sonin.mn
Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж олон иргэдийг залилсан гэх хэрэгт холбогдоод буй “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хохирогчдын төлөөлөл өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.
 
Тэд хэлэхдээ:
 
“Бид бол шуналын сэдлээрээ жигүүр хийгээд мананд төөрсөн болжморууд шиг хүмүүс биш ээ. “Бэлтэс Мөрөн” компани бол манай аймагт жил гаран үйл ажиллагаа явуулсан.
 
Тухайн үед уг компани Хөвсгөл аймагт хамгийн өндөр татвар төлж байна хэмээн татварын байгууллагаас үнэлэгдэж, тодорхойлогдож байсан. Мөн аймгийн цагдаагаас шалгаад үйл ажиллагааг нь хэвийн байна гэдэг мэдээллийг удаа дараа хийж байсан.
 
Ийм л байгууллагатай 2500 орчим иргэд гэрээ хийсэн. Үүний цаана ар гэр, үр хүүхэд, хань ижил гээд тооцхоор 25000 орчим хүний эрх ашиг энд яригдаад, өнгөрсөн жилийн 3 сараас хойш бүтэн жил шүүх, цагдаа болоод явж байна гэсэн үг. Гэвч одоог хүртэл дорвитой шийдвэр гарсан зүйлгүй байна.
 
Нийт хохирлын хэмжээ 46 орчим тэрбум төгрөг байна.
 
Тус компанид 2 тэрбум 600 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө байгаа. Үлдсэн хөрөнгө нь тодорхойгүй байна гэсэн мэдээлэл байна. Иргэд бид үүнд их сэтгэл дундуур энэ мэдээллийг хийж байна.
 
Шүүх, прокурор, цагдаад итгэх нийгмийн итгэл хангалтгүй байгаа. Нэг ноцтой юм нь бол эдгээр нөхдүүд хоорондоо хуйвалдчих вий гэж хохирогчид бүгд сэтгэл түгшүүртэй байгаа. Тэд өмгөөлөгчдөдөө өндөр дүнтэй төлбөр төлсөн байдаг.
 
Тэр өмгөөлөгч нар бол Хөвсгөл аймгийн залилуулсан 2500 иргэдийн мөнгөөр тэднийг өмгөөлж байгаа.
 
Энэ нь бидэнд ч мөн таатай биш байгаа.
 
Тиймээс хууль, шүүхийн байгууллага маань энэ бүхний цаад, далд эзнийг олж иргэд биднийг хохиролгүй болгож өгөөч ээ гэж хүсэж байна.
 
Монгол улсын гавьяат эдийн засагч Д.Бямбаа: 
 
“Бэлтэс Мөрөн”-тэй тэмцээд жил гаран боллоо. Энэ бол хуулийн хулгай, түүнийг нь хаацайлсан бүлэглэл, МАНАН мафи орон нутагт бий болчихсон байна.
 
Мөрөн сумын төв талбай дээр иргэд гэр бариад 5 дах хоног дээрээ иргэд тэмцэж байна. Эндээс 300 гаруй хүний гарын үсэгтэй шаардлага Ерөнхий сайдад аймгийн засаг дарга толгойтой, хариуцлагагүй ажилласан хүмүүсийг огцруул, арга хэмжээ ав гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. 
 
Шүүх бол шударга явах бололцоогүй боллоо гэдгийг ярьлаа шүү дээ. Үнэхээрийн тэнд Эрүүгийн хэрэг хариуцсан 3, 4 шүүгч байдаг. Бүгдээрээ ах дүү, хань хамсаатнаараа дамжуулаад мөнгө хийгээд өсгөөд авчихсан. Ашиг сонирхолын зөрчилд холбогдчихсон. Бид шүүх бололцоогүй гэдэг, бүгд гомдлоо гаргаад буцаасан.
 
Тэгэнгүүт нь Дээд шүүх хүчээр шүү гээд албадаж байна. Энэ бол бололцоогүй зүйл. Яагаад гэвэл шүүгчийн ёс суртахуунд болохгүй, тэд өөрсдөө эрсдэлд орно. Энэ асуудлаар улсын дээд шүүхэд шаардлага хүргүүлж байгаа. 
 
Өнгөрсөн 6, 9 сард төрийн гурван өндөрлөг, АТГ, мөрдөн байцаах газарт шаардлага өгсөн ч ёстой нохой сүүлээ сүүл нь хонгорцгоо гэдгийн жишгээр ийш, тийш нь шилжүүлсээр байгаад замхруулсан. Ямар ч хариу өгөөгүй, үхмэл байдалтай байна.
 
Хөвсгөлийн ард түмэн өнөөдөр гундуу, ядуу, гундуухан амьдарч байна. Ийм байдалд хүргэсэн нөхдүүд нь засаг дарга Ш.Идэрбаясгалан, Л.Төмөрбаатар нар.
 
Хөвсгөл аймаг жинхэнэ “5Ш” ажиллагаанд орж цэвэршихгүй бол энэ нутаг сүйрэх нь. Тиймээс би энэ нутгийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” гэв.
 
Ч.Бүргэд