэн өнөөдөр “од” болж байгаа дуучинд өгөхөөр дууг нь голоод авдаггүй. Нарийндаа яривал тэдний хийсэн дуу бол өнөөдрийн “дуунцараас” мянга дахин илүү дуу байдаг юм.
Т.Зөнбилэг
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Сайн байна уу, Цогоо? Сайхан хөөрөө. Хүн гээч зарим нэгэнд маань "хэт эгэлхэн, энгийн мэт ч гэлээ, үнэндээ ижилгүй энгүүн тансаг амьдрал"-ын шжр алтан цэн болдог эргэх дурсамжийг сонсох сайхан шүү, би чагнаад суух дуртай. Цэнгийн үлэмжтэй хүн байхсандаа гэж санаж сарвайсаар насыг барах ч хүн болж төрсний гавьяа юмдагуудаа.
tsogoogiin duunii aynuud diilenh n hulgaihshdee. tegeed yavahgvi baihgvi iy daa.
"шжр"-шижир.
Хуурай өлсгөлөн зарла. Өөр арга алга. Муу явахаар сайн өлс чи хэт тарган байна. Монгол охины тухай анх дуулж байхдаа ямар хөөрхөн хүү байв даа.
Нэр зааж, харж үзэхийг хатуу шаардаж тэмцлийн хурц хэлбэр сонговол ам тосдож болох
yun temtsel ene ter ta nar chene olsoj tsangahaas ooriig medehee bolitson amitad uu??? ene uyiihnii duug sonsoh gej olon bar sav hesch bn da hoorhii yostoi l yum yum bodogduulsan saihan saihan duunuud bdag shu. Navchis shargaltah.... Nadtai naadah... Bodlogoshiron suugaa chinii önuur .... geed l yanztai yanztai
maniusiig demjihgui bn geed Halamjin yaamand asuudal oruulaa
hulgailj duulsan duu gej...
1974 ond negdugeer angid orno gej bhguidee
Нээрээ Цогоо 1974 онд 4,5 настаидаа 1- р ангид орциим уу? 5- р сургуульд хэсэг баисан санагдахиин. Ганц нэг дууны ая нь хулгаинх баих нь баисан гэхдээ маш гое болгож дуулсан. " 90- ээд оныг " жириин монгол охин" гуигээр яаж тосоолохов дээ. 90- ээд оны. Хамтлагуудын жинхэнэ фенууд нь. Гадаадад ихэнх нь баигаа шуу, Америкад " Цогоо, Таиванбат, 2 ирвэл мании уеиихэн шуугиад л очно шуу. Цогоо. Хар залуугаараа зурх овддог гэж нэг удаа ярьж баисан, гимнастик хииж жаахан тур. цогоо" Ел кондор"- иин биш " Титэм"- иин цомог гаргаач. Америкад ирж дуулаач. амжилт
hooloin chadal muutai duuchin shuu dee.
Tsogoo akhdaa amjilt.Bi ooroo sansart osson 33 iikh bolkhoor ter ueiin sansariin akh nar dotno sanagddag. Khuukhed baikhdaa duunuudiig ni sonsood omno ni sonsoj baigaagui shal oor baidlaar duulakh ni ovormots sanagdak bilee.Khuwtsaslat ni khurtel ter uedee l goyo baisan. Elcondor gekheesee iluu der ueiin duunuud chin gaikhamshigtai.
энэ элкондорын амараа титэмийн тайванаа freezone ий төрөө нар хамгийн уянгалаг хоолойтой бас сэтгэлээсээ дуулдаг санагддаг. дуунуудын байнга л сонсдог харин энэ 3 алга болчихсон нэг ч дуу хийхгүй байгаад харамсдаг
zaluu baihdaa ondor, cagaan ajtaihan zaluu baij bilee, 90-d onii ued ajtaihan ch bish goe zaluu baisan odoo yamar oor bolcon ym be
Америкт ирж дуулаачээ. Биднээс хожуу vеиинх, тэгэхдээ дууг нь дагаж дуулдаг байлаа. 90 ээд онд ид hit болж байсаaн. Амьдрал сайхан бас уужим, сэтгэлээ оодрог байлга, дасгал сайн хийж жингээ хас. Чи чадна шvv. Хvссэн бvх нь тэгш сайхан бvтэж явах болтугай. Сhicago
Амьдралыг хөнгөн хялбараар хардаг, дуулаад явахгүй, өөр ажил хийж чадахгүй. Одоо мэдээллийн хэрэгслээр өөрийгөө рекламдаж амьдрах л үлдэж л дээ. Олон охид бүсгүйчүүдийн амьдралаар тоглосон, жудаггүй залуу шиг санагддаг. Ярьсан зүйл нь өөрийг нь ямар хүн бэ гэдгийг харуулсан байна...
sain uu, tsogoo, mikrt manaid tuguldur sonsood suudag huuhed baisnaa sanadag yum bna sh dee, arai uuruur sanaad baidymuu? kkk henii ni medej bgaa biz dee...
jagaa herlen ta 3 togloltoo hiigeech mash olon hvn hvsej b gaa shyy
jagaa herlen ta 3 togloltoo hiigeech mash olon hvn vzne shvv