sonin.mn
ТОКИО. /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани 2025 он гэхэд 15 цахилгаан автомашин зах зээлд нийлүүлнэ гэдгээ даваа гарагт мэдэгдлээ.
“Бид хос, устөрөгчийн гэх мэт цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудынхаа тоог 2025 он гэхэд 70-д хүргэхээр төлөвлөж байна” гэж “Toyota” компани мэдэгджээ. 
Мөн тус компани нь Шанхайн авто шоуны үеэр “Toyota bZ” цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа танилцуулжээ. Энэхүү автомашиныг Япон, БНХАУ, АНУ, Европын зах зээлд худалдаалахыг зорьж байгаа ажээ.
 
Шанхайн авто шоуны эхний өдөр “Nissan Motor” компани “X-Trail” автомашиныхаа шинэ загварыг танилцуулсан бол “Honda Motor” БНХАУ-ын зах зээлд худалдаалахыг зорьж буй шинэ цахилгаан автомашинаа үзүүлжээ. 
Сүүлийн үед нүүрсхүчлийн хийн ялгаралтай холбоотой зохицуулалтууд чангарч, хорт хий ялгаруулдаггүй тээврийн хэрэгслүүдийг бүтээхийн төлөөх өрсөлдөөн ширүүсэх болсонтой холбоотойгоор автомашин үйлдвэрлэгчид цэнэг хураагууртай автомашинуудыг үйлдвэрлэхэд түлхүү анхаарах болоод байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг