sonin.mn
Хятадын эдийн засгийн талаар бичдэг доктор Антонио Грэйсффо Монголын бяслагны зах зээлийн ирээдүйн талаарх нийтлэлээ хэвлүүлжээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар орчин үеийн хот болон хөгжиж байгаа ч нийт хүн амын 40 хувь нь мал аж ахуй эрхэлж байна. Талын нүүдэлчин оронд бяслагийн бизнес эрхэлдэг Майкл Морроу “Монголын хөдөө нутагт олон тэрбум литр сүү “урсаж” байна. Харамсалтай нь зах зээл байхгүй” гэсэн юм. Бяслаг малчин өрхүүдийн орлогын эх үүсвэрийг бий болгохоос гадна Монгол Улсын экспортыг төрөлжүүлж, нэмэгдүүлэх ач холбогдолтой. Монголын бяслаг үйлдвэрлэгчдийн холбоогоор (2015 онд байгуулсан) дамжуулан Майкл нутгийн иргэдэд бяслаг үйлдвэрлэхийг зааж байна. Вьетнамын дайны сурвалжлагч байсан Майкл Хонконг, эх газрын Хятад, Монгол Улс гээд амьдралынхаа ихэнх жилүүдийг Азид өнгөрүүлсэн аж.
 
 
Тэрбээр Монгол Улсын иргэн Төмөрхуягтай хамтран бяслаг үйлдвэрлэх компаниа байгуулжээ. Улаанбаатар хотоос 80 километрийн зайтай хөдөө тосгонд үйлдвэрлэлээ эхлүүлсэн ч бяслагны зах зээл жижиг байлаа. Төмөрхуяг бяслаг хийж сурсан үе нь тахийг Монгол Улсад нутагшуулсан он цагтай давхацдаг. 1990-ээд онд тахийг уугуул нутагт нь өсгөх шийдвэр гарчээ. Монголын Засгийн газар 1993 онд Хустайн байгалийн цогцолбор газрыг тахь нутагшуулах төслийн бүс нутаг болгон байгуулсан юм. Нидерландын Засгийн газар энэхүү цогцолбор газрыг байгуулахад дэмжлэг үзүүлж, экологийн олон санаачилгыг нэвтрүүлжээ. Анчин байсан Төмөрхуяг Хустай орчмын зэрлэг ан амьтдыг мэддэг сайн мэддэг байв. Тэрбээр тахийг нутагшуулах ажилд тусалж, дархан цаазат газрын хил хязгаарыг нь тогтооход оролцжээ. Тусгай хамгаалалттай газар байгуулснаар нутгийн малчид бэлчээрийн талбайгүй болов. Голландууд малчдад нөхөн олговрын оновчтой хувилбар болох бяслаг боловсруулах технологийг нэвтрүүлжээ. Уг төслөөр бяслаг хийж сурсан хүмүүсийн нэг бол Төмөрхуяг юм.
 
 
Тэрбээр зуны улиралд л бяслаг үйлдвэрлэдэг байв. Мөн өвлөөс урьтан бүтээгдэхүүнээ борлуулахгүй бол хөлдөх аюултай. Хотын дулааны шугам сүлжээнээс хол байсан тул Майкл нүүрсээр ажилладаг халаалтын системтэй үйлдвэр барьжээ. Үйлдвэрийн чийгшлийг тохируулахгүй бол бяслаг хуурай болно. Үндсэн түүхий эд болох сүүний нийлүүлэлтийг харгалзан орон нутагт үйл ажиллагаагаа явуулахад түгээлтийн асуудалтай нүүр тулжээ. Майкл “Монгол бол амьдрахад хэцүү газар. Өвлийн температур тогтмол -40 хэм хүртэл буурдаг. Гэхдээ бяслагныхаа дээжийг амсаад гайхсан. Бүтээгдэхүүний амт, чанар компанийг ашигтай ажиллахад хүргэнэ гэж найдаж байлаа. Үйлдвэр эрхлэх явцдаа орон нутгийн малчидтай холбоо тогтоосон. Малчдын орлого тун бага бөгөөд 80 хувь банкны зээлтэй байдаг. Бяслаг үйлдвэрлэх төсөлд хамрагдвал малчдын санхүүд нэмэртэй. Нэг килограмм бяслаг үйлдвэрлэхэд арван литр сүү шаардлагатай. Мөн бяслаг үйлдвэрлэх нь нүүдэлчдийн соёлд сайн нийцсэн бизнес. Нэмж дурдахад бяслагны бизнес байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлог. Малчдын эдийн засгийн гол бүтээгдэхүүн бол ноолуур. Ямааны тоо толгой өссөнөөр Монголын бэлчээрийн талбай доройтож байна. Хэрэв малчид илүү орлого олохыг хүсвэл ямаагаа өсгөх, эсвэл махны чиглэлийн мал хариулах шаардлагатай. Бяслаг тэдэнд малын тоог нэмэгдүүлэхгүйгээр орлогоо өсгөх гуравдахь боломжийг олгодог” гэв. Майкл хөрөнгө оруулагчид, ирээдүйн бяслаг үйлдвэрлэгчдэд үзүүлэх загвар бяслагны жишиг үйлдвэрийн зураг төслөө 2015 онд эхлүүлжээ. Майклын алсын хараа нь энэхүү загварыг улс орон даяар олон нийтэд сурталчлах явдал. Тус үйлдвэр одоогоор 20 төрлийн бяслаг үйлдвэрлэж байна. Улаанбаатарын бяслагны зах зээл нь мэдрэмтгий, жижиг. Тиймээс экспортын зах зээлд хөл тавих шаардлагатай. Гэхдээ Монгол Улсаас бяслаг экспортлох амаргүй. Экспортлогч болон импортлогч орны аль алинд нь хоол хүнс хатуу зохицуулалттай байдаг.
 
 
 
 
Бяслаг амьтны гаралтай бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн гэх ангилалд багтдаг учир илүү хатуу зохицуулалттай. Экспортын саад тотгорыг арилгавал Монголын бяслагны үйлдвэрүүдэд өгөөжтэй. Майклын тооцоолсноор бяс­лагны 100 үйлдвэр жилд 2000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Монголд үйлдвэрлэсэн сарлаг, ямааны бяслаг тансаг зэрэглэлийн зах зээлд гарах боломжтой.
 
 
 
Майкл Монгол Улсыг чанартай, өвөрмөц байдлаараа ялгардаг дээд зэрэглэлийн бяслаг үйлдвэрлэгч орон болгохыг зорьдог ажээ.
 
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин