sonin.mn
Нийслэлчүүдийн их хотын хөдөлгөөн, утаа униараас хэсэгхэн холддог үе бол амралтын өдөр. Энэ хоёр өдөр хүүхдүүдээ ууланд гулгуулах иргэдийн цуваа тасардаггүй. Мөн энэ эрэлтийг мэдэрсэн хуванцар чарганы бизнес ч өвөл цэцэглэж, амралтын өдрүүдээр ихээхэн гүйлгээтэй байдаг онцлогтой.
Эцэг, эхчүүд бид хүүхдээ хайрлаж байгаа нь гээд эрүүл мэндийг нь эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэж байна. Тодруулбал,сүүлийн үед хүүхдээ агаарт гаргаж, чаргаар гулгуулж байгаад гэмтэж бэртээх тохиолдол ихэсчээ. Харамсалтай нь, чаргаар гулгаж тоглосноосоо болж хүүхдүүд машинд мөргүүлж, хөл гараа хугалах, улмаар амь насаа алдах аюулд орж байна. Үүнээс гадна зарим хэнэггүй, хариуцлагагүй эцэг эхчүүд хүүхдээ чарганд суулгачихаад машинаараа чирээд явж байгаа ч харагдана. Тэд машиныхаа хортой утаагаар хүүхдээ утаад зогсохгүй, амь насанд нь заналхийлж байна гэхэд хилсдэхгүй. Энэ мэт бодлогогүй үйлдлээс болж хүүхдийнх нь амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүйг эцэг эхчүүд анхаарах ёстой юм.
Танхимаар хичээллэхгүй, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон энэ өдрүүдэд ГССҮТ-д хоногт дунджаар 10 хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтсэн шалтгаанаар тусламж авч байна. Жилийн жилд хүүхдүүд чаргаар гулгаж тоглохдоо эрүүл мэндээрээ хохирч байгаа нь эцэг эхийн хайхрамжгүй зангаас болдгийг ч эмч нар анхааруулсаар байдаг.
Хэрэв та хүүхдүүдээ гулгуулахаар уул руу авч яваа бол өөрийнхөө болон өрөөлийн хүүхдийн аюулгүй байдлыг бодож хүүхдийн гулгах замаас автомашинаа холдуулж, бусдын адил паркалж тавих хэрэгтэй. Таны эргэн тойронд хувиа хичээсэн хэнэггүй нэгэн таарвал нийтээрээ шаардлага тавьж, хотын соёлд суралцуулах нь чухал байна.
 
 
Г.Сүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин