сонин mn
Одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Огнойн цагаан овоо” гэдэг газар 1906 онд Уртын Цэгмид төржээ. Бага насаа эцэг эхийн асрамжид бойжиж хурга тугал хариулан, тэр үеийн хүүхдийн ахуй амьдралаар өсөж, 10 наснаасаа нутгийн өвгөн бичээчид шавь орж монгол бичиг, тоо бодлого заалган гэрийн боловсрол эзэмшив. Дараагаар нь шинэ үсгийн бүлгэмд суралцаж хос бичигтэн болоод бийр янтай биедээ авч явдаг болж, бичиг хуулах, хувилах, эх зохиох шийдвэр төлөвлөн гаргах бичгийн ажил хийсээр.
1921-1926 онд Дарьгангын хошууны тамгын газарт тал бичээч, шүүхийн нарийн бичгийн дарга, байцаагч, бичиг хэрэг хөтлөгч хийж 1926 оноос түр цэргийн алба хааж, Хятадын хар цэрэгтэй үеийн нөхөд, Далантай, Лаасга, Дамдинхүү, Д.Чүлтэм болон бусад олон нөхрийг удирдан тулалдаж зарим нь шархдаж явсан түүхэн гавьяатай байлдагчид юм. 1926-1928 онд Дарьгангын хошууны сургуульд багш, 1928-1936 онд Халзан сумын 6, 8 дугаар багийн дарга, 1936-1939 онд Дорнод аймгийн Баяндэлгэр сумын нарийн бичгийн дарга, 1939 оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл Халх голын байлдааны Булан дэрсний хамгаалалтад Тавдугаар дивизийн цэрэгт хөнгөн пулемётын наводчикаар дайн дуустал байлдаж ялалт байгуулалцсан цэрэг юм.
1939 оны аравдугаар сараас 1940 оны наймдугаар сар хүртэл Дорнод аймгийн намын хороонд бичиг хэргийн эрхлэгч, 1940-1941 онд Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд хэлтсийн дарга, 1941 оноос Дорнод аймгийн Хүнсний комбинатад орлогч даргаар ажиллаж байтал 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагдахад шинэ аймгийн Хүнсний комбинатын анхны даргаар томилогдон ажилласан юм. Жавхлан шар аймаг байгуулагдаад их удалгүй манай Ардын хувьсгалын удирдагч МАН-ыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатарын алдрыг мөнхжүүлэхээр Сүхбаатар аймаг болгов. Сүхбаатар аймгийн дарга, Намын хорооны дарга хийж, Цагаан, Билгээ нарт Дэлхийн II дайны төгсгөл болгож милитарист Японы эсрэг Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хамтарч цохилт өгөх тул цэргийн ар талын хангамж, хоол хүнсний нөөц бэлтгэж байх талаар маршал Х.Чойбалсангийн албан даалгавар ирсэн тул Цэгмидийг дуудаж цэргийн хүнс бэлтгэх үүрэг даалгавар өгчээ.
У.Цэгмид даалгаврыг бие-
лүүлэхээр тус бүр нь 1000 багтай хоёр суурь, 500 бодтой нэг суурь, 1000 агттай нэг суурь мал бэлтгээд Хүнсний комбинатын өдөр тутмын хийсэн хүнсийг цэргийн хүнсний нөөцөд нөөцлөн фронтод тушаах хатуу төлөвлөлттэй болгосон тухайгаа хоёр даргадаа танилцуулав. Энэ үед нөхөр И.В.Сталин, Х.Чойбалсан нарын Японтой дайн зарласан зарлиг гарч, байлдааны цагийн хэмнэлд Сүхбаатар аймаг оролцож, хүнсний зүйлийг аймгийн хоёр даргын цохолтоор Хүнсний комбинатын даргын гарын үсгээр олгох байлдааны цагийн тушаалтай болжээ. Өнөө үед тухайн цагийн байдлыг товч танилцуулахад мөнгөгүй айл, мөнгөөр авах юм байхгүй ардууд өдөрт нэг махан хоолтой, гурил будаа цай, тамхи, ёотон саахар, мах сүү бүгд цэргийн хүнсэнд зориулагдана. Ардууд хар будааны хивэг авч, шигжиж иднэ. Нэг дэвтэр, нэг харандаа, цагаан тамхи 100 төгрөг гэх мэт олдоц муу. Энэ үед Хүнсний комбинатын нэг ажилчны долоон ам бүл бол хүнсгүй болоод даргаасаа тусламж хүссэн Цэгмид дарга хоёр талх үнээр нь олгосон. Энэ тухай мэдээлэл хуулийн байгууллагад хүрснээр “Цэргийн хүнсийг энгийн ардад худалдсан” гэж Цэгмидийг барьж хорьсон байна. Цэргийн хүнсэнд мал авахаар аймгийн хоёр дарга чинь байна гэхэд малчид бид та нарыг танина. Ганцхан Цэгмид даргын гарын үсгээр өгөх байлдааны цагийн хуультай шүү гэдэг байжээ. Дарга нар хуулийн байгууллагад очиж “Цэгмидийг гарга. Дайны дараа баривчил” гэснээр байдал хэвийн болж ажил үргэлжлэв.
1945 оны сүүлчээр дайн дуусаж, Монгол-Зөвлөлтийн найрамдал хүнд сорилтыг амжилттай давж 1946 онд У.Цэгмидийг Алтангадас одонгоор шагнасан байдаг.
Дайны дараагаар Сүхбаатар аймгийн намын хороонд зохион байгуулагчаар ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлаар хөдөө гарч малчин болж, намын ухуулагч суурийн хүмүүжлийн ажлыг тогтмол явуулж, намын хэсгийн зохион байгуулагч аймагтаа ардын шүүхийн төлөөлөгч зэрэг сонгуульт ажлыг олон жил гүйцэтгэсэн юм.
У.Цэгмид хуучин засаг захиргаа солигдож, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдаж Дарьгангын хошуунд залуучуудын бошгыг халах МХЗЭ-ийн 72 дугаар үүрийг шинээр байгуулах ажил зохиож, тэр үеийн залуус хуралдаж даргаар нь санаачлагч У.Цэгмидийг сонгосон юм.
Түүний эцэг Урт нь залуучуудын эвлэлийн гишүүдтэй уулзаж, “Миний хүү ард олон залуучуудтай нэгэн сэтгэлээр нэгдэн хувьсгалын үйл хэрэгт залуу биеэ зориулж байгаад аав нь сэтгэлээсээ баярлаж, олон залуусын сайн үйл хэргийн төлөө 70 бод өгье. Үүнийг би ХЗЭ-ийн үндсэн хөрөнгө болгож байгаа юм. Үүгээр албаны ажлаа явуулах контор байртай болоорой” гэсэн ёсоор Халзан сумын ХЗЭ хоёр гэр контортой болсон юм. У.Цэгмид 1928 онд МХЗЭ-ийн VII их хурал, МАХН-ын VII их хурал, БНМАУ-ын V их хуралд төлөөлөгчөөр оролцсон Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Улсын ударник, Алтан гадас одон, Халх голын ялалтын тэмдэг, Ардын хувьсгалын 15, 40, 50, 60 жилийн ойн медаль, Японыг ялсан ойн медалиудаар шагнагдаж байлаа. Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Зөвлөлтийн найрамдлыг бэхжүүлэх улс орныхоо бүтээн байгуулалтын төлөө онцгой зүтгэл гаргасан тул МХЗЭ-ийн Төв хорооноос гаргасан “Бидний бахархан дуурайх хүмүүс” номын хүндэт зочин, аймаг, сумын хүндэтгэлийг хүлээсэн ахмад хүн байсан тул МАН-ын 100 жилийн ойн хүндэт гишүүн болгож, “Монголын үнэн” сониноор алдаршуулан сурталчлахыг хүсэмжлэв.
 
 
Ц.ЛХАМСҮРЭН
/Багануур дүүргийн V хороо/