сонин mn
Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хүний эрхийг илтэд зөрчсөн дээрх үйлдэл нь нийгмийн бухимдлыг төрүүлж, өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн Ерөнхий сайдын өрөөнд хүртэл яригдлаа.  Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ  пүрэв гаригийн орой бичлэгтэй холбоотой асуудлыг түргэн шуурхай шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн байна.  Улмаар ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтэс уг бичлэгийг шалгаж баасан гаригт олон нийтэд мэдээлсэн.
 
ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Олон нийтийн сүлжээнд иргэний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийн нэг минут таван секундын бичлэг цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг өгч, ажиллалаа. Бичлэгээр энэ үйлдэл тогтоогдож байгаа. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:01 цагт цагдаагийн байгууллагад ирсэн Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гэсэн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн эргүүлийн алба хаагчид очиж ажилласан. Ингэж ажиллахдаа цагдаагийн алба хаагчид тодорхой хэмжээний зөрчил үйлдэж иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үед иргэд, цагдаагийн алба хаагчид хоорондоо ярилцаж дээд шатны байгууллага, удирдлагад мэдэгдэж бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулсан байсан нь нийтэд ил болсон. Шалгах ажиллагаа дотоод албаны хүрээнд хийгдээд, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэмт хэргийн зөрчилтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар АТГ-т шилжүүлэх саналыг хүргүүлсэн.
 
 
 
Хуулийн хариуцлага хүлээх эцсийн шийдвэр шүүхийн шийдвэрээр гарах тул тэрийг хэлэх боломжгүй. Цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдож, ажил үүргээс нь чөлөөлсөн” гэв.
 
 
 
Мөн энэ бичлэгтэй холбоотойгоор салбарын сайд Х.Нямбаатар өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн.  Тэрбээр”Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” гэжээ.
Тэгвэл ийнхүү энэхүү бичлэг нь олон нийтийн анхаарлыг татахын зэрэгцээ улс төрийн хүрээнд ч нэлээд хөдөлгөөнд оруулж буй бололтой.  Баасан гаригт уг асуудлаар  МАН-ын удирдлагууд хуралдсан гэх мэдээлэл бий. Мөн бичлэг нь анхнаасаа улс төрийн зорилготой хэн нэгний албан тушаалыг  “онилсон” байх гэх яриа нь үнэний ортой байж болох юм.   “Цагдаагийн бичлэг” ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг онилов уу, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болдыг  уу.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин