sonin.mn
Япон Улс Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохир усаа далайд цутгах шийдвэр гаргасантай холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 12-нд буюу өчигдөр мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: "Дэлхийн хүн төрөлхтний ашиг сонирхол, Хятадын ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд Хятад улс дипломат арга замаар Японы талтай хатуу байр суурь баримталж, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усны асуудлаа хянуур болгоомжтой шийдвэрлэхийг шаардсан.
 
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усыг хор нөлөө багатайгаар зохицуулах нь олон улсын нийтлэг ашиг сонирхол, хөрш орнуудын амин чухал ашиг сонирхолтой шууд холбоотой бөгөөд холбогдох талуудын оролцоотойгоор тэнгисийн орчин, хүнсний аюулгүй байдал, хүн төрөлхтний эрүүл мэндэд цаашид хохирол учруулахаас үр ашигтай зайлсхийх ёстой" гэжээ.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар Японы Засгийн Газар 4-р сарын 13-нд буюу өнөөдөр хуралдаж, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далайд цутгах албан ёсны шийдвэр гаргах аж.
 
 
Н.Ренчин