sonin.mn
СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангид суралцаж байсан А.Батбаатар нэг л өдөр цэргийн алба хаахаар шийдэж, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид татагдан иржээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа. 
 
Уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
 
-Би Завхан аймгийн Тэлмэн сумаас хугацаат цэргийн албанд татагдсан. Сургуулиасаа жилийн чөлөө аваад ирсэн.
 
Өөрийн биеэр үлгэрлэж цэргийн алба хаана гэхэд гэр бүлийнхэн тань юу гэсэн бэ? Таны шийдвэрийг танайхан хэрхэн хүлээж авав?
 
-Эр хүн байна даа, цэргийн алба хаасан нь зөв гэж бодсон. Нөгөөтэйгүүр цар тахлын үед ийм шийдвэр гаргасан нь их оносон гэж одоо боддог. Дараа нь сургуулиа төгсөж болно, нэг жил өнжлөө гээд оройтохгүй. Хугацаат цэргийн алба гэдэг амьдралын их сургууль гэсэн үг. Тиймээс энэ боломжийг ашиглаад залуу насандаа цэргийн алба хаая гэж бодсон. Аав ээж, гэр бүлийнхэндээ “Цэргийн албаа нэр төртэй хаагаарай” гэсэн та нарынхаа захиасыг сайн биелүүлж байгаа шүү гэж хэлье.
 
Цэргийн албанд татагдахаас өмнөх болон одоогийн А.Батбаатарын хооронд ямар нэг ялгаа гарсан уу?     
 
-Анхандаа их хатуу, хэцүү газар байх гэж боддог байлаа. Эхэндээ өглөөний “Сэрээд, сэрээд” командад их түүртдэг байсан. Цэргийн анхан шатны бэлтгэл ч мөн амар байгаагүй. Гэхдээ албандаа маш хурдан дассан. Тэр хэрээрээ бодол минь ч асар хурдтай өөрчлөгдсөн. Цэрэгт бүх зүйл дүрмийн дагуу явагддаг. Тиймээс ямар ч асуудал тулгардаггүй гэж болно. 
Миний хувьд цэрэгт ирэхээсээ өмнө бага зэрэг дотогшоогоо, бүрэгдүү маягийн хүн байсан. Ямартаа ч бага багаар нүүр хагарч байгаа. Бас хүнээс үг сонсдог, аливаа зүйлийг хийхдээ түүнийхээ үүрэг, хариуцлагыг хүлээнэ гэсэн сэтгэл зүйтэй болсон. Энэ нь аав хүнд байх ёстой хамгийн чухал чанар. Ийм чанарт сайн суралцаж байгаа. Манай ангид маш гоё жишиг бий. Чөлөөт цагаараа хугацаат цэргийн алба хаагчдынхаа гэр бүлд ая дууны мэндчилгээ дэвшүүлдэг. Өөрийн чаддаг зүйлээрээ бусдадаа тусалж байгаагаас гадна хоолойн дасгал, сургуулилтаа тасалдуулахгүй байгаа нь их олзуурхмаар. Хамгийн чухал нь би ирээдүйгээ маш томоор хардаг болсон. Сурч байгаа мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшээд олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн мундаг дуучин болно гэж төлөвлөсөн. Цэрэгт байх хугацаандаа тууштай чанарт нэрэлхэлгүйгээр суралцана гэж шийдсэн. 
 
Бага багаар нүүр хагарч байгаа гэлээ. Цэргийн нөхөрлөл их нөлөөлсөн нь лавтай ... 
 
-Би тийм ч олон найзтай биш. Цэрэгт ирээд онжавуудтайгаа сайхан нөхөрлөж байна. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн олон аавын хөвгүүдтэй нэг зорилгын төлөө хамт алба хааж байгаадаа баяртай байна. Бидний нөхөрлөлийн үнэ цэн нь жаргал зовлонгоо хуваалцахаас гадна бие биеийнхээ сайн муу чанарыг хэлдэг, засах гэж оролддогт оршдог. Тухайлбал, “Бади” буюу хамтрагчаасаа их зүйлийг сурч байна. Түүнийг Г.Одхүү гэдэг. Увс аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан. Үндэсний бөхийн спортод их хорхойсдог. Өөрөө ч бас барилддаг. Тангаргийн баярын барилдаанд нэгийн даваанд ойччихсон нь жаахан тиймхэн. /Инээв/
 
Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон байлдагчдын талаар сонссон л байх. Танд ч бас тийм боломж нээлттэй. Тийм боломж олдвол яах вэ?
 
-Тэдгээр залуус жавхаатай, цог золбоотой харагдсаныг нуухгүй. Барилгын цэргийн ангид алба хааж байгаа болохоор төмөр замын бүтээн байгуулалтад оролцох боломж байгаа байх. Ерөнхийлөгч тус бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргийн алба хаагчдыг “Дотооддоо энхийг сахиулагч” хэмээн онцолж байсан. Сарын хугацаанд 2 сая гаруй төгрөгийн цалин авч байгаа нь энхийг сахиулагчидтай адилтгах нэг шалтгаан болсон байх. Хуримтлалтай болохын зэрэгцээ тодорхой ажил мэргэжилд дадаад халагдах нь байна шүү дээ. Надад ийм хүлээлт байгаа. 
 
Зэвсэгт хүчний 100 жилийн ойг цэргийн албанд угтах нь. Догдлол байгаа л биз дээ ... 
 
-Зэвсэгт хүчний 200 жилийн ойг үзэхэд бидний нас хүрэхгүй. Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 гэхчлэн тэгш ойтой жил цэргийн алба хааж таарах нь. Мэдээж дээрх ойнуудыг ангидаа, онжавуудтайгаа угтана гэхээр догдолж байна. Хамгийн дурсамжтай, бахархалтай үе минь байна гэдэгт эргэлзэх зүйлгүй. 
 
Гэр бүлээ орхиод ирсэндээ санаа зовдог уу?
 
-Аав ээж маань Завхан аймгийн Тэлмэн сумандаа аж төрж байна. Эхнэрийг маань Л.Бадамгарав гэдэг. МУИС-ийг 2019 онд санхүүч мэргэжлээр төгссөн. Манай нутгийнх. Охин  Б.Номин-Эрдэнэ маань нэг нас, гурван сартай. Хамгийн сүүлд тангаргийн баяраар гэрийнхэнтэйгээ ярьсан. Тэгэхэд эхнэр маань “Чамаараа бахархдаг шүү” гэж хэлсэн. Энэ үг надад их урам өгсөн.
 
Эхнэрийн чинь хэлсэн үг сэтгэлд тань их дотно бууж дээ. Та өөрөөрөө хэр бахархдаг вэ?
 
-Ер нь цэрэгт ирээд өөртөө их итгэлтэй болж, тэр хэрээрээ өөрөөрөө бахархах болсон. Иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж байгаагаараа бахархдаг гэсэн үг. Өглөө нэгдэж, төрийн далбаагаа мандуулах үеийн мэдрэмж хамгийн сайхан нь. Тэр үед хамгийн их омогшдог.
 
Ярилцлагаа сонгосон мэргэжлийн тань зүгт хандуулъя ...
 
-Багын л дуулах дуртай байсан. 2016 онд Завхан аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Үл тасрах аялгуу” уралдаанд тэргүүн байр эзэлж байсан. Мөн урлаг, соёлын бусад тэмцээнд дэд, тэргүүн байр эзэлж байв. Эмээ маань мэргэжлийн дуучин биш ч гэлээ их сайхан цээлхэн хоолойтой, ардын авьяастан хүн л дээ. Тэр авьяасаас нь өвлөж авсан юм уу даа гэж боддог. Аав ээж, төрөл төрөгсөд маань бас их эвлэгхэн дуулдаг хүмүүс. Би энэ авьяасыг мэргэжил болгохоор сонгосон учраас намайг гэрийнхэн маань тал бүрээр дэмждэг. 
 
Дуурийн дуулаач мэргэжлийн онцлогийг юу вэ? 
 
-Энэ бол сонгодог урлаг. Тэр утгаараа маш их авьяас, хөдөлмөр, зүтгэл шаарддаг. Хоолойны цар хүрээ ч мөн адил. Амьсгааны урлаг гэж хэлж болно. 
 
Сүүлчийн асуултыг танд үлдээе ...
 
-Цэргийн алба хүнд тэсвэр тэвчээр, хатуужлыг олгодог. Маш олон зүйлд суралцах хэрэгтэй болдог. Залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд, зөв иргэн байхын нэг шалгуур нь цэргийн алба хаах юм шүү гэж хэлье.
 
Ярилцсанд баярлалаа.
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин