sonin.mn

Монголын шувуу хамгаалах төвийнхөн өнгөрсөн онд судалгааны үр дүнгээрээ зургаан өгүүлэл нийтлүүлсэн байна. Энэ удаа цэн тогорууны сэдэвтэй анхны хамтарсан өгүүллийг нь гаднын сэтгүүл онцлон нийтэлжээ. Ази тивд цэн тогорууны үржлийн хоёр том популяц байдаг. Монгол орон нь цэн тогорууны Grus vipio үржлийн баруун талын популяцыг тэтгэдэг чухал нутаг аж. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сансрын дамжуулагч зүүсэн, нүүдлийн судалгаанд хамрагдсан тогорууны 90 гаруй хувь нь хаврын нүүдлийн үедээ Хятадын Люан голын дээд хэсэгт бууж амарсан байна. Тодруулбал, цэн тогоруу намрын нүүдлийн үедээ дээрх газарт бууж амарсныг дурджээ. Энэ нутагт тусгай хамгаалалттай газар байдаг боловч нүүдлийн үедээ бууж амарсан тогоруунуудын байршсан цэгийн хоёр хүрэхгүй хувь нь тус хамгаалалттай нутаг дотор хамрагддаг байна. Иймд энэ нутагт тогоруунууд нүүдлийн үедээ бууж амардаг буюу хамгаалалтын гадна байгаа газруудыг тус хамгаалалттай газар руу өргөтгөн хамруулах зайлшгүй шаардлагатай байгааг судалгааны өгүүлэлд бичсэн байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин