sonin.mn
Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, дэлхийн хамгийн их утаатай, аюултай бүс нутагт багтсаар олон жилийн нүүрийг үзлээ. Зурвас дурьдваас, өнгөрсөн жил нийслэл хот маань дэлхийн хамгийн их утаатай хотын хоёрдугаарт, гэмт хэргийн гаралтаар Азидаа нэгдүгээрт бичигдсэн байх жишээтэй.
 
Энэ жилийн хувьд дээрх олон улсын дунд явуулдаг судалгаанд төдийлөн өөрчлөлт орохгүй байх төлөвтэй байна. Учир  нь есдүгээр сар дундаа орж байхад хөхүүрийн ам цаашилж, хүйтний эрч эрс чангарав. Улмаар өглөө, оройдоо айлын яндангаас утаа суунаглах нь өвөл хаяанд тулсныг сануулж байх шиг.
 
Эрх бүхий албан тушаалтнууд ч гэсэн утааг уушиглахаас өөрөөр багасгаж болох гарцыг олж чадсангүй. Тиймээс өнгөрсөн жил олон айлыг орон гэргүй болгосон өнөөх “төслийн зуух” энэ жил дахин тараагдах талаар өнгөрсөн сараас эхлээд л яригдаж эхлэв.
 
Угтаа бол тэрхүү төслийн зуух нь утаа бага гаргадаг, дулаанаа урт хугацааны турш хадгалдаг, түлшний хэмнэлттэй хэмээн тодорхойлогдоод байсан. Үнэн чанартаа тийм биш гэдгийг өнгөрсөн жил дэлбэрсэн, хагарсан, хүний амь насыг авч одсон төслийн зуухнууд гэрчлээд өгнө.
 
Тиймээс энэ жил зуух борлуулах ажил удааширч байгаа бололтой. Гэсэн ч стандарт хангаагүй зуухыг арай өөр аргаар “шахах” ажлыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, гал унтраах ангиудаар зуухаа борлуулах хүсэлдээ тушагдсан төслийнхөн царай алдан яваа гэнэ.
 
Тодруулбал, тэд Онцгой байдлын ажилчдаар зуухаа сурталчилуулах туйлын хүсэлтэй байгаа гэдгээ уламжилж, төслийн зуух нь ямар ч аюулгүй хэмээн хэлүүлэхээр санаархаж эхэлсэн байна. Муу л юм бол хойд талын хар овоохой гэдэг шиг онцгойнхныг байлсан нь бас л учиртай биз.
 
Өнгөрсөн жилийн хувьд төслийн зуухнаас болж орон гэргүй болсон, амь насаа алдсан тохиолдол бүрийг онцгой байдлын ерөнхий газрынхан дугаар алгасалгүй хэлж чадна. Товчхондоо, онцгойнхон төслийн зуухны балгийг биеэрээ мэдэрсэн хүмүүс.
 
Тэд төслийн зуухнаас үүдэж гарсан гал бүрд очиж, орон гэр, амь насаа алдсан тохиолдол бүрийг авран хамгаалахаар ажилласан байдаг. Тиймээс тэд төслийн зуухны зовлонг нь хэнээс ч илүүтэй мэднэ.
 
Гэтэл тэднээр төслийн зуухыг сурталчлуулж, бүр галын аюулгүй хэмээн хэлүүлэхээр санаархаж байгаа нь төслийн зуух нь харин ч аюултай гэдгийг илтгэж байна. Нөгөөтэйгүүр, Онцгой байдлын газрынхан борлуулалтгүй байгаа зуухыг рекламдаж өгөх аваас болзошгүй балгийг хар толгойгоороо үүрэлцэх жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэх нь лавтай.
 
Гал сөнөөгчид аюулгүй гэсэн гээд авчихсан айл өрхүүд галын аюул нүүрлэвэл хаана хандах тодорхой шүү дээ. Тиймээс төслийн зуухыг тэгтлээ сурталчилж өгөхгүй байх хэмээн найдаж байна.
 
Энэ жилийн хувьд Өлзий, Хас, Дөл, Голомт, Илч гэсэн зуухнууд дахин худалдаанд гарна. Харин өнгөрсөн жил дээр дурдсан зуухнууд бүгд л дэлбэрч, галын аюултай гэдэг нь нотлогдсон байдаг.
 
Тиймээс Улаанбаатарын утааг бууруулах зорилготой эхэлсэн “Цэвэр агаар сан” тэгтлээ дэмжлэг авсангүй. Улиг болсон аргаа хэрэгжүүлэх гэж мунгинаж байх зуурт ч дээрх төслийнхөн таван тэрбум төгрөгийг халаасалж амжсан.
 
Харин зуух нь аюултай, төсөл нь үр ашгаа өгөхгүй байгаа “Цэвэр агаар сан”-д холбогдсон хэргийг цухас сануулах аваас сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан М.Хулан түүний туслах нягтлангаар ажилладаг А.Болдмаа нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сангийн мөнгөнөөс их хэмжээний төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгагдаж цагдан хоригдож байна.
 
Түүнчлэн тэдний хэрэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зарим албан тушаалтнуудыг холбогдуулан АТГ-т шалгаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар тэднийг таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзжээ.
 
“Цэвэр агаар” санд улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгөөс гадна хандив, буцалтгүй тусламжийн орлогын дийлэнх нь төвлөрдөг бөгөөд агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөгдөх учиртай байдаг.
 
Гэтэл сангийн тодорхой хэмжээний мөнгө төрийн сангаас гараад хэд хэдэн удаа хууль бусаар хувийн компани болон хувь хүний нэр дээр их хэмжээгээр шилжсэн байсан нь тогтоогдоод байгаа юм. Тиймээс нэгэнт утааг бууруулах бус утааг “угааж” мөнгө олж байгаа, хүний амь нас, орон гэрийг үнс болгосон дээрх ажлыг Онцгой байдлынхан сурталчилж, таниулахгүй биз ээ.
 
Б.Ширнэн 
 
Эх сурвалж: