sonin.mn
Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өчигдөр ээлжит хэвлэлийн бага хурлыг зарлаж, томоохон албан тушаалтанд холбогдох хэргүүдийн явцын талаар болон тус газраас хэрэгжүүлж байгаа зарим нэг үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
 
Хуралд АТГын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, Хяналт шалгалт, дүн  шинжилгээний хэлтсийн дарга, ахлах комиссар Ж.Батсайхан, АТГ-ын Тамгийн хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Б.Доньжчимбуу болон Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Батзориг нар оролцов.
 
 
Т.Дашдэлэгийн хэрэг улсын нууцад хамаарч байна
 
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг албан тушаалаа урвуулан ашиглаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байсан.
 
Харин түүнд холбогдох хэргийг шалгах үед улсын нууцад хамаарах хэд, хэдэн зүйл гарсан тул хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлэн шалгуулж байгаа аж. Түүнийг дээрх албан тушаалд байх үедээ байлдааны онгоцны моторыг БНАСАУ-д худалдсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
 
Хэргийн талаар тодруулбал, өнгөрсөн оны XI сард Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор БНАСАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын албан ёсны уулзалтыг зохион байгуулах асуудлаар БНАСАУ-ын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сон Ир Хотой урьдчилан санал солилцсон байдаг.
 
Энэ үеэр тэд 1.8 сая ам.долларыг буцааж өгөхийг шаардсан гэдэг. Улмаар манай мөнгөний учрыг тодруулахад “Танай батлан хамгаалах яамны дарга нар бидэнд “Миг-21” сөнөөгч онгоцны моторыг худалдана гэж урьдчилгаа мөнгө авсан.
 
Гэсэн ч бидэнд худалдах ёстой сөнөөгч онгоцны мотор ирээгүй” гэснээр энэхүү хэрэг илэрсэн байдаг. Тухайн үед дээрх хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд орж, дэлхийн томоохон мэдээллийн хэрэгсэл “Washington post”-д хүртэл Т.Дашдэлэгийн хэргийн талаар материал нийтлэгдэж байсан билээ.
 
 
Таван тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
 
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан М.Хулан түүний туслах нягтлангаар ажилладаг А.Болдмаа нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сангийн мөнгөнөөс их хэмжээний төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгагдаж цагдан хоригдож байгаа.
 
Харин тэдний хэрэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зарим албан тушаалтнуудыг холбогдуулан АТГ-т шалгаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар тэднийг таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзжээ.
 
“Цэвэр агаар” санд улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгөөс гадна хандив, буцалтгүй тусламжийн орлогын дийлэнх нь төвлөрдөг бөгөөд агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөгдөх учиртай байдаг.
 
Гэтэл сангийн тодорхой хэмжээний мөнгө төрийн сангаас гараад хэд хэдэн удаа хууль бусаар хувийн компани болон хувь хүний нэр дээр их хэмжээгээр шилжсэн байсан нь тогтоогдоод байгаа юм.
 
 
Г.Энхтайваныг шалгаагүй
 
Стандартчлал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг албан тушаалаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр зах зээлийн ханшнаас өндөр үнээр бараа материал худалдаж авсан, хувийн компанид давуу эрх олгож чанар муутай машинуудыг байгууллагадаа шахсан, хувьдаа мөнгө завшсан, байгууллагын засвар нэрийн дор их хэмжээний мөнгийг зарцуулж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд үрсэн зэрэг асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаныг тус газраас үгүйсгэв.
 
Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат “Стандартчлал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайвантай холбоотой хэд хэдэн гомдол ирсэн. Үүнийг нягталж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн учраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад байгаа.
 
Харин ашиг сонирхлын хууль зөрчсөн зарим нэг үйлдлүүд байж болзошгүй. Тиймээс манайд мэдээлэл өгсөн иргэд харьяаллын дагуу бусад хууль хяналтын байгууллагад хандсан байх” гэв.
 
 
УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн хэргийг УМБГ-т шилжүүлжээ
 
Улсын өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2012 онд ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгож байсан.
 
Харин өнгөрсөн зургадугаар сард түүнийг Монгол-Израилийн хамтарсан “Шинэ техноложи” компанитай холбоотойгоор мөнгө завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-т шалгаж байсан юм.
 
Дээрх хэрэг нь зургаан тэрбумын хохирол учруулсан байж болзошгүй гэгддэг бөгөөд хэргийг АТГ-т шалгаж байгаад шинэ нөхцөл бий болсон тул харьяаллын дагуу Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлэн шалгаж байгаа аж.
 
 
Т.Билэгтийг гадуур шалгаж байна
 
Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хэрэгт сэжигтэн, холбогдогчоор татагдах үедээ ор сураггүй болж, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Т.Билэгт өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдөр АНУ-ас эх орондоо ирсэн билээ.
 
Улмаар маргааш нь түүнийг гэрээс нь баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харья, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан шалгаж эхэлсэн билээ. Тэрбээр цагдан хоригдсон хугацаандаа мэдүүлгээ өгч, эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан байдаг.
 
Өнөөдрийн байдлаар тэрбээр гадуур байцаагдаж байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж. Харин АТГ түүнд холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв.
 
 
С.Батмөнх мөнгө угаасан байж болзошгүй
 
Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын дарга асан С.Батмөнхийг АТГ-аас шалгаж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
 
Тэгвэл түүнийг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ тендер сонгон шалгаруулалт хийх явцад ашиг сонирхлын улмаас танил талдаа давуу эрх олгосон, байгууллагад хэрэгцээтэй томоохон багаж төхөөрөмж, тавилга, эд зүйлсийг худалдан авахдаа мөн хууль зөрчсөн хэрэгт сэжигтнээр татан, шалгаж байгаа аж.
 
Түүнчлэн С.Батмөнхийн хэрэгт мөнгө угаасан байж болзошгүй үйлдлүүд илэрсэн тул хэд хэдэн хүнийг түүний хэрэгт сэжигтэн, хамсаатнаар татаж, шалгаж эхэлсэн байна. Түүнийг өмнө нь тендерийн асуудлаар хэд хэдэн удаа АТГ-т шалгаж байсан ч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй хэмээн тогтоогдоод байсан юм.
 
 
Ё.Отгонбаярыг АТГ шалгаагүй
 
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох авлигын хэргийг Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс АТГ руу шилжүүлсэн гэх мэдээллийг өчигдөр АТГ-ынхан үгүйсгэв. Тодруулбал, түүнд холбогдох хэргийг АТГ-т шилжүүлэн шалгах хүсэлтийг албан ёсоор гаргаагүй байна.
 
Түүний үйлдсэн гэх хэргийг товчлон сануулбал, тэрбээр Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, хахууль авахыг завдсан хэргийг захиалсан хэмээн буруутгаж байгаа.
 
Түүнчлэн түүнийг Боловсрол, шинжлэх ухааны сайд байх цагт явагдсан хэд хэдэн тендерийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл ч байгаа юм. Харин түүний гэргий О.Эрдэнэсолонгын хэргийг аваал нөхөртэй нь хамтатган шалгах болсон талаарх мэдээллийг долдугаар сарын эхээр АТГ-аас өгсөн байдаг.
 
 
Б.Энэбиш нарыг үргэлжлүүлэн шалгаж байна
 
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нарын албан тушаалтнуудыг АТГ-ынхан үргэлжлүүлэн шалгаж байна. Тэднийг компанийн компанийн үйл ажиллагаанд шаардлагатай зарим техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдаж авахдаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж худалдан авалт хийсэн буюу 1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутган өнгөрсөн зургадугаар сараас АТГ-т шалгаж эхэлсэн билээ.
 
 
Н.Түмэндэмбэрэлийг батлан даалтад гаргасан
 
Албан тушаалаа ашиглан улсаас их хэмжээний мөнгө угаасан хэргээр саатуулагдаж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг өнгөрсөн баасан гаригт сулласан гэдгийг АТГ-аас албан ёсоор мэдэгдлээ.
 
Ингэхдээ түүний эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзсэн бөгөөд өмгөөлөгч, ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан байна. Энэ талаар АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат “Н.Түмэндэмбэрэлд холбогдох хэрэг манайд харьяаллын дагуу шилжиж ирсэн.
 
Улсын клиникийн зарим эмнэлгүүдэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг худалдаж авахдаа мөн худалдан авах худалдааны тухай хуулийг зөрчиж авсан гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа.
 
Тэрбээр цагдан хориотой байсан ч цаашид цагдан хорихгүйгээр мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж явуулах боломжтой байна гэж үзэж цагдан хорих таслан сэргийлэх ажиллагааг өөрчилсөн. Одоо гадуур шалгагдаж байна. Хэрэг эцэслээд яаж шийдэгдэх нь хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд шийдэх учраас урьдчилж хэлэх боломжгүй байна” гэв.
 
 
Дөрвөн хүнийг цагдан хорьжээ
 
“Хөтөлийн цемент шохой” компанийн удирлагуудтай холбоотой асуудал үүсээд сар гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд дээрх хугацаанд компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа зэрэг долоон хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээс дөрвийг нь цагдан хорьсон байна.
 
Харин тэдний учруулсан хохирол 38 орчим тэрбум төгрөг болоод байгаа бөгөөд компанийн удирдлагууд урьдаас үгсэн тохиролцож өөрсдөө аж ахуй нэгж байгуулаад үүсгэн байгуулсан аж ахуй нэгжээс тендер сонгон шалгаруулалтгүйгээр шууд бараа материал худалдаж авдаг байсан нь тогтоогдсон байна.
 
 
Ч.Гансүхийг АТГ шалгаж эхэллээ
 
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг АТГ-т шалгаж дуусгаад прокурорт танилцуулж, шүүхэд шилжүүлжээ. Улмаар хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Гансүх нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
 
Тиймээс хэргийг АТГ хүлээн авчээ. Шүүхийн шийдвэрээр зайлшгүй нэмж шалгах шаардлагатай гэж үзсэн асуудлуудыг нэмж шалгаад зохих журмынх нь дагуу холбогдох байгууллагад нь шилжүүлж шийдвэрлүүлдэг учиртай аж.
 
 
90 сая төгрөг залилсан нь тогтоогджээ
 
Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэг болон тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд банканд ажиллаж байх хугацаандаа урамшуулал хэмээн өөрсдийгөө шагнаж, 90 сая төгрөг залилсан нь мөрдөн байцаалтын үеэр тогтоогдсон байна. Харин дээрх хэрэг нь АТГ-т харьяалагдахгүй учраас харьяаллыг тогтоон хэргийг шилжүүлсэн байна.
 
 
Б.Ширнэн
 
Эх сурвалж: