сонин mn
Цар тахалгүй тээр жил бид, улс эх орон хөгжилтэй хөгжөөнтэй, хөдөлгөөнтэй холхионтой, цэнгэлтэй жаргалтай, хэрүүлтэй тэмцэлтэй, хэлтэй амтай, чөлөөтэй зугаатай мөн ч оволзож оцогнож ёстой дураараа дургиж сууж дээ.
Улсын тэргүүнүүд энд тэнд айлчилж, гахай тахиа, галуу шувууны мах зооглож, ганц нэг ганзай задлаад завсар хооронд нь зугаалж цэнгэж, зуйрганж савсагнаж, мэдэмхийрч донгосч, хэрэгтэй хэрэггүй гэрээ, алдаатай оноотой хэлэлцээрт үсэг зуран, НҮБ-ийн чуулганд нүд болж, нөгөө оронд нь лүд тарьж, эргэж ирээд эх орноо тойрон бурж булгиж, бурзайж хурзайж, улс төржиж улангасч, уриалж хурайлж дээгүүр харан маадайж, доогуур юу байгааг бас сэмхэн ажаад ёстой дүрээ дүр гэдэг болно.
Гадаад дотоодоос завсар хооронд нь ганц нэг олдох зочин гийчин уриад мөнгө зээлж, мөрөөдөл ярин улсаа тойруулж, Улаанбаатараа эргүүлж, байдгаа барьж, яадгаа алдаад нэг юм дуусна.
 
Энэ хооронд Их хурал, иргэдийн төлөөлөгчид алс холын Америк тивээс аваад арай Африкийн Угандагаас бусдад улсын мөнгөөр айлчилж гийчлээд, уурхай баялаг үзэж, туршлага муршлага судлаад түмэн завгүй. Манай гишүүд бүр 20, 30- аар Бразил, Чили, Канад, Америк хаашаа харсан тийш ээ. Харин аймгийн Иргэдийн хурлын 15, 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Нью-Йорк, Вашингтон,Токио, Бангкок, Сэүл, Бээжин улсын төсвөөр хаашаа бол хаашаа чихэр бохь тээгээд л. 
Харин Сүхийн талбайд нэртэй нэргүй цуглаан жагсаал, суулт, өлсгөлөн болж, шинэ нам байгуулагдаж, хуучин зарим нь дарга даган зад үсэрч, удирдагч тодорч, зарим нь төрхөмдөө буцаж, гайхамшигтай гайхалтай үзэх сонсох, инээж шоолох бүхнээр дүүрэн их Монгол эх орон байлаа гэж…
Энэ завсар эдийн засаг "өсөөд" өр зээл тавиад, оффшорт зоос урсаад, ждү, сангуудын зээл цэцэглээд саарал ордон амрах, гишүүд унтах завгүй, угаасан мөнгөөр байшин босоод улс амьтан түүнд бас моргэжид оочирлоод, өргөн хэрэгцээний барааны үнэ тэнгэрт хадаж, өвгөд хөгшид өр зээлэнд, өсвөр үеийнхэн Пруст шатаж байв. 
Цагаан сар, бараан өдөр хамаагүй ээ Эрээний бараа захын лангуу дүүргэж, эзэн нь өдөр шөнөгүй хужаагийн хэтэвчинд тийчлэнэ. Валютын сан, дэлхийн банкны төлөөлөгчид саарал ордноор холхиж, мөнгө зээл амлана. Харин ядуу монгол арилжааны хүүлэгч банк, барьцааны газар, ломбардын үүд сахина. 
Энэ хооронд тав арван Толгойн нүүрс, алт, зэс аль үнэтэй болгон эрх баригчид, эзэнтэй эзэнгүй компанийн нэр нүүрээр зогсоо зайгүй ачигдаж, хулгайч луйварчдын гараар Улаанбаатар, Бээжин бүр алсын Дубайд зарагдан, хээл хахууль, албан тушаал цэцэглэн байна. Дипломат алба хүртэл амны ба хар тамхины наймааны газар болж, дэлхийн шившиг болон монголын шударга дипломатууд орох газраа олж ядан, нүүрээ түлж, нүдээ нухалж суухад зохион байгуулагчид нь харин Улаанбаатарт хундага тавилгүй архидаж, хутга тавилгүй махасч, оффшор орон зай зүүдлэн, дэлэн хөх дэрлэн, дэлхийг дооглон мушилзаж суух..
 
Өвөл хаврыг өөр оронд өнтэй сайхан давсан дарга даамал, олигархиудын эхнэр хүүхдүүд урин болох цагаар усны шувууд шиг буцан ирж, хил гааль, онгоцны буудал дипломат пасстай эрхэмсэг хатагтай, ноёдын  хөл, хөлхөөнд дарагдаастай. 
 
Замын үүдийн боомт хилийн цэгүүд импортын барааны нийлүүлэлтэд сульдаж, гааль, мэргэжлийн хяналтын байцаагчид харин хээл хахуулийн мөнгөнд дарагдаж, халаас өвөр нь түнтийнэ. Цааш нааш чөлөөтэй нэвтрэх зуун зуун машин тэрэг, нүүрсний болоод бусад ачаа бараа, орох гарах түмний хөлд дархан хилийн шугам бүдгэрч, тоос тортог тэнгэрт тулан, дайн тулааны талбарыг санагдуулна.
Улсын нийслэл, сум суурин хаана л бол хаана бар сав, ресторан зоогийн газар, диско цэнгээн 24 цаг нүдэж, халамцуу хөлчүү эр эм дүүрч, архи айраг сөгнөн амь өрсөн чарлалдана. Эрүүлжүүлэх, эмнэлэг хүртэл согтуу солиотнуудаар дүүрч, гудамж талбайд эргүү жолооч осол гаргаж, амь хохирно. Өглөө харахад цэцэрлэг гудамж архины шил, ундааны лааз,  хог новшоор дүүрч, гишгэх бүрт шилний үртэс, тамхины хог хөглөрөн айдас зэвүү авчирна. Хөөрхий хот тохижуулахынхан өглөөнөөс үдшийн бүрий хүртэл зүтгээд үл дийлж, өлсөж цангаж хоцроно.
Ээ дээ тэр цар тахалгүй тээр жил ээ гэж..
 
 
Нийтлэлч Түндэвдоржийн Залаа-Уул