sonin.mn
Иргэн О.Отгонтөгс төсвийн тендерийг гэр бүлээрээ авдаг албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар өглөө.
 
Энэ үеэрээ тэрээр: "МАН-ын эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд гэр бүлээрээ 5-6 жилийн хугацаанд яаж идэж, хөгжлийг уландаа гишгэдэг юм бэ? гэдгийг баримттайгаар нь АТГ-т өгч шалгуулах гэж байна. Сая хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан Орхон аймаг дахь 2 салаа бетон замыг санаж байгаа байх. Зөвхөн энэ замын тендер гэхэд 400 сая төгрөгийн өртөгтэй. Энэ замыг хийсэн компани нь энэ бол шийдлээ олсон яг зөв зам гэж байгаа юм. 2 бетон цутгаад энэ бол хөгжлийн түлхүүр юм гээд байна.
 
 
Тус замын ажлыг хийсэн компани нь Эрдэнэтэд насаараа дарга хийсэн, ТӨК-ийн захирал н.Цогтгэрэл гэж хүний компани. Эцсийн өмчлөгч нь том хүү Ц.Гантулга гэж хүн байна. Гэтэл н.Цогтгэрэлийн бага хүү нь Орхон аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, МАН-ын гишүүн.
 
 
2017 оноос хойш ийм ажил хийж байгаа юм байна. Аав нь ТӨК-ийн гүйцэтгэх захирал. Хүү нь МАН-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч. 2017 оноос хойш зөвхөн замын салбарт 28-30 тэрбум төгрөгийн ажил авчихсан байна. Зөвхөн 2023 онд гэхэд л 16 тендерт оролцоод 15-д нь шалгарсан байна. Ийм аймаар. Хоёр инженертэй энэ компани зөвхөн зуны улиралд 15 ажил хийж байна гээд төсөөл дөө. Энэ албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг биш үү?
 
Энэ нь 21 аймгийн зөвхөн нэг аймагт, нэг салбарт л гарч байгаа тендерийн хулгай гээд бод доо. 21 аймгийн МАН ингэж хулгай хийдэг үү? Сонгуулийн мөнгөө ингэж босгодог уу? гэх хардлага байна. Ийм аймар болчихсон. Гэр бүлээрээ ингэж тендер хулгайлдаг. Аав нь компанийхаа гүйцэтгэх захирал, том хүү нь эцсийн өмчлөгч, бага хүү нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч. 28-30 тэрбум төгрөгийн тендер улсаас авчихдаг. Энэ хулгай биш үү? Энэ дээрэм биш үү? Энэ чинь иргэдийн хөгжлийг хулгайлаад байгаа асуудал биш үү? гэж асуумаар байна.  " гэв.
 
 
М.Чойжал