sonin.mn
Хахир хүйтнийг үл ажран байгаль дэлхий, ан амьтны төлөө цаг наргүй зүтгэж яваа хүн манай улсад цөөнгүй. Дэлхийн дулаарал, ган гачгаас шалтгаалан зэрлэг амьтад хоол тэжээлгүй болж, ойр орчимд нь байх айл өрхийг бараадсан тохиолдол өнгөрсөн өвөл олон байлаа. Гэхдээ цаг яагаа ч үгүй байна. Хавар өвлөөсөө илүү хахир. Өвлийг чадан ядан давсан амьтдад хавар хамгийн бэрх даваа болно. Тиймээс ан амьтдад элэгтэй иргэд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд өнөө хэр нь тэдэнд тусалсаар байгаа юм. Хэдэн арван километр явахдаа өвс, хужирыг улаан гараараа зөөнө.
 
 
 
Зэрлэг амьтад ихэвчлэн өндөрлөг, хад чулуу ихтэй газар идээшилдэг учраас хүмүүс өвс тэжээлээ өгсүүр газар бараадуулан хүргэдэг аж. Мэдээж мэргэжлийн байгууллагууд үүрэгт ажлаа хийнэ. Харин тэдэнд тусалж байгаа иргэдийг хэн ч тийм ажил хий гэж хэлээгүй. Өөрсдийн итгэл үнэмшил, байгаль дэлхий, ан амьтдыг хайрлах сэтгэлийн дуудлагаар зүтгэж яваа юм.
 
 
 
Саяхан л гэхэд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын туруутан амьтдын нутагладаг цэгт биотехникийн арга хэмжээ авчээ. Уг ажлыг тус аймгийн 10 жилийн сургуулиудыг төгссөн төгсөгчид болон Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран өвс тэжээлийг ан амьтдын идээшилдэг нутагт хүргэжээ. Эрдэнэцогт сумын өндөр уулын бүсэд аргаль, янгир, дорго, хэрэм, жирх, чоно, үнэг, хярс бор цагаан туулай, мануул, тарвага зэрэг амьтад нутагшин амьдардаг байна. Жигүүртнээс сойр, тас, ёл, уйл харцага, хойлог, тоншуул, хэрээ, шаазгай, тагтаа, турлиах, болжмор, алаг ятуу, ногтруу зэрэг шувууд элээ, галуу, нугас, ангир, өвөөлж, хун, бор галуу, тогоруу, цахлай гэх мэт нүүдлийн шувууд байдаг ажээ.
Хүмүүсийн нэгдэн зохион байгуулж буй аянууд эдгээр амьтдыг хоол тэжээлийн дутагдалд орохоос багахан ч атугай сэргийлнэ. Амьтдыг анчны нүдээр бус экосистемийн чухал эд эс хэмээн бодож ийнхүү хамтын хүчээр ажиллах нь олон талын ач холбогдолтой. Олон нийтийн байгаль хамгаалагчдын хийж буй сайн үйлсээс хүүхэд залуус үлгэр дуурайл авах билээ. 
Дундговь аймгийн Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид Их газрын чулууны ууланд хаврын тарчиг, өвс тэжээл тааруу үед таван цэгт нэг тонн өвсийг зэрлэг амьтдад тараан байршуулж биотехникийн арга хэмжээ авч ажиллажээ.
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин